"Монголын Оюун Ухааны Академи"-ийнхан багаараа тэргүүллээ
2016/06/16
"Монголын Оюун Ухааны Академи"-ийн шинэхэн тамирчид Малайзын ой тогтоолтын нээлттэй тэмцээнээс 60 медалийн 22-ыг нь хүртэж тэргүүлжээ.
Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд улсаа төлөөлж "Монголын Оюун Ухааны Академи"-ийн 13 тамирчид оролцжээ. Үүнд: Дунд насны ангилалд 9 хүүхэд ,бага насны ангилалд 4 хүүхэд, багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртлээ.
Бага насны ангилалд өрсөлдсөн (анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй) Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус оржээ. Өсвөрийн тамирчид авах боломжит 30 медалийн 16-г хүртэж дэлхийд чансаагаараа тэргүүлдэг гэдгээ батлан харууллаа.
Монголын ой тогтоолтын Академийн хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртэж байсан билээ.