Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн гадаа ээжүүд эсэргүүцлийн жагсаал хийж байна
2016/06/18
Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай хүү амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч пүрэв гарагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байсан найман сартай эрэгтэй Э гэх хүүхэд сувилагчийн буруутай үйлдлийн улмаас нас барсан.
Хүүгийн ээжийн хэлснээр тус эмнэлгийн сувилагч залуу хүүд нь тариа хийх үед нялх үрийнх нь уруул хөхрөн реакц өгсөн аж. Үүнийг сувилагчид хэлэхэд тоосон шинжгүй “Зүгээрээ ингэдэг юм” хэмээн хүчтэй антибиотик тариаг дуустал нь шахаж, удалгүй найман сартай хүү ухаан алджээ. Одоогоор эмнэлгийн талаас ямар нэг тайлбар хийгээгүй байгаа бөгөөд сувилагч залуу ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийсээр байгаа гэнэ.
Тэгвэл яг одоо тус хүүхдийн эмнэлгийн урд үрээ алдсан эхтэй хамт гэдгээ илэрхийлэхээр өөрсдийн сайн дураараа эхчүүд цугларч, эсэргүүцлийн жагсаал хийж байна. Уг жагсаалд УИХ-ын сонгуульд нэр дэвшч буй дуучин Нара оролцоно гэдгээ мэдэгдсэн. Гэвч сонгуулийн хуулийн 70.5.1,70.5.2, 70.5.3д заасны дагуу энэхүү цуглаанд өөрийн биеэр очих боломжгүй болсон ч сэтгэл зүрхээрээ бүх ээжүүдтэйгээ энэ хэргийг дуустал хамтдаа байхаа илэрхийлж байна гэв.