Элсэлтийн ерөнхий шалгалтын материалын хариу задарсан гэх асуудал гарсан. Энэ талаар Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагад 2016 оны ЭЕШ-ын материал задарсан гэх гомдол ирсэн. Тус гомдлын дагуу бид шалгалт хийхэд, урьдчилсан байдлаар дараах зүйлүүд тогтоогдсон байгаа. ЕБС-ийг энэ жил төгсөж буй Э нь 2016 оны зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Фэйсбүүк ашиглан ЭЕШ-ын математик, нийгмийн ухааны тестийн хариулт гэх мэдээллийг иргэн Н, Б, Х, Б гэх энэ жил ЕБС-ийг төгсөж буй 4 хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Уг мэдээллийг худалдаалсан иргэн Э нь тухайн хариулт гэх материалаа энэ жил сургуулиа төгсөж буй иргэн З-ээс худалдаж авсан. Харин иргэн З нь хувийн их, дээд сургуулийн Эдийн засгийн онолын багш 52 настай иргэн Д гэгчээс худалдан авсан. Энэхүү иргэн Д нь 12-р анги төгсөж буй сурагчдад хувиараа ЭЕШ-нд давтлага өгдөг багш байсан. Материал тараасан гэх иргэн Д нь ЭЕШ-ийн материал боловсруулах комисст орж ажилладаггүй. Мөн иргэн Д нь хүүхдүүдэд материалаа худалдаалахдаа "Энэхүү материал нь ЭЕШ-нд ирж болзошгүй тест юм" гэж хэлсэн гэдэг нь урьдчилсан байдлын шалгалтын дүнд тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ирж болзошгүй гэсэн материалыг иргэн З нь иргэн Э-д худалдаалж, иргэн Э нь энэхүү материалыг ЭЕШ-ын хамгийн сүүлийн хариу гэж бусдад худалдаалсан гэсэн үг юм" хэмээн ярилаа.

Мөн ЭЕШ-тай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга А.Ганбатаас цөөн зүйл тодрууллаа.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан талаар?

- Бар кодон дээрх хариулт зөв. Гэхдээ энэ нь шалгалтын дараа задарсан.

- Бүх хичээлийн шалгалтын материалын хариу задарсан гэж байгаа?

- Зарагдсан хоёр хичээл байгаа ш дээ. Тэрэн дээр харах юм бол тэр Д гэгч багшийн гаргасан шоблом дээр толгойг нь математик гэж бичиж тараагаад, нийгэм гэж бичиж тараагаад, физик гэж бичиж тараасан асуудал байгаа.

- Хэчнээн төгрөгөөр худалдсан юм бол?

- Тэрийг цагдаагаас асуусан нь дээр байх.

- Өндөр оноо авсан хүүхдүүдийг үнэхээр сурлага сайтай байсан эсэхийг шалгана гэсэн энэ талаар?

- Тийм. Бид бүгдийг нь шалгаад үзчихсэн байгаа. Гэхдээ одоогоор тэр хүүхэд тэдэн оноо авсан гэдгийг хэлэх боломжгүй. Аяндаа 2016.07.01-нд бүх оноо олон нийтэд нээлттэй болно.

- ЭЕШ-ын материал боловсруулах комисст хэчнээн хүн багтсан бэ?

- Шалгалтын материал боловсруулах, хэвлэх, уутлах, битүүмжлэх зэрэгт нийт 40 орчим хүн ажилладаг. Эдгээр 40 хүнийг шалгалт эхлэхээс нэг сарын өмнө тусгайлан утасгүй, интернетгүй, сүлжээгүй, бүрэн камержуулсан вакум орчинд цагдаагийн хамгаалалтан доор шалгалтын материал боловсруулах, хэвлэх, уутлах, битүүмжлэх процесс явагддаг. Тухайн хүмүүс шалгалт дууссаны дараа буюу 2016.06.19-ны орой тухайн объектоос гардаг.

- Шалгалт авах үеэр хэчнээн багш хянасан бэ?

- Шалгалт авахад анги танхимд хяналт тавих хүн давхардсан тоогоор 10 000 гаруй байгаа. 10 000 гаруй хүнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллуулахад төвөгтэй. Хянагч багш нарийн буруугаас зөрчил гарсан байхыг үгүйсгэхгүй. Тухай бүрт нь бид багш нарт нь хариуцлага тооцон арга хэмжээ авч байгаа. Яг анги танхимд ажиллах багш нарын нэрийг тухайн дүүргийн Боловсролын хэлтсээс өгдөг.

- Хэрвээ шалгалтын хариу задарсан хичээлүүдэд маш олон хүүхэд 800 оноо авчихсан байвал яах вэ?

- ЭЕШ-ын оноог гаргахдаа олон улсад хэрэглэдэг хэмжээст аргачлалд шилжүүлж гаргаж байгаа. Тухайн хүүхдийн хувьд анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн 4 үзүүлэлтээр бодож гаргаж байгаа. Хэмжээст оноо нь тусгай боддог аргачлалтай байгаа. Тухайлбал, хүүхдийн авсан оноо, нийт шалгуулагчийн тоо, нийт шалгуулагчийн дунджаас хамаараад тухайн хүүхдийн хэмжээст оноо гарч байгаа. Тэгэхээр хэдэн ч хүүхэд хамрагдсан бай нийт шалгуулагчийн 3 орчим хувь нь 800 оноо авдаг. Тэгэхээр энэ жил олон хүүхэд 800 оноо авсан, өнгөрсөн жил цөөн хүүхэд 800 оноо авсан гэсэн харьцангуй ойлголт байхгүй.

-Баярлалаа.

Энэ жилийн хувьд ЭЕШ авах байранд материал илэрүүлэх төхөөрөмж, сүлжээ унагагч төхөөрөмж тус тус ашигласан байна. Харин математикийн шалгалтад ирж болзошгүй гэх материалыг 500 000 төгрөгөөр худалдаалсан ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа