Энэ оны нэгдүгээр сард нэг монгол эмэгтэй зочид буудлын цонхоор унаж, төмөр хашаанд сүлбүүлэн амиа алдсан аймшигт хэрэг гарсан юм. Тухайн үед Монголд ажиллахаар ирсэн БНХАУ-ын иргэнийг хэрэгт холбоотой хэмээн шалгаж байв. Гэвч удалгүй тус хэргийн талаар тоймтой мэдээ дуулдалгүй тэгэсхийгээд нам гүм болж билээ. 
 
Харин дээрх хэрэг гарсны дараахан ийм нэг мэдээлэл олны дунд таржээ. Амиа алдсан монгол эмэгтэй зочид буудалд БНХАУ-ын иргэнтэй цуг цэнгэж байгаад мөнгөний асуудлаар маргаж, тэгээд өөрөө цонхоор үсэрч осолдсон гэнэ. Ингээд нялх хүүхэдтэй хөөрхий эмэгтэй өөрөө буруудсан төдийгүй “бие үнэлэгч”, “амиа хорлогч” нэр зүүн хорвоогоос оджээ.
 
Гэтэл дээрхтэй яг ижил хэрэг давтан гарав. Өнгөрсөн 08 сарын 07-нд нэг монгол охин зочид буудлын цонхоор “унаж” амиа алджээ. Хөөрхий охин амь тавихын өмнө өвдөхдөө ёолж байсан гэдэг. Уг хэргийн газар сэтгүүлч очиж авсан гэрэл зургуудад түүний хэрхэн зовсныг гэрчлэх нүд халтирам дүр зураг нь үлджээ. 
 
Хохирогч тус буудлын ажилчин байв. Буудал БНСУ-ын иргэний эзэмшлийнх ажээ. Хэргийн газар буудлын захирал гэх солонгос эрээс өөр гэрч байгаагүй гэнэ. Гэрч гэх солонгос эр хохирогчийн талаар мөн л хачин зүйл ярьжээ. Түүний хэлснээр залуу эмэгтэй түүний өрөөнд гэнэт гүйж орж ирээд шууд цонхоор үсэрсэн гэнэ. Тэр “амиа хорлогч” ажээ. 
 
Харин хэргийн дараахан зарим нэг мэдээллийн хэрэгсэлээр хохирогчийн талаар бас нэг таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тэр солонгосчуудтай архи ууж байсан гэнэ. Ингээд харь эзний буудалд ажиллаж амьдралаа залгуулж явсан бас нэг эмэгтэй “архи ууж”, “амиа хорлосон” болж хувирах гэж байгаа бололтой. 
 
Дээрх аймшигт хэргүүдийг мэдээлсний дараа хөөрхий эмэгтэйчүүдийг “муу янхан, хохь нь” гэж хэлэх ухвар мөчид этгээдүүд захаас аваад байсан юм. Гэвч зовлон хэлж бус, хийсч ирнэ гэдэг.
 
Ийм гэмт хэрэг хэзээ нэг өдөр тэднийг, эсвэл тэдний дотны хүмүүсийг ч дайрч болно. Тэр үед тавлагчид юу хэлж, хэнээс аврал эрж явах вэ? Үүнд л хэргийн гол учир бий. Яагаад гэвэл энэ хэрэг бүх монголчуудад хамаатай юм.  
 
Монголчуудын хувьд тун хариуцлагатай мөч иржээ. Монгол эмэгтэй харь иргэнтэй холбоотойгоор амиа алдсан хэрэг ил тод, шударгаар шийдэгдэж чадах уу? Учир нь хэргийг шударгаар шийдвэл монгол охид, эмэгтэйчүүдэд тохиолдож болох олон аймшигт хэргүүдийг таслан зогсоож, хэн бүхэнд хатуу сануулга өгөх болно.
 
Хэрэв ингэж чадахгүй бол тэднийг “бие үнэлэгч”, “амиа хорлогч”-ын харанхуй хувь тавилан улам бүр отон хүлээх болно.  Гэвч хэрэг тун ээдрээтэй гэдэг нь тодорхой байна. Сүүлийн хэргийн дараахан дургүйцсэн иргэд эсэргүүцэн жагсаж төрд үгээ хэлэх гэсэн боловч тэдэнд ийм боломж олдсонгүй.
 
Яг энэ үед жендэр, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллагууд, энэ талаар хамгийн их ярьж эрх мэдэлд хүрсэн улс төрч, сайд нар бүгд амаа үдүүлсэн мэт чимээгүй өнгөрсөн юм. Яагаад энэ хэргийг оны анхаарлаас хөндийрүүлж, нам гүм шийдэх гээд байна вэ? 
 
 
Жич: Дээрхийг бичигч нь эмэгтэйчүүд ба жендерийн төлөө “цогтой тэмцэгч” биш, харин жирийн эрэгтэй хүн болно.     
 
Т.Төмөрт