Саналаа өгөөгүй хүмүүс шүүмжлэх эрхгүй шүү
2016/06/29
Яг өнөөдөр Монгол орон даяар УИХ болон НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ удаагийн ээлжит сонгуульд нийт 1 910 878 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 50 орчим хувь нь залуус байгааг албаны эх сурвалжууд хэлж буй. Түүнчлэн жилээс жилд залуусын идэвхи оролцоо муу байдаг төдийгүй нийт залуусын дөнгөж 40 орчим хувь нь л саналаа өгдөг хэмээн тэмдэглэгджээ.
Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүд, нийслэлийн ИХ-ын төлөөлөгчдийг хамгийн ихээр шүүмжилдэг хүмүүс нь залуус байх юм. Тэгвэл сонгогчдын боловсрол, тэдний идэвхид танадалт үнэлгээ хийдэг байгууллагын мэргэжилтэн “Залуус сонгуульд маш идэвхгүй оролцдог хэрнээ дөрвөн жилийн дараа шүүмжлэхдээ гаргууд сайн байдаг. Өөрсдийнхөө төлөөллийг өөрөө сонгоогүй байж өрөөлийн сонгосон хүмүүсийг тэд шүүмжлэх эрх байхгүй” хэмээн хэлж байна.
Яг л өнөөх улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй байж, хамгийн түрүүнд халдвар тарааж, төр засгийг буруутгаж байсан шигээ залуус сонгуулийн санал хураалтад ч хайнга хандаж байх шиг. Угтаа бол манайхаас бусад оронд саналаа өгөөгүй иргэнийг үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, торгуулийн арга хэмжээ тооцохоос эхлээд шүүхээр асуудлыг нь шийдвэрлүүлдэг жишиг байдаг юм байна.
Тэгэхээр хэн нэгнээр хүчлүүлж, хэлүүлээд байлгүй 18-35 насны залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. Түүнчлэн зарим нийгмийн идэвхтэй залуус саналаа аль хэдийнэ өгчихөөд бусдыгаа “Орондоо орк царайлж хэвтэлгүй үүргээ биелүүл” хэмээн уриалж байгааг ч дамжуулчихъя.
Хэрвээ өнөөдөр саналаа өгөөгүй бол дөрвөн жилийн дараа дүлий дүмбэ оргиод сууж байх хэрэгтэй шүү.
www.mminfo.mn