МУГТ Д.Намжилмаа: Хадаа минь хэлхгэр том цамцтай гэр дотроо халхаганаад явж байдагсан
2016/07/06
“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаатай ярилцлаа. Тэрээр Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, монгол төрийн наадамд арван жилийн зайтай хоёр удаа түрүүлсэн, домогт аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын үеэл эгч нь билээ.
-Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдэж байна. Бөхөө дээдэлдэг ард түмэн наадмын бөхийнхөө тухай яриа дэлгэж байна. Та бол ард түмний хайртай бөх, домогт аварга Д.Хадбаатартай хамгийн ойр байж, спортын гарааг нь эхлүүлсэн хүн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Миний ээжийн дүү Бужгар гэж хүн байлаа. Тэр хүний том хүү нь Хадбаатар. Хадааг арван настай байхад дараагийн дүү нь төрсөн юм. Тийм болохоор Хадаа маань их эрх танхи өссөн. Манайх бөхийн удамтай болохоор эгчийн минь хүүхдүүд их биерхүү. Миний нагац ах Нацагийн Дамдинсүрэн гэж барилддаг хүн байсан. Манайд арван дөрөвтэй байхдаа ирээд Ч.Найдан багшийн шавь болж хөнгөн атлетикаар 20 нас хүртлээ хичээллэсэн юм. Хичээллэж байхдаа диск, бөөрөнцгийн улсын рекордыг эвдэж байлаа. 1972 онд хөнгөн атлетикийн шигшээ багийнхан “Баянгол” буудалд байрлаж бэлтгэл хийж байхад Хадаа барилдана гээд л ороод ирсэн. Гэтэл тэр наадмаар сүрхий бэлтгэл хийгээгүй мөртлөө зодоглон Өмнөговь аймгийн харьяат аймгийн арслан Бямбаагаар гурав, Булган аймгийн Могод сумын уугуул улсын заан Д.Лхагвасүрэнгээр дөрөв, Архангай аймгийн Өлзий сумын харьяат Жалбуугийн Чойжилсүрэн арслангаар тав давж улсын начин цол авсан шүү. Өөрөө л бөхөд сонирхолтой байсан болохоор “Алдар” спорт хороонд Ч.Өвгөнхүү багшийн гар дээр очсон. Ч.Өвгөнхүү багшид их баярлаж явдаг юм. Дүүг минь хүн шиг хүн болгох гэж мэрийж, их хөөцөлдсөн. Анх “Хөнгөн атлетикаараа хичээллэхгүй, гайгүй юм дуулгах байсан юм” гэж хэлдэг л байлаа. Гэхдээ улсын цол хүртээд ус нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулаад эхлэхээр өөрийн эрхгүй баяр бахдал төрж, үндэсний бөхөөр барилдах нь дээр юм байна гэж бодогдсон. Хадаа маань үнэндээ Монголын домог болсон хүчтэн шүү дээ. Хадаа шиг минь элбэг дүүрэн бие хаатай, хүч чадалтай зөөлөн дулаахан, хүүхэд шиг гэнэн цайлган зантай бөх Монголын түүхэнд ховор төрөх байх гэж боддог юм. Ийм хүчтэй аварга дахиж төрөхгүй. Нэг сонин түүх хэлэхэд, тэр жил манайх гэдэг айл шинэ байранд ороод удаагүй байхдаа 2500 төгрөгийн үнэтэй “ЗИЛ” хөргөгч авлаа. Түүнийг чинь дийлэх хүн ховор. Хадаагаа дуудлаа. Жаахан хүүхэд уухайн тас гүйж ирээд өнөө хөргөгчийг нь сэвхийтэл өргөөд дөрвөн давхарт гаргачихаж билээ.
-Хадаа аваргын тухай олон хүний дурсамж дурдатгал байдаг. Тэр бүгдээс харахад хүнд маш тустай, ёстой л манайхны хэлдгээр хүний хайлан байж дээ?
