Энэ жилийн ЭЕШ-ын хариу задарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эцэг, эхийн төлөөлөл, сурагчдын төлөөлөл оролцсон хэвлэлийн хурал боллоо.

Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ "Улсын хэмжээнд 37 мянга 200 гаруй сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч дууслаа. Үүнтэй холбогдуулан "тестийн материалын хариу задарсан, задраагүй" гэсэн талаар маш олон сурагчид мөнгө төлж авсан байна. Энэ асуудлаар манай Сурагчдын холбоонд Иргэн Х.Сайнбилэг хандсан. Хэвлэлийн хурлын дараа бид холбогдох газруудад албан ёсны мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа" гэв.

- Математикийн багш Х.Сайнбилэг: "Болосролын Үнэлгээний Төв хариуг яаж задарсанг хэлээд өгөөч ээ"-

"Шинэ зуун билиг" сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг "Манай сургууль АШҮУС, СЭЗДС-ийн лицейтэй сургууль. Тийм болохоор элсэлтийн ерөнхий шалгалт бидний хувьд маш чухал. Бид тасралтгүй хоёр жил бэлтгэж, элсэлтийн шалгалтад оруулдаг. Үүнд эцэг, эхчүүд ч маш их ач холбогдол өгч бэлтгэдэг юм.

Гэтэл элсэлтийн шалгалт өгч байхад хариу задарсан гэх мэдээлэл өмнөх жилүүдээд гардаг байсан. Би багш хүний хувьд БҮТ маш өндөр нууцлалтай зохион байгуулдаг учраас тест задрах боломжгүй гэж хүүхдүүддээ хэлдэг байсан. 15-ны өдрөөс эхэлж тест задарсан гэх шуум гадуур маш их гарсан. Энэ бүхэнд нь би "худлаа мэдээлэлд итгэж байхаар нэг ч гэсэн бодлого бодож суусан нь үр дүнтэй" гэж хэлсэн юм. Харин математикийн шалгалтын дараахан манай шавь надруу уйлж залгасан. "багшаа хариу нь задарчихсан байна. Гадуур хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд бие биетэйгээ тэврэлдээд ийм амархан байсан юм уу гэж байна" гэхээр нь би нотлох баримт байна уу гэхэд тестийн хариуг фэйсбүүк чатаар бар код явуулсан. Ингээд тэрний учрыг олох гээд бодож үзтэл яг таарсан.

Надад ирсэн хариу нь "Б"-хувилбар байсан юм. Тэгээд бодлогыг бодож үзэхэд бар кодны учир тайлагдаж, хариу нь яг таарсан. "С"- хувилбарыг бодолтыг хийгээд бар кодтой нэг л зөрчсөн. "А"- хувилбар хоёр зөрсөн. Бусад нь яг таарч байгаа юм. БҮТ монгол улсын хэмжээнд хамгийн том шалгалтыг зохион байгуулдаг. Гэтэл бүтэн жилийн турш энэ шалгалтаа авах гэж асар их хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл дунд нь байгаа хүн хэдэн төгрөгийн хойноос олон хүний хөдөлмөрийг үгүй хийчихлээ. Үүний цаана нь багш, сурагчдын, эцэг эхийн маш их хөдөлмөр, цаг байгаа. Тэгэхээр ямар нэг аргаар задарчихсан байгаа юм. Миний фэйсбүүктээ оруулсан мэдээллийн дараа маш олон эцэг, эхчүүд надруу чатаар зураг, мэдээллийг явуулж байгаа. Үүний хамгийн ноцтой нь математикийн багш холбогдсон. Тэр багш нэрээ болон сургуулиа нууцлаж өгөхийг хүссэн байгаа. БҮТ энэ бар код яаж задарсан болохыг хэлээд өгөөч ээ, хүүхдийн ирээдүйгээр тоглож болохгүй. Энэ бар кодоор шалгалтаа өгсөн хүүхдүүд 800 оноотой хэдэн сурагч гарч ирэхийг мэдэхгүй байна. Улсын хэмжээнд 800 оноо авдаг хүүхэд маш цөөхөн байгаа" хэмээн онцоллоо.

Нэрээ нууцалсан багш "Математикийн шалгалт болохоос өмнө 10:23 минутад над дээр давтлага авдаг хүүхэд фэйсбүүк чатаар зураг явуулсан. Тэгээд багшаа "та энэ бодлогыг бодоод явуулаач ээ" гэсэн би өөрийн эрхгүй хүүхдээ бодоод явуулсан. Үүний дараа шалгалтын хариу таарчихсан. С, D хувилбарын бодлогыг хольж явуулсан байна лээ. Шалгалтын дараа үзэхэд таарсан" гэсэн юм.

