Д.Дэмбэрэл гишүүн парламент дахь “Наймаа”-г илчлэв
2013/02/24
Парламентад зөвшилцөл байхаас биш тохиролцоо, “наймаа” байдаггүй гэж ярьдаг. Гэвч энэ нь худал болохыг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Манай намын удирдлага болон АН-ын удирдлага хоорондоо ярилцаад “Шүүхээр явж байгаа эх захгүй маргаанаа дуусгавар болгоё.
Парламентаа бүрдүүлье. Олонхийн санал авсан хүмүүсээ оруулъя” хэмээн тохирсон юм билээ” гэж ярьснаараа нотолж орхив. Энэ бол Өвөрхангайн тойргийн хоёр гишүүнийг тохиролцсон тухай юм. Ардын намынхан Г.Батхүүг хүлээн зөвшөөрч, гишүүнийх нь тангаргыг өргүүлсэн. Харин одоо Ардчилсан намынхан тохиролцооны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үлдээд байгаа аж. Учир нь тэд Ардын намаас нэр дэвшсэн С.Чинзоригийг парламентад оруулах ёстой юм. Ардын намын бүлгийн хуралдаан дээр энэ асуудлыг дээр бичсэнчлэн тохиролцож чадсан гэдгийг нотлох протокол ч байгаа юм билээ. Тэгэхээр тохиролцооны парламент байгааг Өвөрхангайн тойргийн маргаанаас харж болох нь. Гэтэл Ардын намын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй удирдлагууд нь шүүхийн дагуу шийдвэрлэгдэж байна, тохиролцоо байхгүй гэж байсан удаатай. Энэ бүгдийг нь УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл үгүйсгэлээ. Магадгүй Ардчилсан намынхан тохиролцооноос буцаж С.Чинзоригийг бус Д.Зоригтыгоо оруулахыг хичээх болсонтой нь холбон ойлгож болох юм. Гэвч ард түмний сонголтын үр дүнд гарах ёстой хүн нь гарч байгаа эсэхийг ч мэдэхгүй, тохиролцоо нэрийн дор маргаантай байгаа тойргийн гишүүд орж ирэх нь. Өвөрхангайчууд чухам хэнд саналаа өгсөн нь ч тодорхойгүй. Шүүхийн шийдвэр үнэн зөвөөр гарч байгааг ч хэлж мэдэхгүй. Ийм байдлыг парламент дахь бүлгийн гишүүд тохиролцооны үндсэн дээр бий болголоо. Үүнээс өөр ямар асуудалд тохиролцоо хийсэн бэ, Д.Дэмбэрэл гишүүн ээ. Та л энэ “наймаа”-г илчилснээрээ үнэнийг хэлж мэдэхээр байна.
Бусад гишүүд үүнийг үгүйсгэхийн хажуугаар тохиролцоогоо биелүүлээгүй нөгөө намынхандаа гоморхож суух юм. Ардын намын гишүүд эрх барихдаа сөрөг хүчин болох Ардчилсан намынхантай зөвшилцөхгүй бол ажил урагшилдаггүй гэх нь бий. Хэлэлцэх асуудал, зөвшилцөх зүйл байвал заавал хэлж, үүнийхээ дараа харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхгүй бол Ардчилсан намынхан бойкотолдог байсан. Ингэсний үр дүнд парламент урагшилдаг байлаа гэж ярьдаг. Харин одоо парламентын үйл ажиллагаа, намын бүлгүүдийн ойлголцол дутмаг байгаа нь улстөрчдийн хоорондоо тохиролцож чадахгүй байгаатай холбоотой болов уу.
Өвөрхангайчуудын сонголтыг улстөрчид хийлээ. Ардын намаас нэр дэвшсэн С.Чинзориг шүүхээр асуудлаа шийдвэрлэхийг оролдсон боловч талаар өнгөрлөө. Гэхдээ түүнд давж заалдах боломж бий. Гэсэн хэдий ч С.Чинзоригийн тухайд парламентад суух найдлага тун бага үлдсэн. Харин түүний оронд орж ирэх хүн бол Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Зоригт. Тэрбээр гишүүнийхээ тангаргыг өргөхөөр болбол ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хүлээнэ. Мэдээж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тангараг өргөх эсэх асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах учиртай.
Ц.Энхцэцэг