"Rio 2016" оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студи хамтран "Бид эх оронтойгоо хамт" хэмээх тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээсэн юм.

"Бид эх оронтойгоо хамт" тамирчдын сүлд дууны шүлгийг МУСТА А.Эрдэнэ-Очир, аялгууг МУСТА Ц.Эрдэнэбат туурвисан бол хөгжмийн найруулгыг "Анир" студи, видео клипийг "Face" студын хамт олон бүтээж, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуус амилуулсан бөгөөд өнөөдөр тус уран бүтээлийн албан ёсны нээлтийг ийнхүү хийлээ.

Олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд тус уран бүтээлийг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-гаар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулна.

Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцох тамирчдаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор уран бүтээлийн аян ийнхүү албан ёсоор нээлтээ хийж байна.

www.Urlag.mn