Налайх дүүргийн нэгдүгээр хороо, "Эрүүл мэндийн нэгдэл"-ийн хүлээн авах тасагт нас барсан хүүхэд хүргэгдэн ирсэн байна. Тухайн хүүхэд машины цонхоор унаж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн учир шалтгааныг тодруулан ажиллажээ. Тус хороонд оршин суух, 36 настай, эрэгтэй Б гэх иргэн "Hyundai Porter" автомашиндаа гуравхан настай охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.

Энэ мэт бага насны хүүхдийг хараа хяналтгүй машиндаа цоожилж хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм.

Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж удаан хугацаагаар орхиж явахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Дуулим

zuvsongolt.mn