Монгол нутгийн бүх хөрсөн дор биш юмаа гэхэд Дорнодын сав газарт нь тос бий. Харин тэнд нь биднээс илүү хятадын компаниудын ноёрхол тогтчихсон.

Тиймдээ ч энэ оноос эхлэн газрын тос экспортлогч улс боллоо гэх сүрхий мэдээлэл бидний олонхид падлийгүй мэт сонсогдож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн нефтийн хараат байдал гэдэг зовлонтойгоо зууралдаж тал талаас бадар барьж ирсэн. Уул уурхайн яамны нөхдүүд ээлжит гуйлгаа хийхээр хойд хөршид очдог жишгийг он он дамнан бид харж ирсэн. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол манай улс түүхий нефтийнхээ хайгуулыг сайжруулж, орд тогтоож нөөц бий болгосны дараа л сая үйлдвэр байгуулна гэж ярьж явах ёстой гэх. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход газрын тос экспортлогч улс болох гээд байгаа гэх манай улс уг нь экспортлож эхлээд овоо хугацаа өнгөрч байгаа юм. Нөгөөх “Петро Чайна Дачин Тамсаг” гээч компани нь хэдийнээ экспортод гаргаад эхэлчихсэн шүү дээ. Манай улсын хэмжээнд 1998 оноос 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонныг БНХАУ-д экспортлосон байгаа юм.

Ер нь Бүтээгдэхүүн Хуваах Гэрээтэй холбоотой хамгийн сүүлийн байдлаарх мэдээллийг харахад Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 30 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 21 талбайд 16 аж ахуйн нэгжтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа аж. 8 талбайд сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд 1 талбайд нээлттэй тендер зарлажээ. Үүнээс “Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “БХГ-97” талбайд “Доншен Газрын тос (Монгол)” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаа. Бусад 18 талбайд хайгуулын ажил хийгдэж байгаа юм.

1998 оноос туршилтын журмаар олборлолт эхэлсэн Тамсагийн сав газрын олборлолт 2016 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадалдаа бүрэн хүрнэ гэж байгаа. Харин тосыг экспортлож байгаа талаараа “Газрын тосны олборлолт жил бүр өсөн нэмэгдэж буйтай холбогдон технологийн хүндрэлүүд үүсэхээс урьдчилан сэргийлж, олборлож буй тосыг газрын тос боловсруулахүйлдвэр ашиглалтанд орох хүртэл хугацаанд экспортлох шаардлагатай болсон” хэмээн тайлбарладаг.

Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны БХГ-т талбайн газрын тос нь дэлхийн газрын тосны аж үйлдвэрт мөрддөг түүхий тосны шинж чанарын хувьд дунд зэргийн, хүхэр багатай тосонд хамаардаг юм байна. Тамсагийн сав газраас олборлож буй газрын тосыг Сингапурын бирж дээр борлогддог “Дачин 33” маркийн, Дорноговийн сав газраас олборлож буй түүхий тосыг Лондонгийн бирж дээр борлогддог “Брент” маркийн тосны тухайн үеийн борлуулах үнээр тус тус борлуулж иржээ. Тэгэхээр туршилтын журмаар экспортлож ирсэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дэлхийн таваарын зах дээрх түүхий тосны ханштай ижил хэмжээнд тосоо нийлүүлдэг гэхээр ашигтай ажиллаж байгаа нь тодорхой юм. Бүтээгдхүүн Хуваах Гэрээний дагуу гэрээлэгч нь олборлон экспортолж буй түүхий тосны 40 хувиар өртгөө нөхөх ба үлдсэн тосны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээнд заасан хувь бүхий тодорхой хэсэг нь Монгол Улсын Засгийн газарт ногддог юм. Петрочайна Дачин Тамсаг ХХК 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17,7 хувь буюу 294,8 сая ам.долларын өртгөө нөхөөд байгаа гэх мэдээллийг Газрын тосны газраас өгч байна. Харин Доншен газрын тос Монгол ХХК нийт 216 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 39,1 хувь буюу 84,6 сая ам.долларын өртгөө нөхөөд байгаа юм байна.

Ямартай ч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн мэдэл дэх Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” болоод “Доншен Газрын тос (Монгол)” ХХК –ийн мэдэл дэх “БХГ-97” талбайн нийт баталгаат нөөц 332,64 сая тонн, үүнээс 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг. Үүнээс 15 жилийн хугацаанд 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлосон гэхээр цаана нь хэдий хэмжээний нөөц үлдэж байгаа нь тодорхой.

Гэтэл Монголын төр тостой хэрнээ гуйлгачингийн зангаар, замналаар яваад байдаг. Тос байгаад ч эзэн шиг байж чадахгүйгээс хойш гуйлгачин байхаас ч яалтай билээ.

Эх сурвалж: Б.Тамир,

Шуурхай.мн