Энэ оюутнууд яагаад байна аа

Зайсан толгой, Дамбадаржаа “Битлз”-ийн хөшөө, III хороолол гээд нийт долоон цэгт оюутнууд хамтдаа Гамлетийн монологийг өндөр дуугаар уншихад хүмүүс гайхан харна. Хийх юмгүй сэлгүүцэж яваа хүмүүс бүр илүү харж, “Эд нар одоо яагаад байгаа юм бол” гэх шиг цоо ширтэнэ. Хүүхдүүд шоолонгуй нүдээр сонжино. Гамлетын монолог гэхээр энэ жүжгийн талаар мэддэг хүмүүс юу байдгийг ойлгоно.

Харин мэдэхгүй нэгэнд нь тайлбарлахад энэ нь У.Шекспирийн “Гамлет” жүжгийн гол дүр Гамлетын хэлдэг үг юм. Ганцаараа нэлээд хэсэг хугацаанд бухимдангуйгаар үглэн хэлдэг хэсэг бөгөөд энэ монолог дэлхий дахинаа алдаршсан. Олон улс үндэстэн өөрийн хэлнээ орчуулан судалж, жүжгийг бүхэлд нь тоглосоор ирсэн. Монголд ч бас тавьсан. Аль XVI зууны үеийн зохиол, жүжиг ч гэлээ нийгмийн байдлыг шүүмжилж үнэнийг өчсөн бүтээл учир “асуудалтай” аль ч нийгэмд үнэ цэнтэй байдаг. Тийм ч учраас энэ жүжиг алдартай, сонгодог, хэзээд үнэн мөний дуулал болсоор ирсэн.

У.Шекспир амьдарч буй нийг­мээ шүүмжлэх гэж “Гамлет”-аа бичсэн. Түүний бодож гаргаж ирсэн дүр залуу Гамлет эх орноосоо хол байж байгаад эргэж ирэхэд төрөлх Англи орон нь хүн тогтохын аргагүй бузар булай, бурангуй явдлаар дүүрэн, шударга ёс алдагдаж, эрх чөлөө үгүйлэгдсэн улс болсон байсанд бухимдан шүүмжилж үгээ хэлж байгаагаар үйл явдлыг өрнүүлсэн. У.Шекспир хэлье гэсэн болгоноо Гамлетаар дамжуулж чадсан.

Гамлет бухимдангуйгаар “Байх уу, байхгүй юу. Байх л шүү дээ. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, бусдын үгээр бусдад таалагдаж хулчийж явснаас байсан шиг байж, үгээ хэлж, үнэнийг илчилж зоригтой явсан нь илүү дээр шүү дээ. Байх уу, эсвэл байхгүй юу. Одоо энд тавих асуулт бол тайван даруу хүн болох гэж явах уу, уур хилэнгээр нүүрлэж өөдөөс минь чиглэсэн тэр л олон хурц сум чичлүүрүүдийг тэвчээд л явах уу, аль эсвэл энэ л олон болж бүтэхгүй худал хуурамчийн эсрэг зэвсэглэн эсэргүүцлээ илэрхийлж төгсгөл болох уу…” гэх зэргээр хэлж, цааш үргэлжлүүлнэ. …Хэн энэ амьдралын доромжлол, хорслыг хүсэх билээ. Эрх мэдлээр далайлгах, хүнийг бахархалтайгаар дарамтлах, худлаа хайр энэрэл, хууль шүүхийн байж байгааг хараач, албан тушаалаараа далайлгахыг нь ажиглаач, Амьдралын эцэст энгэртээ ганц одонтой л хоцрох гэж үү… гэх зэргээр үргэлжлүүлнэ.

Оюутнууд ийн олуулаа хамт уншихад хүмүүс гайхна. Зөрсөн нэг нь эргэж харна. Оюутнуудын зарим нь монологийг цээжээр ийн уншиж байхад зарим нь монологийг хүмүүст цаасан дээр бичсэн байдлаар үзүүлж, өөрсдөөр нь уншуулж, тайлбарлаж өгч байлаа. Ингэж тайлбарлахад хүмүүс нэг их гайхаад байхгүй, найрсгаар хүлээж авч, хүүхдүүд юу хийж явааг ойлгоно.

Гэхдээ уншиж байгаа залуусыг харсан, сонссон хүмүүс ч учрыг нь олж байсан юм. Монгол-Германы уран бүтээлчдийн хамтран Улаанбаатарт хэрэгжүүлж буй “Урбан номадс” төслийн хүрээн дэх “Би бол Гамлет”дэд төслийн явц болоод зорилго энэ.

