Нэн тэргүүнд хэн хэн ямар албан тушаалд очих вэ
2016/07/04
Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ нь төдийлөн таамаглаагүй ялалт байсан гэдгийг МАН ч, АН ч хүлээн зөвшөөрөв. МАН нийт 65 суудал авч, УИХ-ын 85 хувийг бүрдүүлснээр ирэх дөрвөн жилд дангаар засаглахаар болов. Харин одоогийн эрх баригч АН ердөө есхөн суудал буюу УИХ-д бүлэг байгуулах хэмжээний л суудал авч дөнгөлөө.
Ямартай ч АН ялагдлаа хүлээн зөвшөөрч, ирэх өдрүүдэд МАН Засгийн газраа бүрэлдүүлэх, төрийн ажлыг завсардуулахгүйгээр залгамжлан үргэлжлүүлэх ажилдаа шуурхайлах нь лавтай. Засгаа байгуулахдаа ямар зарчим баримтлах тухайгаа МАН сонгуулиас өмнө зарласан. Мэргэжлийн Засгийн газар байгуулах болно гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өөрөөр хэлбэл, үндсэн чиг үүргийн таван яамнаас бусад яамыг давхар дээлгүй буюу УИХ-ын гишүүн бус хүмүүсийг сонгоно. Сангийн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам зэрэг таван яамны сайдаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрчдөөс очиж магадгүй. Гэвч Засгийн газрын томилгоо, сонголтууд одоо яригдах арай болоогүй. Шинэ УИХ анхны чуулганаа хийж, Ерөнхий сайдаа томилсны дараа Засгийн газар байгуулах яриа өрнөж таарна. Тэгвэл тэдгээрээс өмнө нэн тэргүүнд олон нийтийн сонирхлыг татаж буй дараахь томилгоо, албан тушаалууд эзнээ хүлээж байна. МАН болон АН-д үүссэн эдгээр албан тушаалд хэн эзэн суух тухай таамаг хэдийнэ хөврөөд эхэллээ.
1. ШИНЭ СПИКЕР ХЭН БАЙХ ВЭ?
Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн хэн болох вэ гэдгээс илүү шинэ УИХ-ын дарга нь хэн байх вэ гэдэг асуултын хариулт сонирхол татаж байна. Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, Засгийн газраа удирдах нь тодорхой юм. Тиймээс дараагийн Ерөнхий сайд бол Миеэгомбын Энхболд гэдэг нь маргаангүй.
Өөрөө л холын зорилго харж өөр албан тушаал сонгохгүй бол шүү дээ. Харин УИХ-ын дарга хэн болох тухайд олон нийтийн дунд хэд хэдэн таамаг үүсээд байна. УИХ-ын 76 суудлын 65-ыг нь өөрийн болгосон энэ намд спикер болох чадал чансаатай олон хүн бий. Тэдний дундаас долоон удаа парламентад сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын нэр шинэ спикерийн таамагт дээгүүр дуулдаж байна. Тэдэнтэй эн зэрэгцэн, туршлагатай парламентач гэгддэг Нямаагийн Энхболдын нэр ч сонсогдож буй. Тэгвэл намын эрч хүчтэй залуу генсек болох Ж.Мөнхбатад УИХ-ын дарга болох сонирхол бас байгаа тухай эх сурвалж хэлж байна.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Сү.Батболд ч УИХ-ын дарга болох хувилбар байж болох гэнэ. Энэ хувилбар нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж магадгүй гэдэгтэй адил төдийлөн баталгаатай биш юм. М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай байгаа тул Ерөнхий сайдын суудлыг У.Хүрэлсүхэд өгөөд, өөрөө УИХ-ын даргаар түр ажиллаж ч болохыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
2. ХОТЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?
Нийслэлийн ИТХ-д мөн олонхи болсон МАН юун түрүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилно. Нийслэлийн МАН-ын хорооноос мэдээлэл хийхдээ “Төрийн залгамж бодлого байдаг. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьж байсан эрх баригчдын бодлогыг үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм. Тэгвэл хотын мэрээр хэн томилогдох вэ гэдэг марафон хэдийнээ эхэлчихлээ.
