Лондонд дуудагдсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд Оюутолгой ордын бүх хөрөнгийг дэнчин тавих уу
2013/09/22
“Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд Лондонд дуудагдлаа. Нэгэн цагт Оросууд манай төрийн удирдлагуудыг Кремльд дуудаж, тэнд монголчуудын хувь заяаг шийддэг байсан бол одоо Лондонд дуудагддаг боллоо.
Өнөөдөр Монголын хувь заяа “Рио Тинто” хэмээх компанийн гарт орчихсон учраас тэр. Өнгөрсөн бямба гарагт Лондонг зорьсон “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд “Рио Тинто”-гийнхонтой “Оюутолгой” компанийн далд уурхайн үйл ажиллагааг хэвийн болгох талаар яриа хэлэлцээр хийх зорилгоор явсан юм. Тодруулбал, саяхан шинээр томилогдсон ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу нар “Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзаж, өмнө нь шийдэгдээгүй байсан асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцахаар ийнхүү Лондог зорив. Анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн “Рио Тинто” компани далд уурхайн санхүүжилтээ зогсоосон нь манай улсад хүнд цохилт болсон юм. “Рио Тинто” компани ийнхүү нүүр буруулснаараа Монгол Улсын бодлого, хууль тогтоомжийг тогтворгүй мэтээр дэлхийд харагдуулах болсон. Монгол Улсын тухайд “Рио Тинто” компанийг царайчилахаас өөр аргагүй болж байх шиг байна.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, С.Ганбаатар, Г.Уянга нар “Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилтын асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж буйгаа мэдээлсэн юм. “Рио Тинто” компанийн зүгээс “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж үзэж, Монголын Засгийн газрыг энэ асуудлыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлт тавьсан. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрвөл Монголын ард түмэн хохирно гэж дээрх гишүүд үзжээ. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани урт хугацаатай их хэмжээний зээл зуучлан өөртөө баталгааны шимтгэл бусад хэлбэрээр 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежментийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг нэмэгдүүлэн авч, зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус бүх хөрөнгийг бүхлээр нь тавих аж. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бүрдүүлж, улмаар Олон улсын тунхаг, гэрээ, 1803 конвенцыг зөрчиж байгаа талаар дээрх гишүүд мэдээлсэн юм. Түүнчлэн “Рио Тинто” компани өөсдийн эрсдлийг олон тооны зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллагад шилжүүлж, Монгол Улсыг хэдэн үе дамжсан өрийн дарамтанд оруулж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын аманд барьж өгөх бодлого баримталж байна. Нөгөө талаар энэхүү том төслөөс ирээдүйд Монгол Улсын авах ашиг, орлого буурах нөхцөл бүрдэх юм.
Монгол Улс үйл явц, тооцоо нь тодорхойгүй өрийн дарамтанд орох ёсгүй. Энэхүү гадны нөлөөлөлд оруулах тулгалтын өмнө Монголчууд бид эв нэгдэлтэй байж, бие биенээ хүндэтгэн зөв шийдвэр гаргах ёстой юм. “Оюутолгой” төсөлд нэмэлтээр оруулах хөрөнгө оруулалт нь Монгол Улсын хууль, талуудын байгуулсан гэрээ, олон улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар, зээлийн гэрээний гол нөхцлүүд болон барьцаа, холбогдох тооцооллууд, төслөөс ямар хугацаанд, ямар хэмжээний өгөөж авахаар өөрчлөгдөж байгаа асуудлаарх мэдээллийг УИХ-д ирүүлж, 2013 оны есдүгээр сарын 24-ны дотор иргэд олон нийтэд дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл хийхийг шаардаж байна. Хэрэв дээрх асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийт, иргэдэд өгөхгүйгээр “Рио Тинто” компаниас тулгаж байгаа зээлийн гол нөхцлүүдийг зөвшөөрвөл Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газартай хариуцлага тооцох үндэслэл болно гэдгийг дээрх гишүүд хатуу анхааруулав.
Оюутолгой орд нь 1850 тонн алтны нөөцтэй. Төсөл хэрэгжих хугацаанд 1 унци алт 1300 ам.доллар байлаа гэж тооцоход Оюутолгой компани 7.5 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Учир нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд алтны компаниуд 10 хувийн татвар төлдөг, харин дээрх хууль батлагдсан нөхцөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцохоор 7.5 хувийн хөнгөлөлт эдэлж, тэр хэмжээгээр 5.7 тэрбум ам.долларыг “Рио Тинто” компанид зүгээр алдах болж бүрдэж байгаа юм. Монгол Улс үнэхээр Оюутолгой ордоо тавиад туучихаж байгаа хэрэг үү. Үүнээс өөр гарц байхгүй гэж үү.