Сонгуулийн жил хүний чанар танигддаг гэдэг хэлц сүүлийн үед гарсан нь үнэн ч юм шиг. Үнэхээр л албан тушаал, эрх мэдлийн өмнө хүн ямар жижигхэн бас өчүүхэн, үнэ цэнэгүй болдгийг сонгуулийн жилийн улс төр алган дээр тавьсан мэт харуулж байна.

Нэр дэвших эрхээ авахын тулд нэгнээ дэгээдэх, байдгаа барахаас авахуулаад хөшигний цаана увайгүй улс төр өчнөөн л өрнөв. Бүр сүүлдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэхээр халуун зунаар хүүхдийн баяртай давхцан өлсгөлөн зарлаж байх.

 

Амьдрал хэцүү учраас байгаа хоолоо хүүхдүүддээ өгчихөөд өөрөө өлсөж яваа эцэг эх хаа сайгүй байхад албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж яваа хүнийг харах хамгийн харамсалтай байдаг аж. Одоогоос дөрвөн жилийн өмнө шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуулиар ч мөн түүхээ давтав.

 

Өмнө нь хээл хахуулын хэргээр гурван шатны шүүх ял онооход шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй өлсч байсан тэрбээр энэ удаад цэвэр албан тушаалын төлөө сурч дадсан шантаажаа хийв. Түүний энэ удаагийн үйлдлийг шантааж гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Учир нь Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй учраас сонгуульд нэр дэвших боломжгүй гэж АТГ-ынхан үзэж байгаа. Сонгуульд өрсөлдөхөөр холбогдох материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж аваагүй.

 

Түүнчлэн СЕХ МАХН-ыг бүртгэх эсэх нь эргэлзээтэй байгаа учрaac дөрөв хоног нойтон өлсгөлөн зарласны эцэст даваа гаригийн орой өлсгөлөнгөө зогсоов. Мэдээж энэ нь тэдний өлсгөлөн “үр дүн”-гээ өгснийх. Өөрөөр хэлбэл, өлсгөлөн зарласан Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарыг нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзээд байсан. Н. Энхбаярын хувьд ялтай хугацаа дуусаагүй.

 

Хэдийгээр Өршөөлийн хуульд хамрагдсан ч тус хуулийн хэрэгжих хугацаа ирэх есдүгээр сараас эхлэх юм. Харин Э.Эрдэнэжамъянгийн хувьд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу дур мэдэн захидал бичсэн учраас төрд ажиллах, тэр дундаа улс төрийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болоод буй.

 

Ийнхүү дарга болон дэд даргыг нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн учраас МАХН УИХ-д нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлээгүй байсан юм. Мөн тэд нэр дэвшигчдээ тодруулахдаа хуулийн хугацаандаа багтаагүй гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Нэр дэвшүүлэх жур-мын 129 дүгээр зүйлд “Нам, эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан байдаг.Энэ нь товчхондоо 23-27 ны хооронд нэр дэвшигчдээ тодруулж дуусгах ёстой гэсэн үг.

 

Гэтэл МАХН-ынхан энэ сарын 28-ны шөнө 04.00 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан гэх мэдээлэл бий. Үндсэндээ хуулийн хугацаа буюу 27-ноос хойш нэр дэвшүүлэх процессыг эцэслэсэн болж таарч байгаа. Хэрвээ МАХН-ынхан ийнхүү хуулийн хугацаандаа амжаагүй бол СЕХ тус намынхны материалыг хүлээж авахгүй байх учиртай. МАХН-ынхан ингэж хууль зөрчсөн төдийгүй намынх дарга болон дэд дарга нь асуудалтай байгаа ч албан тушаалын төлөөх тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлж байгааг дуусашгүй их шунал гэхээс юу гэх билээ. Монгол Услын төрд байж болох бүхий л том албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаяр уг нь хуулийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

 

 

Гэсэн ч тэрбээр энэ удаад бохир улс төр хийж, нэр дэвших ажиллагаа нь бүтэлгүйгээд ирэхийн цагт, “Шударга сонгууль, ард түмний эрх ашиг” ярьсаар өлсгөлөн зарлаж байх жишээний. Мэдээж энэ бол өөрийгөө цэвэр харагдуулж, өрөөлөөр өрөвдүүлэх гэсэн хуучин тактик. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жилд МАХН МҮАН-ын жижигхэн эвсэл засагт сайдтай, УИХ-д гишүүнтэй явсан нь Н.Энхбаярын гавьяа гэвэл үнэнээс зөрөхгүй.

