МАЛАЙЗЫН ХОЛБООНЫ ШҮҮХЭЭС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ХОЛБОГДОХ ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
2015/11/30
Өчигдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны 1 дүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн З- гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхээс иргэн З-г гэм буруугүй хэмээн үзсэн боловч давж заалдах шатны шүүх түүнийг буруутай гэж үзэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулаад байсан билээ.
Монгол Улсын Засгийн газар уг хэрэгт эхнээс нь онцгой анхаарал хандуулж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажилласны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайдаас малайзын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан манай иргэнд цаазын ял оногдуулсан шийдвэрээ дахин авч үзэх тухай хүсэлтийг хүргүүлж байсан нь хэргийг нааштай шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.