Өнгө, хэлбэрийг өөрчлөх гэж мөнгө үрэх хэрэг байна уу
2016/06/06
Манай улс АСЕМ-д хэрэндээ бэлтгэж буй. Гэхдээ бас арай ч дээ гэмээр зүйлүүдэд мөнгө үрж байна уу даа. Нийтдээ 13 гудамж талбайг засварлах юм.
Ингэхдээ замын хавтангийн өнгө л солигдож байна. Тэрнээс чанар бол харагдахгүй байна. Жилийн жилд зам засварын ажил нэрээр мод, зүлгийг байхгүй болгочихдог зантай улс. Энэ жил ч энэ түүхээ давтав.
Гудамж төслийн хүрээнд нэлээдгүй газрын замыг засварлаж, дөрвөн замын уулзвар болгосон. Хотын түгжрэлийг багасгана хэмээн үзэж ийнхүү олон замыг уулзвартай болгосон. Тухайлбал, 4 замаас дээш өгсөж хорооллын ахуйн үйлчилгээ рүү эргэдэг тойрог дээр буюу Гандангаас хороолол руу орох уулзварт иргэд нарлах жижигхэн цэцэрлэгт хүрээлэн байсан. Гэвч зам засах нэрээр түүнийг сүйтгэчихсэн юм. Саяханы нэг өдөр зам барихдаа модыг хамтад нь асфальдсан. Үүнийг нь харсан олон нийтийн шүүмжлэл хүлээж, засахыг олон нийт шаардаж эхэлсэн юм. Тухайлбал, явган зам болон дугуйн зам дээр таарсан моднуудыг тойруулж хашлага тавих, тогоо үүсгэж хар шороо цацах зэргээр ургалтын байдлыг хэвийн байлгах арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ.
Энэ ажил нь Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдож хийгдэж буй аж. Уг ажлын хүрээнд одоо байгаа 9 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын хоёр талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, дөрвөн эгнээ бүхий авто зам болгох юм. Гэтэл явган хүний зам тавих гэж сул шороо асгааад л саарал хавтангаа улаан өнгийн хавтангаар сольж суулгаж буй нэлээдгүй хэдэн гудамж, талбай байна.
Явган хүний замыг өнгийн хувиргах гэж засах гэж мөнгө төсөвлөж байх ч гэж дээ. Мөн хэлбэрийг нь өөрчлөх гэж дордуулчихсан ч явдал гарсан.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Бага тойруу буюу МУИС-ийн хичээлийн V байрны өмнөх талбайг тохижуулсан. Энэ удаад далангийн хажуу талыг шорооны нуралтаас хамгаалах хананд байрлуулах зориулалт бүхий эко хавтангаар явган хүний зам тавьчихсан байгаа юм. Тэр замаар нь өндөр өсгийттэй бүсгүйчүүд битгий хэл намхан гуталтай хүн явахад ч бэрх. Нүх рүү нь гутлын өсгийгээ оруулчихгүй нь тулд алхааны авьяасаа гаргана. Их удаан доош харж явахаар нүд эрээчилнэ. Хүүхэд, ахмад настангууд энэ замаар явна гэж ярилтгүй юм болсон. Хараагүй хүнд зориулсан замын хавтангаар хээ гаргаж урладаг стандарт мэддэггүй замын компанийн буруу юу, ажилчдынх уу. Энэ мэтчлэн замыг засах нэрээр жил болгон улсын мөнгөнөөс идсээр байна.