Сонгуулийн дараа тэнгэрт байсан нөхөд газарт унаж, газарт байсан хүмүүс тэнгэрт нисчихлээ. Өөрөөр хэлбэл нам дагаж, гүйсээр байгаад албан тушаал авдаг, төрийн албанд ордог жишиг тогтчихсон.

Тиймдээ ч залуус сурсан мэдсэн, хйисэн бүтээсэн зүйлгүй ч нам дагаж гүйдэг болжээ. Өнгөрсөн хэдэн жил АН-ыг дагасан нь мөнхийн онгоцонд суусан мэт авир гаргаж, толгой дээгүүр явж байсан бол МАН-ыг дагагчид, хамаг хүчээрээ, хөлстэй хөлсгүй намын төлөө хөдөлмөрлөж, байгаа харагдсан.

Сургууль төгслөө намд элслээ тэгээд л ажил нь бэлэн хүлээж байгаа гэх ойлголт залуусыг эвдсээр байгаа. Ардчилсан нам ялахгүй бол би ирэх дөрвөн жилийн амьдралаа төсөөлөхгүй байна гэх нэг нь байна. МАН ялвал би ажилтай, амжилттай байх болно гэх нь ч бас бий. Ямар нэгэн нам дагах хүсэл нь талаар болбол гадагшаа явж сурч байгаа нэрийдлээр цаг хугацааг аргалан өнгөрөөдөг болсон хэсэг нөхөд ч байгаа.

Тиймдээ ч төрийн албанд өөрсдийн мэдлэг чадвараар өрсөлдөөд орох бус намын дарга, удирдлагуудад тал засч, нэг намын төлөө гудамжинд гарч уриа лоозон барьж зогсоод л ажилд ордог гэсэн сэтгэлгээтэй залуус хэтэрхий олширчээ. Улс төрч болох шиг амархан ажил байхгүй юм шиг санагддаг юм байх. Бас түүнийгээ тэнгэрийн умдаг атгасан мэт төсөөлөх нь жаахан эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл юунд тэд ингэж, уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлна вэ. Яруу найрагч Ц.Хулангийн хэлдгээр “Дурлаг, алдаг ажил хийж үзэг” гэдэг үнэн. Уг нь айл удирдаж сурчхаад, улс төрд орсон ч болоосой. Ирээдүйд эх орноо тэднээр удирдуулах дээрээ тулах нь байна шүү дээ. Намууд ч гишүүдийн тоогоор өрсөлддөг болж. Манай намыг сонгож тэдэн залуус ирлээ, тийм тооны залуус намд нэгдэж байна гэж ирээд л өнөө хэдийгээ хөөргөнө.

Гэтэл энэ удаагийн сонгуулиар АН үнэмлэхүй ялагдчихлаа. Тэд маш олон залуусыг намдаа элсүүлж, тэд нь ч хөөрч тэнгэрт байгаа мэт дүүлэн нисэцгээж, мөнхийн тийм амьдралд орсон мэт аашилж байв. Гэтэл тэд одоо бүгд гудамжинд гарах дээрээ туллаа. Угаасаа гарчихлаа. З.Энхболд өөрөө хийх ажилгүй болж байхад тэднээ намыг дагаж савсагнагсад лааз өшиглөх нь дамжиггүй. Харин МАН-ын залуус яг тэднийг халааг авсан мэт бас л тэнгэрт гарчихлаа.

Удахгүй АН-ын ялагдлыг давтвал залуус нь бас л газарт шидэгдэх үү. Хамгийн найдваргүй, ирээдүйгүй амьдрал чинь нам дагаж, ам тосдох юм биш үү. Уг нь өөрийн салбарт хийж чадах зүйлээ хийж, эх орондоо болон өөртөө хөрөнгө оруулалт хийгээд залуус намтай, намгүй гоё амьдарч чаддаг бол гоё. Бас үнэ цэнэтэй. Ингээд хийх зүйлээ хийчхээд хэзээ хойно төрийн хар хүн болох ёстой бус уу. Биеэ засаагүй, гэрээ засаагүй хүн яаж, төр засах вэ.

Г.Наран