Сонгуульд нийслэлийн намаа удирдаж орсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг хотын дараагийн Засаг дарга гэж ярьж байсан ч хэрэг явдал өөрөөр өрнөж мэдэхээр байна. Учир юу гэвэл, Ц.Сандуй төрийн албан тушаалуудыг үнэлэх замаар хотоос 60 тэрбум төгрөг намдаа босгоно гэсэн бичлэгээсээ болж, нэр хүндээ нэлээд эрсдэлд оруулсан. Тэрхүү бичлэгийг намаас нь үгүйсгэсэн боловч Ц.Сандуй түүнээс өмнө яаран мэдэгдэл хийсэн нь намын удирдлагаас банга хүртсэн байх магадлалтай. Тиймдээ ч МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн дараа хэвлэлийнхэнтэй уулзахдаа Ц.Сандуйг дагуулж гарч ирээгүй гэх яриа ч бий. Хэрэв Ц.Сандуй хотын мэрээр сонгогдоогүй тохиолдолд түүний оронд хэн хотын дарга болох боломжтой вэ. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байж болох уу. Түүний нэр мөн хүчтэй яригдаж байгаа ажээ. Гэхдээ мэдээж эхний сонголт нь Ц.Сандуй байж таарах болов уу.
3.МАН-ЫН ГЕНСЕК ХЭН БОЛОХ ВЭ?
МАН-ын генсек Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болсноор түүний суудал суларч буй юм. УИХ-ын гишүүн намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг давхар хашиж байсан жишиг Монголд байхгүй. Тиймээс Ж.Мөнхбат одоогийн суудлаа дараагийнхаа хүнд шилжүүлэн өгч таарна. Харин намын дарга өөрчлөгдөхгүй. АН-ын алдааг МАН давтахгүй нь мэдээж. Юу гэхээр, 2012 онд АН ялалт байгуулж, намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж байлаа. Гэтэл жил гаруйхны дараа намын даргаа огцруулж, улмаар намын дарга бус хүнийг Засгийн газрын тэргүүнээр сонгосон билээ. Энэ алдааныхаа горыг амсаж, АН-ын засаг тогтворгүйтэж, хүчгүйдэж ирснийг ажиглагчид хэлдэг, дүгнэдэг. Тиймээс намаа зангидаж чадах эрх мэдэлтэй хүн засгаа тэргүүлэх нь ирэх дөрвөн жилийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй. Тэгвэл МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг одооноос яригдаж эхэллээ.
4.АН-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ?
Эсрэг талд АН-ын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр нар ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн АН-ын шинэ дарга хэн болох тухай яриа хүчтэй дэгдээд байна. АН-ыг эрс шинэчлэх, өөрчлөх тухай яриа, сэдлүүд ч ихээр өрнөх болов. Энэхүү ялагдлыг АН-ын дэмжигч олон хүн намаа шинэчлэх, өөрчлөх боломж гэж харж байгаа ажээ. Тухайлбал, Х.Тэмүүжин “Залуус намаа шинэчилж, бодлогоо өөрчил гэсэн даалгавар ирлээ” гэсэн бол Баабар “Ардчилсан намыг шинэчлэх, луйварчдаас салгах шаанс гараад ирлээ ш дээ” гэж жиргэсэн байна. Өөрөөр хэлбэл, тус нам өмнөх удирдлагадаа хариуцлага тооцох нэрээр намдаа шинэчлэлт, өөрчлөлт хийх бололтой. Тиймээс дараагийн намын дарга хэн байх тухайд Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нарын нэрс тод сонсогдож байна. Тэдний дунд Н.Алтанхуягийн нэр мөн яваа юм. Тэрээр АН-ыг таван удаагийн дараалсан сонгуульд ялуулж байсан туршлагатай улстөрч учраас намынхан нь түүнд дахин найдвараа даатгаж магадгүй гэнэ.
АРДЫН ЭРХ сонин
Бичээч · 2016/07/04
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.
eegii · 2016/07/04
yur ni jawhlang hotiin darga bolgomoor yum
Зочин · 2016/07/04
nice
Brgh · 2016/07/04
Niisleliin MAN iin darga ni bagaa udirdaj orood ylalt bguulsan songogdson 34 tuluulugch ni shiiddeggui deeres ni 1hun hucheer tavichij bolohgui bh a
Зочин · 2016/07/04
Sandui chini bid ingej yrisan harin hen delgechihwee l geed tenegteed bsan biz de muu liiwarchid zailuulaach naadaha
Зочин · 2016/07/04
Xotiin dargaar Sanduig tavibal 2020 onii songuulid bayartai shuu MAN-aa