Тэр бол хамгийн зэвүүн нь. Сахал нь ч зэвүүн, санаа нь ч зэвүүн. Зэвүүн гэдгийг ихэнхдээ сөрөг утгаар хэрэглэдэг. Эсрэгээрээ эерэг утгаар нь ч хэрэглэж болдог. Ер нь бол ул суурьтай, дотуур далд бодол ихтэй, хянуур, алсуур бодлоготны л хэв шинж л дээ.

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бол П.Очирбатыгаа бодвол улстөрийн бодлоготны хувиар ерөнхийллийг гартаа атгасан хүн.

Хүнсний технологич мэргэжлээс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон түүний замналд өөлөх зүйл үгүй. Тухайн үеийн улс төр, бизнес, хэвлэл мэдээлэлд нэгэн том пирамид үүссэн байсны нэг тал нь мань хүн. Тэр пирамидаас улс төрийн олонлог эхэлдэг байв. Бизнесийн ашиг сонирхлууд тэр пирамидын эргэн тойронд ирж нийлдэг, тэндээсээ салаалан мөчирлөдөг байв.

 

Н.Багабандид хоёр хоч бий. Нэг нь “хийгүй”, нөгөө нь “хүйтэн царайт”. Гэвч эдгээр хоч нь түүнд эерэг оноо болж очсон. Тиймдээ ч тэрбээр төрийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон. Тэр олон нэмэх оноотой. Улс төрд түүн шиг төрийн албаны арвин туршлагатай, түшигтэй хүн цөөн. Тэрээр соёл урлагийн салбарт нэгэн томоохон алхмыг хийсэн нь морин хуурыг дэлхийн соёлын өвийн сан ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал байлаа.

 

Гэхдээ тодорхойгүй, нотолгоогүй шалтгаанаар түүнийг одоогийн олигархиудын өвөө хэмээн оношлон нэрлэдэг. Олигархи гэхээр л учиргүй мөнгөтэй, эсвэл мундаг том компанитай, бас төрийн өндөр албан тушаал хашдаг нөхрийг хэлдэггүй нь мэдээж. Харин бүхий л хүрээнд нөлөөлж чаддаг, улс төрд өөрийн төлөөлөлтэй, олон бизнес, тэр дундаа улс орны хамгийн томд тооцогдох бизнесүүдэд өөрийн мөнгөний ууттай, аливааг далдаас удирдан чиглүүлж, зөвлөн зааж байдаг этгээдийг л нэрлэх бөлгөө.



Тэгвэл сүүлийн үед Н.Багабандийг жинхэнэ олигархийн хэмжээнд олж харж эхэллээ. Олж харах гэсэн нь учиртай. Юу гэвэл, тэрбээр олигархийн хэв шинжит дүрээ сайн нууцалж, хэний ч анхаарлыг татахгүйгээр чимээгүй, хал балгүй, цаашаа хараад алхаж буй хүний төрхийг сайтар үлдээж чадсан юм. “Титэм үг” төдийхнөөр өөрийгөө үнэгүйдүүлж, анир дарсан хүнийг хэн ч хардаж, албан тушаал булаацалдаж, ухаж төнхөж, оролдож өс санаж, эргэж ноцох вэ дээ.

 

Энэ л түүний олигархи байхын хам шинж, давуу тал байлаа. Үүгээрээ тэр зэвүүн гэдгээ баталсан. “Титэм үг” бичихээс өөр бядгүй, шидгүй хэмээн хэлэгдэх хүртлээ анир дарсан түүнийг намын шинэ лидер Н.Энхбаярт нам даруулан, улс төрийг орхисон хэмээн олон нийт үздэг. Гэвч тэр үнэндээ бол улс төрөөс алхам ч холдоогүй, түүгээр ч зогсохгүй хамгийн чухал гэсэн шийдвэрт хүрч нөлөөлж чадаж байсан гэхэд болно.

