Мишель Родригоз: Монголоор аялсан минь цоо шинэ мэдрэмж, ертөнцийг нээж өгсөн
2016/06/18
2001 онд дэлгэцэд гарсан “Галзуу хурд” киноны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тус киноны Лэттийн дүр болох жүжигчин Мишель Родригозын “Entertainment weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Дашрамд , “ Галзуу хурд ” киноны наймдугаар анги 2017 оны хавар үзэгчдийн хүртээл болох ажээ .
- “Галзуу хурд ” кино дэлгэцэд гараад хэдийнэ 15 жил өнгөрчээ. Кино гарснаас хойш анхны ангийг нь дахин үзсэн үү?
- Олон удаа үзсэн . Анхны ангид тоглож байхдаа би 22 настай байсан. Ингээд бодоход цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг өнгөрчээ .
- Кинонд Лэттийн дүрийг бүтээсэн. Лэтти гэдэг дүрийн онцлог, зан чанарыг хэрхэн тодорхойлох вэ?
- Зохиол анх аваад уншиж байхад эрэгтэй жүжигчний ур чадварыг шалгасан, эрэгтэйчүүдэд зориулсан адалт явдалт кино шиг санагдсан. Лэтти бол хичээнгүй, биеэ даасан, хүчирхэг эмэгтэй. Мөн их үнэнч, асуудалд үргэлж орооцолддог Доминик Торетто найз бүсгүй Лэтти нь ой санамжаа алдчихсан байхад өөр бүсгүйтэй холбогддог. Харин Лэттид хэзээ ч тийм зүйл байгаагүй, уучилж, хайрлаж чаддаг. Тэгэхээр жинхэнэ эр хүн гэдэг шиг орчин цагийн жинхэнэ эмэгтэй гэж тодорхойлно.
-Кино зохиолын анхны хувилбарт Лэттиг Доминик биш, хамтрагч Брайнтай хайр сэтгэлийн холбоотой байхаар бичсэн гэж сонссон юм байна?
-Тийм ээ, тэр зохимжгүй хуваарилалт надад огт төсөөлөгддөггүй юм. Дүр хослуулахад өндөр нам, өргөн бүдүүнээс эхлээд хувь хүн, зан ааш, төлөвшил хүртэл төстэй байх хэрэгтэй. Лэтти даруу төлөв залууг хайрлах дүр төрхтэй биш.
-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт долоон анги хийсэн байна. Ирэх онд шинэ анги гарна. Лэтти гэдэг дүрийг бүтээгээд нэлээд хугацаа өнгөрчээ. Дүрдээ хэр уусч байх юм?
-Эхний ангийн зураг авч байх үед их хэцүү санагдаж байсан. Түүнээс гадна миний туршлага дутсан байх. Жил ирэх тусам, шинэ анги хийх бүрт туршлагажин дүрийнхээ мөн чанарыг ойлгож байна. Лэтти бол гаднаасаа их зантай, омголон харагддаг. Яг тэр онцлог төрхийг бий болгох гэж харц, биеийн хөдөлгөөнөө байнга хянах амаргүй байсан. Харин одоо бол Лэттиг яаж харагдуулахаа мэддэг болсон байна. Найруулагчаас “ Мишелийг энэ дүрд тохирохгүй гэдгийг мэдсэн бол эртхэн өөр хүн хайх байлаа” гэж хэлэхийг нь хүртэл сонсч байлаа.
-Тэгвэл хамтран тоглогч жүжигчин Вин Дизэлд хэр дасч байна. Хамтрахад ямар байна вэ?
-Вин Дизэлийг анх хараад их дотно санагдсан. Бүсгүй хүнийг хүндэлж, хэрхэн харилцахаа мэддэг жинхэнэ жентельмен. Би кино урлагт ороод багагүй хугацаа өнгөрсөн байна. Олон жүжигчинтэй хос болж хамтран тоглосон. Гэхдээ Вин бол хажууд нь байхад тайван байдаг, намайг онцгой гэж мэдрүүлдэг цор ганц жүжигчин.