-Сурагч Г.Мандах: "Бидний мөрөөдлийн хэдэн төгрөгөөр үгүй хийж байна-

113-р сургуулийн төгсөгч Г.Мандах "Элсэлтийн шалгалт болохын өмнөхөн надад хэд хэдэн найзуудаас фэйсбүүк чатаар маш олон мэдээлэл ирсэн. Улсын шалгалтын хариу задарна гэж юу байхав дээ. Мөнгө үрж байгаа юм бэ? наадах чинь худлаа зүйл гэж итгэж байсан. Харин сүүлдээ химийн шалгалтын хариу таарчихсан. Таарсан хариуг нь хүүхдүүд мөн байна гээд дугуйлаад 800 оноо авсан байх гэж итгэлтэйгээр ярьж эхэлсэн. Тэр мөнгийн хайж олоод шалгалтын хариуг нь авчих юмсан гэсэн бүдүүхэн бодолтой явлаа. Яагаад гэхээр МУБИС, МУИС-ийг дөрвөн жил онц төгсөөд дараа дараагийн гоё мэргэжлийг эзэмшинэ гэсэн маш олон мөрөөдөлтэй хүүхдүүд байгаа Гэтэл энэ хүүхдүүдийн мөрөөдлийг ийм өчүүхэн зүйлээс болоод алга болгож байгаа юм. ЭЕШ-таа маш олон жил хөдөлмөрлөсөн миний хөдөлмөр, багш, эцэг, эхийн найдлага үгүй боллоо. Хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэйгээр хийсэн эзэнг нь олоосой.

Долоон шалгалт өгсний гурван л хяналттай авсан. Бусад дөрвөн шалгалт дээр багш нар утсаа оролдоод сурагчддаа анхаарал огт тавиагүй гэсэн. Энэ хооронд нь хүүхдүүд фэйсбүүкээр багш нартайгаа холбогдож тусламж авч байсан. Олон хүүхдүүд хохирч үлдлээ, дахиж ЭЕШ авах уу, мундаг шалгалт өгсөн хүүхдүүдээсээ дахин шалгалт авах уу гэдгийг надаар дамжуулж маш олон хүүхдүүд асуулгаж байгаа" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Уг сурагчаас тухайн үед нь цагдаагийн байгууллагад яагаад хандаагүй юм бэ гэдгийг тодруулахад, "Тухайн үед бид итгээгүй. Ямар ч баримгүй зүйл байсан. Химийн шалгалтын хариу яг таарч байна гээд миний таньдаг хүүхдүүдээс чатаар ирсэн" гэсэн хариултыг өглөө.

"Хүүхэд минь сургалтын төлбөрөөс илүү бар код авах мөнгө хэрэгтэй байж гэсэн"

Эцэг, эхийн төлөөлөл "Манай хүүхэд энэ жил Их засаг лицей сургуулийн 12-р анги төгссөн. Тэгээд шалгалтаа өгч орж ирчихээд "ээжээ та надад сургалтын мөнгө өгч байхаар 500.000-1 сая төгрөгийг өгчихгүй дээ" гэсэн. Энэ сурагчийн ярьж байгаа нь үнэн. Шалгал эхлэхийн өмнөхөн манай ангид шалгалт өгч байсан хүүхдүүдийн фэйсбүүкээр мэдээ ирсэн гээд шударга юм байдаг юм уу гээд нүдэндээ нулимстай надаас асуулаа.

Би тэгээд хүүхдээ аргадаж байгаад өөрийнхөө цензурыг тогтоолгож байгаа хэрэг. Бусад нь өөрсдийгөө хуурч л байг гээд хүүхдээ аргадаж байгаад дараагийн шалгалтад нь оруулсан. Ингээд БҮТ-дээр очтол хоёрдугаар давхарт нь хоосон нэг ч хүн байхгүй байсан. Харин гуравдугаар давхарт нь хоёр хүн байв. Дөнгөж шалгалтаасаа гарч ирээд удаагүй байхад фэйсбүүкээр бар кодтой хариу гарсан. Үүнийг нь манай хүүхэд өгсөн шалгалттайгаа тулгаж үзээд "за за миний оноо тодорхой юм байна даа" гэсэн.

Бүх хичээлийн хариу задарсан гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Би албан ёсоор хэлэхэд, БҮТ-ийн хүн "Онц хэлтсийн дарга Баярсайхан гэдэг хүнд албан тоот, ТЕГ-т бичиг явуулж фэйсбүүк дээрх мэдээллийг хэн тараасан талаар эрэн сурвалжилж байгаа. Ямар ч задрах боломжгүй" гэсэн хариултыг өгөхөөр нь их сэтгэл онгойсон. Хүүхдүүдээ шалгалтаа өгөөд гарч ирэхээр нь "задрах боломжгүй гэж байна. Миний охин битгий сэтгэлээр уна" гэж хэлчихээд найз дээрээ очоод бодлогын бодуулсан чинь "яг нөгөө бар код"-той нь таарсан" гэлээ.

 

Холбоотой мэдээлэл: ЭЕШ-ын хариу задарч олон сурагчдыг хохироож буйг яах вэ, сайд аа!!!

ЭЕШ-ын материал гэж хууран мэхэлж байжээ