Мөнгө тараасны "гор" уу
2016/06/23
Иргэдийн гар дээр "амьгүй" байсан хувьцааг иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байгаа 1072 хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь авч буй.
Хувьцааны 30 хувийг худалдаж авахаар эхний ээлжинд 67 тэрбум төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлжээ. Хувьцааг эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртээнэ гэж өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө ам гарсан. Гэтэл цаг үеэ арай л олоогүй үед иргэдээс худалдаад авчихлаа. Эдийн засаг нь мөлхөж яваа манай улсын төсөвт иргэдэд тараах бэлэн мөнгө байсан гэдэг нь тун эргэлзээтэй байгаа юм.
Учир нь төсвийн тодотгол хийгээгүй байж тэтгэвэр, халамжийг нэмэх шийдвэрийг зургаадугаар сарын 01-нд гаргасан. Замын компаниуд хийсэн ажлынхаа хөлсийг авч чадалгүй явсаар ажилчдаа цомхотголд оруулжээ. Өөрөөр хэлбэл, Авто Замын салбарын хэмжээнд нэгдүгээр сараас хойш удаа дараалан хэвлэлийн бага хурал хийж, 2014, 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлс болох 40 гаруй тэрбумын авлагатай байгаа юм. Тухайлбал, "Гудамж төсөл"-ийн 7.5 тэрбум төгрөг, 22 аймгийн 28 компанийн авто зам засварын хувьд 8 тэрбум төгрөг гэж баталсан аж. Гэтэл төсвийн мөнгө орж ирээгүй улмаас ажилчдаа 50 хувиар цомтгох эрсдэлд хүрсэн байна. Мөн нэгдүгээр сараас хойш 200 мянган төгрөгийн цалин аваад замчид засвараа хийж яваа тухай Монголын Авто Замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв хэдхэн хоногийн өмнө дуулгасан.
Ийн төсөв нь хүрэлцэхгүй байхад иргэдээс хувьцааг нь худалдаж авч буй нь хэр оновчтой вэ. Үүнийгээ тараахын тулд арилжааны банкуудад 3 хувийн шимтгэлийг төлж байгаа. Энэ нь мөнгөн дүнгээрээ 1 хүний 9 мянган төгрөг гэсэн үг. Энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа гэж хардах хүн олон байна. Гэтэл Улсын төсөв 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
Нөгөөтэйгүүр, энэ бэлэн мөнгийг тарааснаар үр дүнтэй зүйл болохгүй байна. Өчигдөр өглөө гэрээсээ гарч ирэхэд нэг эмэгтэй, хоёр эрэгтэйтэй маргалдаж зогсоно. Тэдний яриаг сонсвол нэгнийхээ хувьцааны мөнгөөр уусан гурав бололтой. Эмэгтэйн гэрт хүүхэд хэцүүдэж байгаа. Одоо чамд хэдэн төгрөг үлдсэн гээд тооцоо хийж, авсан зүйлсээ хоёр эрэгтэй нөгөө эмэгтэйд тайлагнав. Эмэгтэй нь "40 мянган төгрөг үлдэж тэрийг өгчих би харилаа" гэхэд бид хоёрт одоо ганц юм аваад өгчих, мөнгөө орж ирэхээр буцааж өгнө өө хэмээн царайчилсаар үлдэв. Энэ мэтчлэн эх орны хишиг гэгдэж буй хувьцаагаа худалдсан иргэд архидан согтуурч байгаа нь халагламаар...
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гэр бүлийн хоёр амиа алдсан зам тээврийн ноцтой осол гарсан. Энэ хэрэг хувьцааны мөнгөтэй холбоотой болох нь тогтоогджээ. Талийгаачид хувьцааны мөнгөө авч архи ууж, ингээд нэмж архи худалдаж авахаар дэлгүүр орох замдаа автомашинд дайруулсан.
Долоо хоног бүр хуваагдан орох мөнгөний "гор" уу гэлтэй энэ хар үйл явдал бүү нэмэгдээсэй билээ.
Зочин · 2016/06/24
Их хүссэн хүмүүст төрийн жолоог бүү өг. Бидэнд сонголт алга, ард нийтээрээ согуульд оролцохгүй байцгаая. Тэгээд нийтээрээ хэлэлцэж шийдэл гаргах боломжийг бүрдүүлье. Тэртэй тэргүй луйварчид идэж ууж, тараагаад үрж байгаа мөнгийг оновчтой шийдэл гаргахад нэг удаа зарцуулахад алдах юм байхгүй шүү иргэд ээ
Зочин · 2016/06/23
cool
Зочин · 2016/06/23
яана даа энэ эрх баригчидыг. өөрсдөө мөнгө тарааж болохгүй гэж 4 жил ярьчихаад одоо ингээд бэлэн мөнгө тарааж байдаг. Ичих булчирхай гээч түй ч ч алга. Монголын төрд ёс зүй алга.
Зочин · 2016/06/23
Энэ засгийнхан сонгогдож л байвал тэдэнд эх орон хамаагүй бололтой