2016.03.16-нд хөхнөөсөө ч гараагүй дөрвөн настай хүү эмээгийнхээ гэрээс бие засахаар гэр рүүгээ гүйхдээ нохойд бариулсан байдаг. Хүүг хамар хашаанийх нь Б-ийн "Дундад Ази” үүлдрийн нохойд хазсан бөгөөд салгах гэж оролдоход тавихгүй нохой хүүг зуусан чигтээ зугтсан. Арай гэж хүүг салган авахад гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Хүү ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн ч маргааш нь нас барсан билээ.

Хэргийг СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, нохойны эзэн буюу иргэн Б нь нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд нас барсан тул Эрүүгийн хуулийн 201.2-т заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргаад байгаа. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г буруутай гэж үзэн 2.6 жилийн хорих ял оноосон байна. Мөн хүүхэд хазсан дундад ази үүлдрийн нохойг устгахаар болжээ.

 

А.Баярмаа