-Өө тэр сайхан зан чанарынх нь тухай ярина гэвэл барагдахгүй урт түүх болно. Ажил албаа барахгүй би “Чи надад мах шөл дөхүүлээд, гэр орон цэвэрлээд өгөөч” гэхэд, за л гэнэ. Үгүй гэж хэлэхгүй. Нэг удаа “Алдар”-ын хашаанд байхдаа намайг дуудууллаа. Яваад очтол баавгайны арьс тавьчихсан, зөндөө үхэр, хонины мах янзалчихсан “Та энэ арьс, махнаас ав” гээд өнөө л байдгаа бусадтай хуваалцдаг зангаараа инээд алдчихсан зогсож байна. Хүүхдүүдийн маань аав Дорнодоос идшээ бэлдчихдэг болохоор “Эгчид нь хэрэггүй ээ, хөдөө хэддээ явуул” гэж хэллээ. Маргааш нь “Баавгайны арьс чинь байна уу, хэрэг болох юм байна” гэхэд “Таныг авахгүй болохоор чинь аль хэдийнэ хүнд өгчихсөн шүү дээ” гэж байсан сан. Хүнээс юм харамлаж мэддэггүй. Хоол их сайхан хийдэг. Манайд байхдаа хонины гэдсийг цэмбийтэл нь арилгаад л ээжтэй хамт сайхан хоол хийчихсэн байж байна. Шигшээгийнхэн бэлтгэл дээр байхад тогооч нартай хэзээний л танил “Ахаа, эгчээ” болчихно. Нэг орой “Ажаа энийг ид” гээд л өвчүү барьчихсан орж ирсэн. “Чи яаж аваа вэ?” гэтэл “Тогооч эгч өгсөн, би төмсийг нь арилгаж, усыг нь авч өгсөн юм” гээд л хэлдэг. Би 1969 онд хоёр ихэр хүүгээ төрүүлчихсэн байхад даавуу угааж, гэрийн ажил хийж их л тусалдаг байлаа. Хүний үгээр, хүнд муу санана гэж байхгүй. Хадын минь аав олон түмэнд хүндлэгдсэн их сайхан хүн байсан даа.
-Барилдаж эхлээд л олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх болсон. Та наадмаар барилдахыг нь үзэж, дэмждэг байв уу?
-1972 оноос хойш бөхөөр дагнан хичээллэж эхэлсэн. Би тамирчин хүн болохоор илүү сонирхон үзэж, хүнээс бэлтгэл сургуулилтад анхаарах зүйлүүдийг хэлж өгдөг байлаа.
-Хадаа аварга хоёр удаа улсын наадамд түрүүлж ард түмэн, ахан дүүсээ баярлуулсан?
-Төрийн наадамд зодоглосон цагаасаа хойш л амжилттай, бахтай сайхан барилдсаныг ард түмэн мэднэ. Далан таван онд долоо давж улсын заан цол хүртсэн. Дараа жил нь буюу далан зургаан онд ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар Сүхбаатарын Д.Одсүрэн, Булганы И.Найдан нарын начингуудаар тав зургаа давж, улсын арслан Увс аймгийн Давст сумын уугуул Мядагийн Мөнгөн арслангаар долоо, шинээр заан цолны болзол хангасан Өвөрхангайн Хужиртын Донровын Долгорсүрэнгээр найм, улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнгээр ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн юм. Далан есөн оны наадамд Данзандаржаагийн Сэрээтэр харцага, шинэ начин А.Баатархүү, улсын заан З.Дүвчин, дархан аварга Ж.Мөнхбат нарыг өвдөг шороодуулан төрийн наадамд дахин түрүү үзүүрт шалгарч өөрт нь хайртай ард түмнээ баярлуулж байлаа. Хоёр ч жилийн наадмын үзүүр түрүүнд өөрийн онжав, монгол бөхийн түүхэнд нэгэн үед хамт гарч ирсэн уран барилдаант хүчит аварга Дашдоржийн Цэрэнтогтохтой үлдэж байсан удаатай. Ардын хувьсгалын 65 жилийн ойн баяр наадамд улсын начин бөхийн тайлбарлагч Ш.Чанрав, Увс аймгийн арслан Балдорж, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат улсын харцага Л.