 

Түүний цэргүүд улс төрд, тэр дундаа төрийн дээд шатанд олноороо байлаа. Тэдний гол төлөөлөгч нь С.Баяр байв. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо Оюутолгойн гэрээг шавдуулж, Н.Багабандийн зааварчилгаагаар хийсэн гэх яриа ийм үндэстэй юм. С.Баярыг нам доторх өөрийн нөлөөлөл, хүрээллээр дамжуулан дэмжсэний цаад санаа зорилго чухамдаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монголын үүц байв.

 

Тиймдээ ч С.Баяр Засгийн газрын тэргүүн болмогцоо хамгийн эхэнд шийдвэртэйгээр Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Үүнийхээ дараа гол ажлаа нэгэнт хийчихсэн хүний ёсоор албан тушаалаасаа бууж, Н.Багабандийн нэгэн адил нуувчинд байхыг илүүд үзсэн. Энэ бол санаандгүй биш, бүр санаатайгаар алсын бодолтойгоор найруулан зохиомжилсон төлөвлөгөө байсан хэрэг.

 

2009 онд Монголын үндэсний баялаг болон Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз Монголиа” компанийн ТУЗ-д сонгогдсон нь Н.Багабандийн улс төрийн бус бизнесийн ашиг сонирхлын чиг шугамыг тодорхой болгосон хэрэг. Ил тод болгосон гэсэн үг. Тэр үед ард олон бас л уул уурхайн “хараал идсэн” мөнгөнөөс хол байж чадсангүй гэж Н.Багабандид шууд хасах оноо дарсан.

 

Тус компаниас сард 40 мянган ам.долларын цалин авдаг Ерөнхийлөгч маань Монголын баялгийг цөлмөх гэсэн гадаадын компанийн тал уу, ард түмнийхээ талд уу гэдэгт хариулж цөхөх юм үлдсэнгүй. Хугараагүй ноён нуруу гэж одоо хэн ч түүнийг хэлэхгүй болж билээ. Ашиг сонирхлын зөрчилгүй гэж харах бүр ч утгагүй болж хувирсан.

 

Монгол Улсын хувь заяаг хоёронтоо ерөнхийлж асан Н.Багабанди одоо гадаадын компанийн дотоодод харьяалж, тэдний эрх ашгийг тэргүүнд тавих болсон нь тод болов. Тэрбээр сард авдаг 40 мянган доллар, цаашдын ашгийнхаа төлөө мэдээж дуугарч эхэлсэн. Н.Багабанди хэлэхдээ “Монголын ээрэм говьд хэрэгжиж эхэлсэн уул уурхайн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил замынхаа хагасыг нэгэнт тууллаа” гэсэн нь нэгэнт хийчихсэн гэрээгээ цуцлах хэрэггүй гэсэнтэй агаар нэг.

 

Ингэж л тэр өөрийн биеэр лобби хийгээд суртал ухуулгын зэвсэг болон хувирах нь тэр. Н.Багабанди цааш нь “Оюу толгой төсөл бүтээн байгуулалтынхаа 50 хувийг туулах энэ явцад “Оюу толгой” гэдэг нэр Монголын олон нийтийн чихэнд танил хүнийх нь нэр мэт сонсогдох болсон байна. Төсөл амжилттай хэрэгжиж үр шимээ өгч эхлэх тэр цаг мөчид “Оюу толгой” гэдэг нэр төрсөн эхийн нэр шиг монгол хүнд дотно халуун сонсогдож байгаасай гэж хүсэн ерөөж байна.

 

Үндэсний эрх ашгаа дээдлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгож түншлэх түншээ зөв сонгож, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар ажиллаж чадах юм бол асар бага хугацаанд маш ихийг бүтээж болохын үлгэр дуурайл нь Оюу толгой болж байна. Оюу толгой төслийг Монголын олон нийт итгэл найдварын харцаар харж, түүний үр шимийг хүртэх цаг мөчийг хүлээж байна.