-Жүжигчин Паул Волкер 2013 онд автомашины ослоор нас барсан. Түүнгүйгээр киног үргэлжлүүлэх ямар байна вэ?
-Түүний тухай ярихад үргэлж хүнд байдаг. Залуу насны минь нандин дурсамж, эрхэм хүн, чухал орон зай. Түүнтэй анх уулзахад яагаад ч юм шаргал үс нь гэрэлтээд, барби Кен шиг харагдсан. Эхэндээ бие биетэйгээ таатай харилцаатай байгаагүй. Муудалцаж танилцвал насан туршийн найзууд болдог гэдэг. Яг түүн шиг бидний нөхөрлөл насан туршийнх байсан. Мэдээж орхиод одсон хэн нэгний орон зайг нөхөх хүн байхгүй. Ослын үеэр долдугаар ангийн зураг авалт дундаа орж байсан. Паул байхгүй болохоор зураг авалтын талбай хоосон санагдаж, ороод ирэх юм шиг хүлээдэг байсан.
-Таны сэтгэлийг хямраасанд өршөөгөөрэй. Яриагаа арай гэгээлэг зүйлээр үргэлжлүүлье. Оюун ухаанаа хэрхэн сэргээдэг вэ?
-Энгийн зүйлээс амьдралын баяр баяслыг олж авахыг хичээдэг. Жишээлбэл, өглөө босоод амьд байгаагаа мэдрэх сайхан. Бурхан өгсөн шигээ гэнэт л авдаг гэдэг. Шашины сонирхолтой дүгнэлт, оршин байхуйн утга учрыг судлах дуртай. Сүүлийн үед эртний шашны урсгал чиглэл, үзэл баримтлалыг харьцуулан судалж, оюун ухаанаа сэргээж байна.
-Шашны тухай судлах дуртай байх нь ээ?
-Намайг 10 настай байхад манай гэр бүл ням гаригт сүмд очиж мөргөл үйлддэг байсан. Тэнд томчууд дэлхийн үймээн самуун, айдас, түүх, Америк улс хэрхэн үүссэн гэх мэт ойлгомжгүй сэдвээр байнга ярьж, түүнийг нь сонсдог байв. Дараа нь сургуульд орох үед сонссоноос минь эсрэг зүйлийг заасан. Мөн өөрсдийн хэлснээ надаар давтуулан хэлүүлж, дүгнэдэг болсон. Тэгээд л худал хуурмаг, ертөнцийн үнэн, хувь заяа хэний гарт байдаг вэ зэрэг сэдвийн тухай шашны ойлголтыг судалж эхэлж байна.
-Багадаа ямархуу хүүхэд байсан бэ?
-Би Нью Жэрси мужид амьдардаг байсан. Ахтайгаа хамт өссөн болохоор байнга л зодолдоод, уйлаад л бодохоор их инээдтэй байдаг юм. Тэр үргэлж л ямар нэг юм хэлж цусыг минь хөөргөдөг байсан.
-Сургуульд хүүхдүүд бие биесээ гадуурхаж дээрэлхдэг. Тийм зүйлтэй таарч байв уу?
-Сургуульд янз бүрийн л инээдтэй зүйл болдог байлаа. Хүүхдүүд гэртээ мэдэрсэн дарамт шахалт, уур бухимдлаа сургууль дээр ирж хэн нэгэн даруухан, сул дорой хүүхдэд гаргадаг сөрөг хандлагад үнэхээр дургүй. Хэн нэгний тав тухыг алдагдуулж, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг тэвчиж чаддаггүй. Аав маань цэргийн хүн байсан болохоор биднийг их зарчимч, хатуу чанд болгож өсгөсөнтэй холбоотой байх.
-Таны тоглосон дүрийг хараад байхад хүчирхэг, хулигаан ч юм шиг дүрд дийлэнхдээ тоглосон байна. Ийм дүр төрх бүтээхээс залхаж байсан уу?
