Монгол улсын  төсвийн орлого  их хэмжээгээр тасрах нь тодорхой болсон энэ цаг үед Ерөнхий сайд  Уул уурхайн салбарт чиглэсэн таван хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн.  Улмаар салбар хариуцсан сайд нараараа  таван өөр хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариулсан билээ. Хөрөнгө оруулалтын хууль нь түүхий бөгөөд хэтэрхий яарсан, хэсэг бүлэг нөхдөд чиглэсэн хуулийн төсөл болох нь тогтоогдсон.  Мөн уг хуулийнхаа үндсэн хоёр баганы нэгийг нь хаа нэгтээ гээсэн хэмээн шүүмжлэл дагуулаад байгаа. 

Одоо шүүмжлэл дагуулж байгаа дараагийн хууль нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл.  Энэхүү хуулийн төслийг баталснаар Монголбанкны алтны нөөцийг арвин болгох гэнэ. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хөгжлийн сайдын санаачилсан алдаатай гэж х элж болох  гэнэтий ашгийн 68 хувийн татварын улмаас Монголбанкны алтны нөөц эрс багассан. 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 68 хувийн татварын нөлөөгөөр зургаан тонн буюу олборлолт дөрөв дахин буурсан байдаг.  Харин Эдийн засгийн хөгжлийн сайдын тайлбарлаж  байгаагаар энэхүү хуулийг баталснаар 2000 оноос хойш зургаа дахин  өссөн алтны зах зээл ил тод болох юм байх.   Өөрөөр хэлбэл алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг заасан бөгөөд алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор болсон байна.  Ингээд харахаар үнэхээр сайхан хуулийн төсөл.  Монголбанкны нөөцийг зузаатгаад, алтны худалдаанд оролцогч  хүн бүхэн  ил тод болоод л...

Харин энэ хуулийг анхнаас нь батлахгүй байх бас хэд хэдэн шалтгаан байнаа.   

Aлт ихээр олборловол олон хүний амь эрсдэнэ. Алт дагаж амь гэж үг байдгыг санах хэрэгтэй.  Буурлууд ч мөн алт газрын гагнаас, учиргүй ухаж авч үл болно, шунаж их авбал тогтцод нөлөөлөх, газар хөдлөх, элдэв аюул ихтэй гэдэг. Өөрөөр хэлбэл алтны олборлолт энэ хуулийн баталснаар эрс нэмэгдэнэ.  Харин өмнө нь алт олболрлож байсан, одoо алт олборлож байгаа нөхдүүд нөхөн сэргээлт хийж байна уу. Дийлэнх нь үгүй.  Өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга сум гамшгийн хэмжээнд очоод байна.  Яг ийм дүр зураг олон газарт харагдаж байгаа.  

Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийг эсэргүүцэж байгаа дараагийн үндэслэл бол энэхүү хууль нь хэсэг бүлэг нөхдүүдэд л чиглэсэн, Монголын ард түмнийг хохироохоор хууль байгаад оршиж байгаа юм. Тодруулбал алтанд ашигт малтмал ашигласны төлбөр 5 хувийг багасгаж, 2,5 хувь болгох, өсгөн нэмэгдүүлэх төлбөрийг тэг  болгоно гэж заажээ. Алтны худалдааг ил тод болгох замаар  татваруудаас хөнгөлж,  чөлөөлж хэсэг бүлэг нөхдүүдийг хөлжүүлэх гэсэн санаа.  тэгвэл эндээс хэн хожиж болох вэ? Хамгийн асуудал дагуулаад байгаа Оюутолгойгоор жишээ авъя.  Оюутолгойн олборлох алтнаас авах татвар хуулинд шууд хамааралтай.  Оюутолгой ашиглалтад орсноор улс жилдээ 30 орчим тонн алт олборлох боломжтой. Нэг тонн алтны борлуулалтын үнэ ойролцоогоор 55 тэрбум. 30 тонноос 1 их наяд 655 тэрбум төгрөгийн орлого оллоо гэж тооцоход 5 хувийн татвар 82.5 тэрбум. Өөрөөр хэлбэл бид нэг жилд 41 тэрбумыг эндээс алдана.  

Яг энэ хуулийн заалт олон байгууллагад хамааралтай.  Тэр хэмжээгээр манай улс хохирно гэсэн үг.  Энэ мэтчилнэгээр уг хуулийн төслийн батлахгүй байх олон үндэслэл байгаа юм.

Хэсэг бүлэг нөхдөд ашигтай энэ хуулийг батлах эсэхийг одоо л эргэж хармаар байгаа юм.  

А.Баярмаа