М.ЦЭЦЭГ

Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилж байна. МАН-ын ялалт, АН-ын ялагдлын шалтгааныг дор бүрээ дүгнэцгээж буй. Эцсийн дүндээ МАН сайндаа ч ялаагүй. Сонгогчдод өөр сонголт байхгүй учраас дэвшсэн хүн бүрийнх нь нэрийг дугуйлж, тэднийг үнэмлэхүй олонх болгон, УИХ-д 65 суудалтай болголоо. Харин АН-ын нэрээр есөн хүн ялж, парламентад дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авлаа. АН-ын ялагдлын шалтгаан бол тэд өнгөрсөн дөрвөн жилд муу, бүр маш муу ажилласан.

Тэднийг дахиж сонгохгүй болтлоо туйлдсан сонгогчид аргагүйн эрхэнд МАН-ыг сонголоо. Гэхдээ үнэмлэхүй олонх боллоо гээд баярын дарс буудуулах хэтэрхий эрт байна. Тэд ямар эдийн засагтай, ямар дүр төрхтэй улсыг хүлээн авч байгаагаа эхлээд бодох ёстой. Ард түмэн сайн нам гэж сонгоогүй, маш том хариуцлага үүрүүлж, үүрэг даалгавар өгснийг тулхтай хүчин ойлгож байгаа байх. Өнгөрсөн жилүүдэд улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, иргэдийн амьдрал хэтэрхий доройтсон байгаа. Сөрөг хүчин байхдаа энэ бүгдийг ярьж пи-ар хийж байсан МАН айл бүрийн босгоор давах амьжиргааны өртгийг дээшлүүлэх шаардлагатай. Энэ бол наад захын даалгавар. Цаашлаад улс орны эдийн засаг, өөрсдийнх нь дөрвөн жил ярьсан гадаад өр гээд эмхэлж цэгцлэх олон ажил бий. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын хувийг хэн, хэрхэн худалдан авсан тухай ард түмэнд нээлттэй болгох ёстой юм. Хуучин шигээ хэт удаан ажиллах эрхгүй шүү, МАН-ынхаан. Хурдтай ажиллаж, дараагийн сонгуулиас өмнө эдийн засгийг сэргээж, таллаж авдаг талх, граммалдаг ургамлын тосны үнийг өсгөхгүй байх ёстой. Ийм үүргийг ард түмэн өгсөн. Харин энэ удаагийн ялалт 2020 онд жинхэнэ утгаараа гарна. Хэрэв сайн ажиллаж чадвал дараагийн сонгуульд ард түмэн дахиад тохирсон дүн тавина. Иймээс Монголыг аврах хүнийг МАН-ынхан дотроосоо маш ухаалгаар сонгох учиртай. АН-ын ялагдлын шалтгаан удирдлагын багт нь байсныг мартаж болохгүй.

 

АН-ЫГ ХЭН “АЛСАН”, ОДОО ХЭН АВРАХ ВЭ?

 

Төрийн эрхийг барьж байсан Ардчилсан намын хэдхэн дарга нар увайгүй загнасан. Төрийн албыг төрөл, намын алба болгож, өч төчнөөн хүнийг ажилгүй, орлогогүй болгосноос гэр бүл хүртэл салж сарнисан гашуун туршлага бишгүй тохиосон. Энэ үйлдэлд нь ард түмэн дургүйцэж гомдсон.