-Дандаа иймэрхүү дүр хүлээж авдгаа анзаарч байгаагүй юм байна. Миний хувь тавилан юм байлгүй. Омголон, хүчирхэг дүрд их тоглож байгаа нь хувийн зан чанартай минь холбоотой байж болох юм. Би сул дорой хүнд дургүй, тэр тусмаа сул дорой эмэгтэйд. Эмэгтэй хүнд хэтэрхий ширүүн энэ хорвоод уйлж, гуниглаж суулаа гээд улам л доромжлуулна. Тийм учраас дийлдэшгүй, хүчирхэг харагддаг байх хэрэгтэй.
-Та их сайхан, эрүүл биетэй харагддаг. Багадаа ямар нэг спортоор хичээллэж байсан уу?
-Спортын төрлөөр дагнан хичээллэж байгаагүй. Сонирхож байсан зүйл ч байхгүй. Төрөлхийн их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэсэн. Өөрийнхөөрөө байх дуртай цаг ямагт л үсэрч, бүжиглэж, сэтгэлээ үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг хүүхэд байлаа.
-Одоо та тогтмол хөдөлгөөнтэй, бүр хэтэрхий аюултай хөдөлгөөн их хийдэг учраас багадаа гэж онцолж асуулаа. Зураг авалтын үеэр бэртэл авч байв уу?
-Тийм зүйл огт болж байгаагүй. Би залуу насныхаа эрч хүчийг харамгүй ашиглаж, гаргах дуртай.
-“Галзуу хурд” бол хөдөлгөөний хэтрүүлэгтэй кино. Үсрээд, нисээд, ослоос зугтааж байгаа дүр төрх тань үнэхээр эрэлхэг, гоё харагддаг?
-Надад бол асар хурдтай яваа машинаас юу ч болоогүй юм шиг үсрээд бууж буй орлон тоглогчоо харахад үнэхээр эрэлхэг харагддаг юм.
-Таныг орлон тоглогч авдаггүй гэж бодсон юмсан?
-Авахгүй байхыг хичээдэг. Гэхдээ яалт ч үгүй ур чадвар хүрэхгүй хэсэгт орлон тоглогч авах нь хэн хэндээ хэрэгтэй байдаг. Хүмүүст анхааруулж хэлэхгүй бол энэ жилийн кино авардсын “Эр зориг”-ийн шагналыг өгч магадгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг хажуунаас нь харах үнэхээр гоё байдаг.
-Та өмнө нь “Лэтти бол надаас өөр хүн” гэж байсан. Надад бол бага зэрэг танхай төрх тань ижил харагдаад байдаг?
-Цаг хугацаа өнгөрч, нас минь нэмэгдэхийн хэрээр би төлөвшиж, буурь сууж байгаа. Өмнө нь камер харагдах төдийд л дотор минь өөр хүн орчихсон юм шиг догь харагдах гэж хичээдэг байсан. Одоо бол 38 настай болжээ.
-Цахим сүлжээний инстаграм хуудаснаас Монголд очсон зургийг тань харсан. Би ч мөн долоон жилийн өмнө Монгол оронд зочилж байлаа. Надад говь их сайхан санагдсан. Та говьд очсон уу?
-Би цөөхөн хоногоор очсон болохоор тийм ч их зүйл үзэж амжаагүй. Говьд очсон тэр чигээрээ элс биш зарим газраараа өвстэй байсан нь өвөрмөц санагдсан. Мөн казах айлд очиж, монгол гэрт орж, тэмээний исгэлэн ундаа /хоормог/ уусан. Хамгийн янзтай нь морь унаад ууланд явсан явдал. Монголд 13-хан настай охин бүргэд сургаж, хамгаалж байгааг хараад их бахархсан. Нийслэл хотод нь насанд хүрээгүй хүүхдүүд мөнгө олж, капиталист мөрөөдлийнхөө төлөө зүтгэж амьдардаг юм билээ. Ойрын жилүүдэд мэдрээгүй, цоо шинэ мэдрэмж, ертөнцийг нээж чадсан сайхан аялал болсон.
А.Даваахүү