Манай улс түүхэндээ анх удаа  маш чанартай, бөөстдөггүй,  2-3 жилийн эдэлгээ даахаар сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэхээр болсон  талаараа  мэдээлж байсан.

 Хэтэрхий “агаар”-ын үнэтэй энэхүү формыг  эхний ээлжинд  бага ангийн сурагчдад тараагаад байгаа. Гэвч магтуулсан хүүхэн хуриман дээрээ гэгчийн үлгэр бол өнөөх магтаад байсан сурагчийн дүрэмт хувцас нь  бөөстөөд хэрэг алгаа.

 ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэлтэн Н.Нарангэрэл “Бид 100 хувь “бөөстөхгүй” гэх баталгаа өгөх боломжгүй. Гадны нөлөөтэй үрэлтээс болж бөөстөж болохыг үгүйсгэхгүй. Хэвийн арчилгаатай нөхцөлд “бөөстөхгүй” гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Одоогийн байдлаар чанар муу байна гэсэн гомдол ирээгүй. Бид үйлдвэрлэлийн явцад байнга хяналт тавьж ажиллаж байгаа” гэж тайлбарлаж байсан.  Гэвч эгэл ардын хүүхдүүдийн дийлэнх нь гадны нөлөөтэй үрэлт их хийж байгаа бололтой.  Сурагчдын дүрэмт хувцас бөөсдөөд л байна.  Олон сурагчийн дүрэмт хувцас ийнхүү бөөстөж байгаа. Худлаа гэвэл зураг нь энэ байна.




 

Харин эмэгтэй сурагчдын дүрэмт хувцас нь  эвтэйхэн өмсөхгүй л бол  ханзарч, урагдахаар загвар муутай.  Эхнээсээ загвараа буруу гаргаснаас болоод зарим эмэгтэй сурагчдын  дүрэмт хувцас нь урагдаж байгаа. Уг нь ганц цахилгаан бөөрөн хэсэгт нь оёод өгсөн бол ийм асуудал гарахгүй л байх байсан. 2-3 жил битгий хэл  2-3 сарын эдэлгээ даах нь уу гэдэг нь асуудал болоод байна.

 

Ийм байхад эцэг эхчүүд хэтэрхий үнэтэй  дүрэмт хувцасыг худалдан авах эсэх нь эргэлзээтэй.  Дүрэмт хувцасны үнэтэй байгааг бага ангийн сурагчийн эрэгтэй дүрэмт хувцасаар жишээ авч үзье. 

Бага ангийн  сурагчийн дүрэмт хувцасны өмд нь л гэхэд  25000 төгрөг.  Сурагчийн ганцхан өмд шүү дээ.  Тэгвэл энэ мөнгийг аваад захаас хүүдээ нэг костюм пиджак авчихна. Эсвэл хүүдээ нэг биеийн тамирын хослол, аятайхан цамцтай авчихаар хэмжээний мөнгө. Сурагчийн дүрэмт хувцасны  пиджак нь 37800 төгрөг болж байна.  Энэ мөнгөөр хүүхдийнхээ дэвтэр, үзэг зэрэг хичээлийнх нь хэрэгслийг хангалттай бэлдчихнэ.   Нөгөө талаас түрүү жил сурагчийн дүрэмт хувцас  одоогийн үнээс 15,000-90,000 төгрөгөөр хямд байсныг олон хүн баталж байгаа.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор эзэн хааныхаа нэрээр зээлсэн “Чингис” бондоос 30 гаруй тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулсан гэж байгаа.  харамсальай нь 30 орчим тэрбум төгрөгийг зүгээр л  хэсэг бүлэг нөхдүүдийн  “сайн сайхны төлөө” болоод дуусах нь байна.  

Мөн Засгийн газраас амьжиргааны төвшингөөс доогуурх айлын хүүхдүүдэд  дүрэмт хувцас үнэгүй өгнө гэсэн боловч  энэ талаар ямар ч мэдээлэл алга.  Мөн нэг айлаас гурав болон түүнээс олон сурагчтай бол дүрэмт хувцасыг хөнгөлөлттэй үнээр  худалдан авна гэж  албаны хүмүүс хэлж байсан ч энэ нь мянгуужингийн үлгэр болсон.  

Өөрөөр хэлбэл нэгэнт  хөнгөлөлт гээчийг мэдэрч чадахгүй болохоор иргэд хоногийн хоолны мөнгөө хугаслсан, ходоодоо хонхолзуулан байж хүүхэддээ чанаргүй, үнэтэй сурагчийн дүрэмт хувцасыг худалдан авч өгөхөөр болж байгаа юм.  үүнээс болж олон айлд хэрүүл болж байгааг энд онцлох нь зүйтэй болов уу.

Нийслэлийн ерөнхий боловсролын  29 сургуулийн эцэг эхчүүдээс бүрдсэн түр хорооныхон өчигдөр эсэргүүцлээ илэрхийлэхээр  жагсаал цуглаан хийх байсан боловч Хотын захиргаанаас хүнд суртал гаргасан байгаа юм.  Өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийгчид заавал хотын захиргаанаас зөвшөөрөл авдаг бөгөөд зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг ажлын 30 хоногт багтаан өгдөг ажээ.  Ийм л шалтгаанаар  өчигдөр эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж чадсангүй.  Тус түр хорооныхон  БШУЯ болон  ҮХХААЯамд хандан албан бичиг явуулжээ. Өөрөөр хэлбэл  бага ангийн сурагчдын  дүрэмт хувцас нь чанаргүй, үнэтэй байгааг  баталчихаад байхад  өнөөдөр бага ангийн багш нарийг  панзчин болгож харуулахаар  “шахаж” байгааг  албан ёсоор  тайлбарлахыг шаардлан халз мэтгэлцээнд дуудаад байгаа.  

Удахгүй дунд болон ахлах ангийн сурагчдийн дүрэмт хувцасыг худалдаанд гаргана.   Энэ үед сурагчдийн дүрэмт хувцасны чанар, үнэ дахин асуудал дагуулах болно.  

Засгийн газар уг нь ард түмнийхээ төлөө ажилладаг болохоос ард түмнээ шулахын төлөө байдаггүй юм шүү!!! Ажлаа олигтой хий эсвэл буруугаа хүлээгээд эртхэн дээрээ хариуцлагаа хүлээцгээ... Ингэж ард түмнийг хохироож болохгүй гэдгийг дахин анхааруулъя.  

А.Баярмаа