Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үздэг. Мэдүүлгүүдэд дүн шинжилгээ хийхэд төрийн албаны тухай хууль нэн шаардлагатай байгаа нь батлагдаж байна.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийтдээ 10,036 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан. 3373 хүн ажил албаа сэлгэн шилжсэн, 2758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон, 1210 төрийн албан хаагчийн эрхэлж буй албаны чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 1100 хүн төрийн албанд шинээр томилогдсон байх юм.

2015.01.01-ээс 2016.04.26 хүртэл /АТГ/

Нийт шилжилт хөдөлгөөн 10,036 мэдүүлэг

Ажил албаа сэлгэн шилжсэн 3373 хүн

Албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон 2758 хүн

Чиг үүрэг өөрчлөгдсөн 1210 хүн

Төрийн албанд шинээр томилогдсон 1100 хүн

Хугацаагаар нь ангилж үзвэл. 2015 оны 1 дүгээр сард 996 мэдүүлэг АТГ-т ирсэн нь хамгийн олон байна. Энэ нь Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараах үе. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Зам, тээврийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад томилогдох этгээдүүдийн мэдүүлгийн тоо харьцангуй олон байжээ.

2015 оны 6 дугаар сард АТГ-аар хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай байсан. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар 2015 оны 5 дугаар сард томилогдсоны дараах цаг үетэй холбогдож байгаа.

2015 оны 06 сар АТГ-т ирсэн мэдүүлэг

Нийт 821 мэдүүлэг

ЦЕГ-т хамааралтай 269 мэдүүлэг

2016 оны 3 дугаар сард АТГ 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан. Эдгээрийн ихэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. 2016 оны эхний сард гааль, татвар, улсын бүртгэл, статистик зэрэг төрийн байгууллагыг нэгтгэн зохион байгуулсантай үүнийг холбон ойлгож болно.

Ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалаар нь авч үзвэл мэргэжилтэн 1117, хэлтсийн дарга 727, улсын байцаагч 562, албаны дарга 557, газрын дарга 417, ахлах мэргэжилтэн 356, ТУЗ-ийн гишүүн 292, тасгийн дарга 219, цагдаагийн байгууллагад 199, цэцэрлэгийн эрхлэгч 181, нягтлан бодогч 162, ерөнхий нягтлан бодогч 121, шүүгчийн туслах 109, сургуулийн захирал 107, хянан шалгагч 107 мэдүүлэг байжээ. Өөрөөр хэлбэл 4 хүн тутмын 1 нь даргын албан тушаалд томилогдохоор мэдүүлгээ ирүүлжээ

Албан тушаалын ангилал

Мэргэжилтэн 1117 хүн

Хэлтсийн дарга 727 хүн

Улсын байцаагч 562 хүн

Албаны дарга 557 хүн

Газрын дарга 417 хүн

Ахлах мэргэжилтэн 356 хүн

ТУЗ-ийн гишүүн 292 хүн

Тасгийн дарга 219 хүн

Цагдаагийн байгууллагад 199 хүн

Цэцэрлэгийн эрхлэгч 181 хүн

Нягтлан бодогч 162 хүн

Ерөнхий нягтлан бодогч 121 хүн

Шүүгчийн туслах 109 хүн

Сургуулийн захирал 107 хүн

Хянан шалгагч 107 хүн тус тус байна. Энэхүү тоон судалгаанаас уншигч та бүхэн өөрийнхөө үнэлэлт, дүгнэлтийг өгнө биз ээ.

А.Баярмаа