Бадарч, улсын начин Өвөрхангайн С.Дамдинбазар, улсын заан Ёндонгийн Ишгэн нарын хүчтэй учраануудыг дараалуулан орхиж, их шөвгийн дөрөвт Мөнгөн арсланг давж, түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг өвдөг шороодуулснаар арван жилийн дараа хоёр дахь түрүүгээ авсан. Хадаа маань улсын баяр наадамд 14 жил зодоглож, хоёр түрүүлж, гурав үзүүрлэж биднийгээ, бөхөд хайртай ард түмнээ баярлуулсан юм. Хадаа маань энгүй хүчит аварга гэдгээ төрийн наадамд цөөхөн барилдсан ч өндөр амжилтаараа бататгадаг юм. 1979 онд Баянаа аваргатай үлдэж үзүүрлэсэн тэрээр бөхийнхөө ид жагсаж явсан насандаа аавын хаалга татсан байдаг. Тухайлбал, 1980, 1981, 1982 он буюу 29, 30, 31 насандаа шоронд байсан. Эр хүний гучаад нас гэдэг бол спортод жинхэнэ амжилт гаргах үе мөн. Энэхүү торгон он жилүүдийг Хадбаатар харамсалтайгаар өнгөрүүлсэн юм. Гэвч түүний хувьд амжилт гаргах боломж байсны баталгаа нь шоронгоос гарч ирсэн жилдээ төрийн наадамд хоёр дахиа үзүүрлэсэн явдал юм. 1993 оны наадмаар тавын даваа эхлэх гээд завсарлачихсан байхад нь хар цай чанаад, хоол бариад очиж уулзахад “Би доошоо орлоо эгч ээ, Мөөеө аварга намайг Ж.Намжилдоржийг начин болгоотох гэсэн, одоо барилдлаа” гэсэн. Барилдаан дуусаад хаачих юм гэхэд “Төв аймгийн ой болж байгаа, тийшээ явна” гээд л хамгийн сүүлд тэгж л ногоон дэвжээн дээр нь харсан юм.
-Долоон метр даавуугаар дээл хийгээд арай чүү хүрсэн гэж ярьдаг юм билээ?
-Миний ээж торго бүс бараа зардаг, уран гартай хүн байсан. Ээж маань дээлийн даавууг нь сонгож авч өгнө. Долоон метр хагас пүүсүүгээр наадмын дээлийг нь хийдэг байсан.
-Д.Хадбаатар аварга Анагаахын дунд сургуульд сурч байсан гэсэн үү?
-Би ямар ч боловсролгүй юм чинь мэргэжилтэй болог гэж бодоод Анагаахын дунд сургуульд оруулчихсан юм. Олон охидын дунд орчихсон, сураад л байлаа. Эвлэгхэн тариа хийдэг болчихсон байсан шүү.
-Дүүдээ зориулж хатгамал оёсон гэсэн, та харсан уу?
-Дүү нь “Агаа надад зориулж оёсон, гоё байгаа биз” гээд харуулж байсан. Манай ээжтэй нийлээд л хөл машин дээр юм оёно. Мөн шоронд хоригдож байхдаа хийсэн дээлээ үзүүлж байсан. Ээж, дүү нартаа их халамжтай. Гадаад яваад ирэхдээ хүн болгонд бэлэгтэй ирнэ. Ээждээ утас зүү, тэвэнгээс өгсүүлээд бүх л юмыг нь дөхүүлж өгнө. Германд тэмцээнээр явахдаа эмэгтэй хүний жигтэйхэн том гутал авсан байдаг. Хамт яваа бөхийнхөн нь “Чи энэ том гутлаар яах нь вэ” гэсэн чинь “Эгчдээ авч байгаа юм. Зайлуул миний төлөө их гүйдэг юм” гэсэн гэдэг. Би 41 размерийн гутал өмсдөг, надад зориулж авсан юм билээ. Өөрөө 46 размерийн гутал өмсөнө. Хэр баргийн гутал таарахгүй, таарсан ч булчин нь орохгүй. Ээж маань дэлгүүрт ажилладаг байсан болохоор гутал хувцас олж өгнө, заримыг нь оёдог. Хадаа минь хэлхгэр том цамцтай л гэр дотроо халхаганаад явж байдагсан.
-Та алдаж онох үед нь хамгийн их тусалж байсан. Энэ талаараа яриач?
-Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэгчээр дүүг минь амьдралын эрээн, бараантай учруулсан. Миний гараас гараад хэрэг төвөг хийж, архи дарс ууж сурсан юм. Гэсэн ч эгч нь юм болохоор хэрэг төвөгт орохоор нь гүйгээд л очдог, намайг ч дууддаг. Надтай ирж уулз гээд л захиа явуулна. Очиж уулзахаар “Та ингэж хөөцөлд” гээд л хэлж өгдөг. Хэлснээр нь хийгээд л хүмүүстэй уулзахаар аль хэдийнэ хэргээ хүлээгээд гарын үсэг зурчихсан байдаг юм. Шөнөөр хоол унд хийгээд л уулзахаар очно. “Ажаа, би уул нь тийм хэрэг хийгээгүй байхгүй юу. Тийм юм болсон юм” гээд л ярьж өгнө. Хадаад хэрэг хүлээлгэхэд гурван хоног л хэрэгтэй. Гурав хоноход л бүх хэргээ хүлээгээд гарын үсэг зурчихна. Би “Даан ч дээ, чамайг эд нар яасан гэхээр, “Яагаа ч үгүй” гэнэ. Тэр үед Шүүхийн шийдвэрийн газрын Цэдэндамба хурандаа их тусалсан, цолоо хүртэл авахуулсан. Хурандаа нэг удаа “Би уулзаж чадахгүй, харин юу гэж хэлэх ёстойг нь хэлж өгье” гээд асуулт, хариулт хэлбэрээр шүүх хурал дээр хэлэх үгийг нь бичүүлээд хүмүүсийг гуйж өөрт нь өгөөд явуулсан юм. Өгөхдөө уншаад л ураад хаяарай гэсэн чинь уншиж байгаад нүүрэн дээрээ тавьж унтаад баригдчихсан. Тийм л хэнэггүй, гэнэн хүн дээ. Гундуухан байхад нь Ж.Мөнхбат аварга, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав эргэж очсонд би их баярлаж явдаг юм. 1990 оны улсын баяр наадам болоод Хэрлэнгийн хөдөө аралд болсон даншиг наадамд ард түмэн Хадаагаа зодоглуулах гэж шоронгоос суллахыг шаардаж байсныг түүхийн шарласан хуудас гэрчилнэ.
-Та зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр Монгол Улсын 25 удаагийн аварга цол хүртэж, улсын рекордыг 109 удаа шинэчлэн тогтоожээ. Энэ тухайгаа яриач?
-Би 1959 оноос бөөрөнцөг, зээрэнцгийн шидэлтээр спортын гараагаа эхэлсэн. Анх сургуулийнхаа спартикадад өндрийн харайлтад нэг метр 25 см харайж түрүүлсэн. Тэр үед Ч.Найдан багш маань намайг анзаарч, “Спорт ордон дээр ирээрэй” гэсэн юм. Ээжээрээ шарвар оёулаад л ордонд анх очсон. Анх удаа 1968 онд рекорд эвдэж, рекорд гэдэг нь юуг ч хэлж байгааг сайн мэдэхгүй. Би үеийнхнээсээ том биетэй хүүхэд байлаа. Сургуульд иртэл ангийнхан “Намжилмаа рекорд эвдсэн гэсэн, юм хум хагалчихсан юм биш байгаа” гэж ярьж байсан гэдэг. Одоо миний тогтоосон амжилт эвдэгдээгүй байгаа. 1964 оны Токиогийн олимпод 11 дүгээр байрт, 1968 онд шагналт наймдугаар байрт шалгарсан. Одоогоор жил бүр өөрийн нэрэмжит ахмадуудын тэмцээнээ хийж байна.
-Та Мон-Алтиус сургуулийг байгуулсан. Бусад биеийн тамирын сургуулиас ялгарах онцлог юу вэ?
-Манай сургууль 1997 онд байгуулагдаж шинээр бодибилдингийн багш, спортын менежмент гэсэн хоёр мэргэжлийг нээж элсэлт авдаг болсон, нийт зургаан төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Мөн жил бүр сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг арван таван спортын төрлөөр шалгаруулдаг онцлогтой. Хөдөлмөрөөр боссон сургууль минь хөл дээрээ босч 1000-аад оюутан төгссөн байна. Хоёр ч удаа магадлан итгэмжлэгдсэн, төлбөр багатай учраас оюутнууд ам сайтай байдаг.
О.Ариунцэцэг
zorigoo · 2016/07/06
minii nutgiin ah
Зочин · 2016/07/06
iim setgeltei hun ene niigemd law torohgui bh