Дээр нь АН маш муу удирдагчтай байв. Угаас олон бүлэг, фракцтай тус намд ажил, албан тушаалын зодоон байнга гардаг байв. Н.Алтанхуяг намын дарга байхдаа эв зүйтэйхэн хэдэн фракцийнхаа аргыг олдог байсан. Гэвч энэ нь заримд нь таалагдаагүй, зарим фракц илүү олон сайдын суудал авах гэж улайрснаар “Алтангадас”-ыг арчиж, Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдаас огцруулсан. Энэ ажиллагааг Ардын намынхан биш АН-ынхан өөрсдөө гүйцэтгэсэн билээ. З.Энхболд намын дарга болж, өөрийн удирддаг “Шонхор” фракцийн хүмүүсийг сайд, дарга, орон нутагт намын үүрийн дарга болгох гэж улайрсан. Шонхорууд л АН-ын толгойд сууж байвал нам нь сонгуульд ялах эсэх тухай тэр ерөөсөө бодож үзээгүй байх. Эцэст нь ард түмнээс АН ийм дүн авлаа. З.Энхболд өөрөө ч дүнгээ тавиуллаа. Монголчууд эв түнжинтэй байхыг эрхэмлэдэг ард түмэн гэдэг нь эндээс харагдлаа. Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг хэрхэн яаж зайлуулах вэ, тэднийг тойрон хүрээлэгчдээс нь хэнийг хэрэг төвөгт унагааж, баривчлах, хорих вэ гэдэг дайн өрнөсөн жилүүд байв. Байнга хоорондоо байлддаг АН ард түмэнд хэзээ ч таалагдахгүй гэдэг нь тодорхой болов. Хар л даа. “Шонхор”-ын удирдагч З.Энхболд, МоАХ фракцийн дарга Х.Баттулга, “Алтангадас”-ын Н.Алтанхуяг, “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөр гээд бүгд ялагдлаа. МҮДН фракцийн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал нар дэвшиж чадаагүй.

Мөн сонгуулийн дүнг өөрсдөдөө ашигтай байлгах хуулийг Цэцэд өгч намын нэрээр сонгогдох пропорциональ хувилбарыг халсан. Хуулийн хугацаа дууссаар байтал тойргийн хэмжээг жижигрүүлж олон болгосон. Бүр хүн тус бүртээ зориулж тойргоо зурсан байв. Ая тал зассан хүн болгонд тойрог байгуулж өгсөнөөс биш тэнд хэн ялах вэ гэдэг тооцоог хийгээгүй. Энэ бүгд АН-д ялагдал авчрав. Дээр нь өөрсдийн гишүүдээ үл тоон ИЗНН, МҮАН, Эх орон намын дарга нарыг элсүүлж нэр дэвшүүлсэн. Тэднээс нэг ч хүн ялж, АН-д нэмэр болсонгүй. Энэ мэтчилэн З.Энхболдын буруу тактик, сонгуулийн менежмент, пи-арын баг байхгүйгээс ялагдал хүлээв. Хэрэв энэ бүгдэд анхаарсан бол ядаж 10-аас дээш суудал авах байсан биз.

Дээр дурдсан хүмүүс АН-ыг “алсан” бол одоо шинэ хүмүүс аврах учиртай. Ялагдлын хариуцлагаа З.Энхболд хүлээж намын даргын ажлаа өгнө. АН шинэ даргатай болж цааш явна. Хуучин хэдээсээ салахгүйгээр амжилтад хүрэхгүй нь мэдээж. Тэгэхээр шинэ парламентад сонгогдоод буй есөн гишүүнээсээ нэгийг нь даргаар сонгох болов уу. Тэр нь хэзээ ч “Алтангадас”, “Шонхор” фракцийн хүн байж таарахгүй. Хэрэв тэгвэл 2020 онд дахиад ялагдана.

 

Э.БАТ-ҮҮЛИЙН БАГ Л АЖИЛ ХИЙЛЭЭ

 

АН-ын өнгөтэй фон нь ганцхан Э.Бат-Үүл байв. Өнгөрсөн дөрвөн жилийн турш Ардчилсан нам Э.Бат-Үүлийн нөмөрт явсан. Нийслэлд хийсэн ажлаар нь АН-ыг дүгнэж байгаа. Сонгуулийн сурталчилгаа, пи-ар ч Нийслэлийн Ардчилсан нам дээр голлож явсан. Ардчилсан намд ямар ч сурталчилгаа, пи-арын мэдрэмж байгаагүй. Нийслэл дээр л нэлээд ажилласан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч МАН-ыг сонгосон иргэд дагаад л нийслэл дээр АН-ыг унагачихлаа. Ажил хийсэн, талцал хэрүүл үүсгээгүй, намаа ч , нийслэлийг ч сайн удирдсан Э.Бат-Үүлд л энэ сонгуулийн дүн харамсалтай санагдсан байх.

