"Академи авардс"-ын эзэд өнөөдөр тодорно
2016/06/04
Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.
Энэ бүх ололт амжилтыг дүгнэх нэгэн томоохон наадмыг "Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-аас санаачлан 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь "Академи авардс" юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам "Их тэнгэр цогцолбор"-т өнөөдөр болох ба кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.
Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг", "Тоглож болохгүй нас", "Lovers" зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба "Академи авардс"-ын шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Ийнхүү Монгол кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлийг гаргах зорилготой "Академи авардс" маргааш буюу энэ сарын 4-ны өдөр буюу өнөөдөр Монгол кино урлагийн шилдгүүдийг уламжлал ёсоор тодруулах юм байна.