 

Ийнхүү өнгөрсөн парламентад олсон “амжилт”-аа башир аргаар ахиулах гэсэн Н.Энхбаярын улс төр үндсэндээ уналтад орж эхэллээ. Монгол Ардын намтай эвсэхээр хэсэг ярьж, наана цаана болсон ч “урт” шар дээлтийнх” нь шуналаас болоод бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Ардын нам угшил нэгт, МАХН-тай эвсэхээр их л зүтгэл гаргасан ч Н.Энхбаярын хэт их хүсэл энэ яриа хэлэлцээрийг цэглэж орхисон. Ийнхүү улс төрийн ууган хүчинтэй эвсэх боломжоо алдсан Н.Энхбаяр өлсгөлөн зарлан, амиараа дэнчин тавьдаг хуучин улс төрөө сонгов.

 

Тэд хуулийнхныг эсэргүүцэн, арав хоногийн хугацаатай нойтон өлсгөлөн зарласан ч хоёр хоноод өлсгөлөнгөө зогсоосон юм. Учир нь, Н.Энхбаяр өчигдөр орой /уржигдар/ МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өгчээ. Гэхдээ тэд үүнийгээ түр хугацаанд хэмээн тодотгосон. Учир нь, СЕХ МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэсэн ч энэ сарын 7-нд батламж гардуулах эсэхийг харах гэнэ. Өөрөөр хэлбэл, СЕХ хэдий тэдний нэр дэвшүүлэхтэй холбоотой баримт материалыг хүлээн авсан ч ирэх сарын 7-нд батламж гардуулах эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ тэдэнд СЕХ батламж гардуулахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгийг албан ёсоор илэрхийллээ. Нэг үгээр, МАХН-ынхан өлсгөлөн зарлахад хэзээд бэлэн явдаг бололтой.

 

Гэхдээ тэдний өлсгөлөнгөө зогсоосон нь үүнээс өөр хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас МАХН-ынхныг өлсгөлөнгийнхөө хажуугаар жагсаал хийх нь хууль зөрчиж байгааг , сануулсан байна. Тэд өлсгөлөнгийнхөө хажуугаар элдэв уриа лоозон барин, цагаан хоолойгоор ярьж жагсаал цуглаанаас дутахааргүй үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэд анх өлсгөлөн зарлах зөвшөөрөл авсан болохоос жагсаал цуглаан хийнэ гэдгээ хэлээгүй байна. Түүнчлэн МАХН-ынхны өлсгөлөн зарласан Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийнхэн Хүүхдийн баяраа тэмдэглэх учраас суллаж өгөхийг хүссэн байна. Мөн МАХН-ын гишүүд дэмжигчид өлсгөлөн зарлах нь тийм ч оновчтой хувилбар биш гэдгийг сануулсан байна. Энэ мэт шалтгаанаас үүдэлтэйгээр Н.Энхбаяр ба түүний нөхөд өлсгөлөнгөө зогсоолоо.

 

Тэдний энэ бүх үйлдлийг харахад албан тушаал ямар их үнэтэй болсныг бэлхнээ харж болно. Үнэхээр улс эх орны амин эрх ашгийн төлөө өлсгөлөн зарласан бол яахав. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн сонгуульд нэр дэвших эрхээ авахын төлөө ийнхүү амь биеэ үл хайрлан тэмцэж байгааг харах эмгэнэлтэй санагдав.

 

УИХ-д нэр дэвших, улмаар шаргал ордонд орж суух нь ямар чухлыг Н.Энхбаяр тэргүүтний хоёр дахь удаагийн өлсгөлөнгөөс бэлхнээ харж болно. Үнэндээ Н.Энх-баярын хувьд энэ удаад амь дүйж өлсөв. Учир нь тэрбээр удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учраас биеийнх нь байдал маш их дордож, комд хүртэл орсон удаатай. Энэ бол үхэлтэй нүүр тулснаас ялгаагүй нөхцөл үүссэн гэсэн үг. Өдгөө ч тэрбээр БНСУ руу явж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсээр байгаа. Ийнхүү бүрэн дүүрэн эдгээгүй атлаа дахиад өлсгөлөн зарлахаар юу болох нь ойлгомжтой. Бие нь улам л дор орно. Гэтэл амь дүйсэн алхам хийж, дахиад л өлсгөлөн зарлах нь албан тушаал, эрх мэдэлд ямар их хайртай хүн бэ гэдгийг нь харуулаад өгч байгаа юм.

 

Гэсэн атлаа ард түмний төлөө гэж хоосон амлах нь худпаа сонстож байгааг хэн нэгэн хэлээд өгөөсэй гэж бодмоор. Ямартай ч УИХ-ын энэ удаагийн,сонсуульд оролцох нь, өлсөж ядарч өвдөж зовсноо тоочиж байгаад иргэдийн итгэл хүлээх нь, улмаар төрд шургалах нь түүнд аминаас нь ч илүү чухал байгаа нь харамсалтай.

 

М.Өнөржаргал