Засгийн газар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмжийг 21 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан билээ. Гэсэн хэдий ч улсын төсөвт энэ нэмэгдлийг суутгаагүй учир эх үүсвэрийг хаанаас яаж шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Мөн үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд даруй олгох Ерөнхий сайдын үүрэг ч бас биелэх боломжгүй болоод буй юм. Зүй нь НӨАТ-ын мөнгийг улирал тутам олгох, 2016 оны буцаан олголтын 20 хувьд ногдох мөнгийг дөрөвдүгээр сард багтааж иргэдэд олгох ёстой. Гэвч энэ мөнгө улсын төсөвт байхгүй .
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүргийг биелүүлж, НӨАТ-ын буцаан олголт хийхэд ойролцоогоор 5.8 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийгээ шийдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийлгэхээр төслийн санал өргөн барьсан ч УИХ-ын чуулган завсарлачихсан тул уг асуудал бүрэн зогсоод байна. Ийнхүү мөнгө олгох шийдвэр, тогтоол гарч буй ч үүнийг нь хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Монголд байхгүй байх явдал түгээмэл боллоо.
П.Мандах