Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-т “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. 

Энэ дагуу жил бүр иргэд орон сууц худалдан авахад зарцуулсан 30 сая хүртэлх төгрөгийн орлогоо татвараас чөлөөлүүлдэг. Тэгвэл ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцтай болсон иргэд уг хөнгөлөлтөд хамрагдаж болох эсэх талаар эргэлзэж байна. 

Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалт, төлөвлөлтийн газрын Д.Болор-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Орон сууцны ипотекийн зээл авсан иргэд татварын хөнгөлөлт эдлэх эсэхдээ эргэлзэж байна. Ипотекийн зээлээр орон сууцтай болсон иргэд ч энэ хөнгөлөлтийг эдэлнэ биз дээ?
-Хуульд өөрийн хөрөнгөөс гадна банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр орон сууц худалдан авсан бол 30 сая хүртэлх төгрөгийн орлогын татвараас чөлөөлнө гээд заачихсан байгаа учраас ипотекийн зээлээр байртай болсон иргэн ч татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ингэхдээ тухайн иргэн зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувиа өөрийн хөрөнгөөр бүрдүүлчихсэн байх ёстой юм. Мөн урьдчилгаа төлбөрөө ямар хэлбэрээр бүрдүүлсэн гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тухайлбал урьдчилгаа 30 хувиа цалингийн орлогоос бүрдүүлсэн байвал нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр байх ёстой. Энэ дэвтэр дээр тухайн иргэний цалингийн орлого бичигдсэн байдаг юм. Харин урьдчилгаа төлбөрөө бэлэглэлийн гэрээгээр авсан бол энэ тухай баримтыг хавсаргах ёстой. 

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн оронд орон сууц барьцаалсан иргэд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэсэн үг үү?
-Урьдчилгаа төлбөрийнхөө оронд байр барьцаалж байгаа л болохоос биш 30 хувиа бүрдүүлчихсэн байна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас ийм хэлбэрээр орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэд ч хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. 

-Орон сууц барьцаалж зээл аваад татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, хэнд хандах ёстой вэ?
-Яг одоогийн байдлаар ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэдгийг эцэслээгүй байна. ТЕГ-аас хувь хүний орлогын албан татварын тайланг жилийн эцэст буюу нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны хооронд авдаг юм. Тиймээс ирэх аравдугаар сараас орон сууц барьцаалж ипотекийн зээл авсан иргэд татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэдэг нь тодорхой болно. Энэ тохиолдолд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх ёстой учраас жагсаалтыг удахгүй гаргана. 

-Орон сууц худалдаж авсан иргэдийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтад өөрчлөлт орсон уу?
-Үгүй. Өмнө нь татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлдэг байсан түүнийгээ л бүрдүүлэх ёстой. 

-Орон сууц зээлээр болон өөрийн хөрөнгөөр худалдан авсан иргэн гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Зарим хүн энэ мөнгөө хэрхэн авахаа мэддэггүй?
-Хувь хүний орлогын албан татварын тайланг жилийн эцсээр гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Тиймээс татварын хөнгөлөлт эдлэхийг хүсч байгаа хүн ирэх оны нэгдүгээр сараас харьяа дүүргийнхээ татварын хэлтэст хандах ёстой. Ингээд холбогдох бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол иргэн тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна түүнийг нь буцаан олгоно. Хэдэн төгрөг буцаан олгох нь тухайн хүний цалингийн хэмжээнээс хамаарах юм. Тухайлбал нэг жилд нэг сая 200 мянган төгрөгийн татвар төлсөн бол түүнийх нь хувиас буцаан олгоно. Хувь хүнд ийм байдлаар гурав хүртэлх сая төгрөгийг эргүүлэн олгодог юм.

Н.Санжаасүрэн