Тэрээр мөн хариуцлагаа хүлээж Нийслэлийн Ардчилсан намын даргын ажлаа өгнө. Үүнийгээ ч өчигдөр албан ёсоор зарласан. Бас л шинэ хүн Нийслэлийн АН-ыг удирдах хэрэгтэй болно. Боломжийн боловсон хүчин АН-д байгаа ч шинэ залуу гишүүдээ гаргаж ирэхийг хүсдэггүй. Хуучин егзөр гарууд нь өөрсдөө гарах гэж зүтгэснээс сонгуулийн салхийг буруу тийш нь эргүүлчихсэн. Харин одоо ард түмэн шинэ, залуу боловсон хүчин хүлээж буйг ялагдсан хөгшчүүд нь ойлгосон байлгүй.

 

Н.ТҮВШИНБАЯРТ ТОМ СУРГАМЖ ӨГӨВ

 

“Женко” Х.Баттулгыг дагаж Баянхонгорт очоод ялагдсан олимпийн аварга Н.Түвшинбаярт том сур­гамж өгсөн сонгууль боллоо. Өөрийн гэсэн тол­гойгүй, хүн дагаж далдганах ийм аюултайг тэр ухаараад хэдхэн хо­ногийн дараа болох олимпдоо бэлдэх хэрэгтэй боллоо. Монголчууд мангар биш. Булганы хүн бага олимпод нь түрүүлсэн гээд Баянхонгорт яваад очихоор сонгочихно гэж найдсан байх л даа. Арай л гэнэн байна. Олимпийн аварга гэж хэчнээн хайрлаж хүндэлдэг байлаа. Ийм сайхан хүндлэлийг төр эргүүлж, бужигнуулдаг хэсэг бүлэг хүнийг да­гаж гүйсээр шороотой хут­галаа. Н.Түвшинбаярыг одоо Монголын ард түмэн өм­нөх шигээ хайрлах болов уу. Тэр Б.Бат-Эдэнэ аварга шиг тамирчны карьераа дуус­гаад улс төрд орсон бол өөр хэрэг. Монголчууд түүнийг олимпийн дэв­жээн дээрээс ялалттай ха­рахыг хүссэнээс биш Төрийн ордны хэ­рүүлийн тан­химаас харахыг хү­сээгүй гэдгийг сон­гуулийн дүн хэлж өглөө. Энэ бол том­чуудыг дагаж намираад буй тамирчдад өг­сөн том сургамж байв.

 

ПОПУЛИСТУУД ӨНДРӨӨС УНАВ

 

Бас нэг зүйл бол сонгогчид хэл амаа билүүд­сэн популис­туу­­даас залхжээ. Г.Уянга, С.Ганбаатар гээд ярих, шүүмжлэх, хэрэл­дэхдээ гаргуун, хийж хэрэг­жүүлэхдээ хойрго, нам, эвсэл сольж сэлгэдэг, урваж шарвахдаа гаргуун хүмүүс гудамжинд гарлаа. Сайхан ярьж ард түмний толгойг нэг удаа эргүүлж болох ч хоёр дахиа болдоггүй юм шүү дээ, популистууд минь. Улсын хэмжээнд рейтинг нь өндөр байна гэж өрсөлдөгчид нь тэднийг хөөргөсөөр байгаад тэнгэрээс газарт буулгаад авав.

Судалгааны дүнг албаар хол зөрүүтэй гар­гаж, та хэдийг төөрөг­дүүл­дэг жишээ энэ. Үнэ­хээр ард түмний дуу хоолой болж, гудамжинд жагсаж байсан шигээ ажил­ласан бол дахиад л гар­гаад өгөх байлаа. Хэл амаа билүүдэхээс цаашгүй, хийсэн ажилгүй популистуудад монголчууд дахиад итгэхгүй. Ядаж хийсэн зүйлтэй, цаашид хийх зүйлээ тодорхой болгоод улс төрд эргэн ирээрэй.