Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр ШХУ-ын Гадаад хэргийн сайд Дидиер Буркхалтертай яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцаж санал солилцов. Гадаад хэргийн сайд Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа, cоёл, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ШХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд швейцарийн талтай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд гүнзгийрүүлэх, хөгжлийн туслалцааны чиглэлээр амжилттай хөгжиж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэжлүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг бусад салбар чиглэлээр өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.