 

Энэ цаг мөчийг та бид наашлуулах, урагшлуулах, түргэтгэх үүрэгтэй” гэж өгүүлжээ. Ийм үгийг л зэвүүн гэнэ. Ийм л үгийн жинхэнэ “нохой үг” гэнэ. Хаяагаа манасан, тэгсэн хэрнээ тал тохой татсан, шаардсан, сэнхрүүлсэн, бүх юм хэзээний хийгдээд дундаа орчихлоо гэж егөөдсөн, бассан гээд бүх санаагаа яв цав шигтгэж чадсан байна. “Та монголчуудынхаа эсрэг хандаж, гадаадынханд тал засч байна” гэж хэлэх ямар ч аргагүй.

 

Нэг иймэрхүү зэвүүн үгийг олж хэлэхдээ мань хүн хэзээний гаргуун л даа. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж нэгэнтээ хэлсэн нь бараг хэлц үг болохоо шахсан. Хэнийг хэлсэн нь тодорхой байсан хэр нь “Та түүнийг л хэлсэн” гэж эргэж ноцох аргагүйгээр цаанаа л зэвүүн зуулттай үг байж билээ. Н.Багабанди өдгөө ч нууцлаг нөлөөгөө улам тэлэхийг, нэмэгдүүлэхийг санаархаж байгаагийн цаад зорилго чухам юу бол...

 

Тэрбээр өнгөрсөн сонгуулиар өөрийн төлөөний гэж болох хоёр залууг улс төрд оруулж ирсэн. О.Содбилэг, Н.Номтойбаяр хоёр бол түүний “шидсэн чулуу”. Эцэгтэй нь үй зайгүй нөхөрлөдөг байсан учраас О.Содбилэгийн улс төрд орох зам мөрийг засах нь мэдээж хүн ёсны үүрэг байсан байж болох. Харин Н.Номтойбаярыг улс төрд сумлаж, хөшигний цаадах бүх найруулгыг нь хийж өгсөн нь Н.Багабанди түүний эцэг болох ашигт матлмалаас төрсөн тэрбумтантай хэтэвчээрээ холбогдсоноос үүдэлтэй байж мэдэх.

 

“МАК” компанийг Гашуун сухайтын ордод “Тогтвортой байдлын гэрээ” нэрээр 10 жил эзэн суухад нь Н.Багабандийн нөлөө тус болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэгт тэрбээр ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах үйлдлийг аль нэг хэлбэрээр гаргасан болов уу гэх хар төрдөг. Тэдний одоогийн нөхөрлөл хийгээд ашиг сонирхлын нэгдлүүд үүнийг батлах нотолгоо байж ч магад.

 

Тухайлбал, Т.Нямтайширын охины хуриманд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Н.Багабанди хоёр л уригдан очиж байсан гэдэг юм. Ардчилсан намынхан уг нь түүнд дургүй. “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байсан 1996-2000 оны үед Ерөнхийлөгч Н.Багабандийг хэтэрхий хатуурхаж, эрх мэдлээ хэтрүүлэн эдэлсэн гэж үздэг. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан хүчний лидер Да.Ганболдыг долоон удаа буцааж, зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байсан.

 

Тиймд өнөөдөр засгийн эрхийг, тэр дундаа Авилгатай тэмцэх газрыг атгаж байгаа АН-ынхан нэхэл хатуутайгаар Н.Багабандийг ямар нэг ял зэмд унагахаар ухаж төнхөж мэдэх л байлаа. Гэвч Ардчилсан намын толгойд Ц.Элбэгдорж байгаа нь түүний аврал болов. Тэр Н.Багабандийн тухайд толгой сэгсэрсэн хэрэг. Монгол Улсад асар их хохирол авчирсан Тогтвортой байдлын гэрээ гэгчийг ашигт малтмалын олон компаниудтай байгуулах үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүү дээ, тэд.

 

Нөгөөдүүл нь энэ шийдвэрийн үрээр асар их ашиг халаасалсан учраас мань хоёрт унац очсон л байж таарах гээд байна. Аяганы хариу өдөртөө байдаг бол алтны хариу чухам хэдэн жилдээ үргэлжилдэг юм бол доо.



Д.Дорно

Эх сурвалж: "Нийгмийн толь"