СУИС-ийн жүжигчний ангийн нэгдүгээр курсийн оюутнуудыг хэдэн өдөр ийн Гамлетийн монолог уншуулж гудамжаар явуулсны дүнд олон нийтэд хамгийн хурдан хугацаанд Гамлет, Шекспир гэж хэн юм, яагаад энэ зохиолыг бичиж, жүжиг болгож тавьсан юм, тэртээ дундад зууны үеийн бүтээлийг одоо яагаад тоглоод байдаг юм, учир агуулга, зорилго нь юу юм гэх зэргийг ойлгуулж чадав.

“Урбан номадс”-ыг сая л мэдэрлээ

Монолог уншсан оюутнууд сэтгэл хангалуун байлаа. Тэд түр хугацаанд ч гэсэн Гамлет болж, дүрдээ орж, уншиж буйдаа итгэж, улмаар өөрсдийн амьдран буй нийгмээ таньж, болж байгаа үгүйг ялгаж салгаж байна гээд баяртай байсан.

Төслийн хаалтын арга хэмжээ Залуучуудын холбооны байранд болсон юм. Элдэв гоёл, илүү дутуу хээнцэрлэл, дуу хуур тэнд огт байсангүй. Өнөөх оюутнууд мөн л монологоо уншиж, хэдэн өдрийн турш гудамжаар хэрхэн явж хүмүүст Гамлетын хэлснээр нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар ойлгуулж амьдран буй нийгмээ шинжээч, бухимдал, гуниг байна уу, өөрсдийнхөөр байж, амьдарч чадаж байна уу, үгээ чөлөөтэй хэлж чадаж байна уу, хүссэн ажлаа хийж, тохирсон цалингаа авч сэтгэл хангалуун амьдарч чадаж байна уу, үгүй юу гэдэг талаар ярилцсанаа дүрсжүүлж баримтжуулснаа цугласан хүмүүст үзүүлсэн юм.

Энэ үеэр оюутнуудаас гудамжаар монолог уншаад явж байхад хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт гайхаж хараад, эсвэл шоолж эгдүүцэхэд ямар хариу арга хэмжээ авсан талаар асуусан юм. Тэгэхэд “Бид Гамлетын талаар л тайлбарласан. Хүмүүсийн элдэв янзын хариу үйлдэл үндсэндээ бидний зорилго байсан юм. Тэд одоо Гамлет гэж хэн, юу болохыг сайн ойлгосон. Одоо тэр хүмүүс өөрсдийгөө бидний оронд тавиад өөрөө өөрөөсөө энэ бүх асуултыг асууж байгаа байх” гэж байлаа. Үнэнийг хэлэхэд яг энэ мөчид л “Урбан номадс” төслийн зорилгыг мэдэрсэн юм. Монгол-Германы уран бүтээлчид урлагаар дамжуулж нийгмийн асуудлыг хөндөнө гээд байсан нь энэ аж.

Аргалдаг, зальддаг, хулхиддаг, бЯлдууЧилдаг…

Энэхүү төсөл цаг хугацаа, орон зайг туулан, олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд хэрэгжиж байна. Аливаад эхлэл бий. “Би бол Гамлет” төслийг хоёр хүний санаачилгаар эхлүүлсэн гэж “Урбан номадс” төслийн олон нийттэй харилцах ажлыг эрхэлж буй “Тод артс” агентлагийн захирал Б.Сэргэлэн хэлсэн юм. Тэдний нэг нь хэвлэлийн “Адмон” компанийн захирал Р.Энхбат, нөгөө нь философич С.Молор-Эрдэнэ. Р.Энхбатаас Монголд ийм төсөл яагаад хэрэг болсныг асуухад ийн хариуллаа.

-Үр дүн гэхээр нүдэнд харагдахаар юм хүмүүс шаарддаг л даа. Бид Монгол Улс олон Гамлеттай болоосой гэж хүсч байгаа юм. Өөрийгөө, нийгмээ ойлгодог, үгээ чөлөөтэй хэлдэг, үнэнийг хэлэхээс эмээдэггүй, болохгүйг шүүмжилж, болж буйг дэмждэг, үйл ажиллагаа, амьдрал нь энэ үзэл бодол нь суурилсан үнэнч шударга, зоригтой хүн олон байгаасай гэж хүсч байгаа юм. Ийм хүмүүс бол Гамлетууд.

Зохиолын, жүжгийн баатрын нэр барьж ийм арга хэмжээ зохион байгуулах юм гэж харж, дутуу үнэлэх хүмүүс гарч ирэх л байх. Гэхдээ зөвхөн манайд биш, дэлхийн олон оронд нийгмийн тухай ярилцах, асуудал хөндөх, шүүмжлэх гэхдээ энэ жүжгийг тавьдаг. Тийм болохоор “Гамлет” жүжгийн үзэл санааг аль болох олон хүн ойлгож байвал нийгмээ илүү танина. Асуудалд мэдлэг, боловсролтойгоор хандана гэж бодож байгаа юм. “Гамлет”-д хүний байх, байхгүйн тухай ярьдаг. Хүн байх юм бол байсан шиг байя, түүнээс биш өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдыг аялдан дагалдсан бялдуучлагчид байж, өөрийгөө бусдаар мэдүүлж, жолоогоо алдаж, цаг хугацааны боол болж бүү амьдраач гэсэн санаа дэвшүүлж байгаа хэрэг.

