Ховд аймгийн Булган сумаас сургуулийн амралтаараа ирсэн 12 настай хүү архины гүн хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал өчигдөр Өлзийт хороололд алдартай уяач хүний хурдны морь унаж байсан хүүхэд ухаан алдсан, хордлогын шоконд орсон байдалтай Эх нялхасын сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж иржээ.

Тиймээс тус эмнэлгийнхэн уг хэргийг цагдаад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа аж. Гэхдээ хохирогч хүү хэнтэй архи уусан ямар архи хэрэглэсэн талаараа ярих боломжгүй байсан байна. Учир нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэж эрчимт эмчилгээ хийлгэсэн ч одоогоор ухаан ороогүй байгаа юм. Харин цагдаагийнхны шалгалтаар түүний байсан газраас 0,5-ын архины шил олжээ. Гэхдээ тэр шил нь ямар архины шил болох нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм байна. Хохирогч хүү ээжийнхээ ах буюу Ховд аймгийн Булган сумын алдарт уяачын морийг унаж байсан хүү ажээ.

Хүүг газтай ундааны үнэтэй дүйцэхүйц хямд үнээр зарагддаг архи уусан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгалт хийж байна. Ямартай ч хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд хохирогч хүүгийн аав, ээж нь Ховдоос ирж яваа ажээ. Мөн уг хэрэгтэй холбогдуулан архины үйлдвэрүүдэд шалгалт хийж байгаа юм байна.

 

Г.Наран-Од