Энэ сэдвийг нийгэмд хэдий чинээ дэлгэж тавина, тэр хэмжээгээр хүмүүс анзаарч бодох байх, хүн шиг хүн байх тухай бодох байх л гэж ийм төсөл хэрэгжүүлэхсэн гэж санаачилсан.

Монголынхоо драмын театртай хамтарч хийе гэж санал тавьсан, гуйсан. Үл тоосон. Харин монгол, гадаад хүмүүс олзуурхан хүлээж авч дэмжин бүхэл бүтэн ажил болголоо. Сайхан юм. Оюун санааны өндөр хөгжилтэй орны хүмүүс энэ ажлыг Монголд хамт хийлцэж байгаад баяртай байна.Нийгэмд хүргэх гэсэн мессежээ хүргэлээ. Олон нийт хүлээж авах биз ээ. Үгүй байсан ч гомдох юм алга.

Хийе гэснээ хүмүүстэй хамтарч хийлээ. Монголд өдөр тутмын амьдрал материаллаг эрэлт хэрэгцээнээс маш их хамаардаг болсон байна. Материаллаг хэрэгцээгээ хангах, хангасан хэсэг нь илүү ихийг олох, маш их мөнгөтэй болох гэсэн нийгмийн уралдаан болж байна шүү дээ. Уг нь бололцоотой болсон нь нийгмийг сайн сайхан болгодог, нийгмийг эмчилдэг урлаг, оюун санааны амьдралыг бий болгоход оролцох ёстой юм.

Энэ нь тэдний нийгмийн үүрэг. Хүнд их мөнгө хэрэг байхгүй. Тийм их мөнгө үлдээгээд бас дэмий. Тэртэй тэргүй хойч үе нь өөрөө өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг босгоод явах учиртай. Түүнээс биш хүний мөнгөн дээр тийчилж байх шаардлагагүй. Тиймээс миний бодлоор мөнгө хөрөнгөтэй болсон хүмүүс энэ нийгмээ сайн сайхан болгохын төлөө хэлбийж ажилламаар байгаа юм.

Магадгүй ийм хэрэгцээ байгаад байгаа юм гэдгийг тэд харахгүй байж болох юм. Өдөр шөнөгүй мөнгө олохын төлөө зүтгэж байгаа юм болов уу, дээгүүрээ. Доогуураа болохоор өдөр тутмынхаа амьдралыг болгочих гээд л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явна. Ийм л амьдрал байна.

Энэ нөхцөлд “Би бол Гамлет” төсөл хүмүүст өдөр тутмын хэрэгцээ гэж харагдахгүй байж болох юм. Хэдэн хүн тэгж л байна биз гэсэн нүдээр харж байж болох юм. Гэсэн ч хүнийг, нийгмийг сайн сайхан болгодог зүйл бол мөнгө биш, материаллаг зүйл биш, харин оюун санааны баялаг юм гэдгийг ойлгуулах чиглэлд санаснаа хийсээр байх болно. Төрөөс төдийлөн анхаарахгүй юм. Нурж унасан цагт нь сэхээ авах юм болов уу. Ямар ч байсан миний хувьд хийе гэснээ хийсээр байх болно, сүүлд нь харамсахгүй байхын тулд.

Нийгмийн идэвхтэй, шударга байх, хулчгар биш, долгинуур, бялдууч биш байх, зохицдог, аргалдаг, сэргэлэнтдэг, зальд­даг, хулхиддаг, намчирхдаг, өөрөөр хэлбэл монгол хүний өнөөдрийн дүр зураг тэр Гамлетын асуугаад байгаа “Байх уу, байхгүй юу” гэдгийн хоёр дахь асуултын хариу болоод байгаа юм. Хүн юм бол байсан шиг байж чадахгүй, харин байхгүй юм шиг арчаагүй амьдралаар өдөр хоногийг аргацааж байна аа л гэсэн үг. Нийгэмд ийн сэтгэлгээ гүн бугшаад байхад ямар нэг байдлаар илрүүлэх, гаргаж тавих, сэрэх, сэрээх шаардлага байгаад байгаа биз дээ. Ийм л учраас энэ төслийг энэ олон хүн хэрэгжүүлж байгаа юм.

Р.Оюунжаргал