Хорвоог орхих хүүхдийн тоо хариуцлага нэхэж байна
2016/07/07
Б.ЭНХЗАЯА
Ердөө гурав, тав, наймхан настай гурван жаал нэг хоромд амиа алдлаа. Тэд ах, дүү гурав. Худагт унасан гэх ерөнхий мэдээлэлтэй. Төсөөлөөд үзвэл, худгаас ус авахаар гүйлдсэн байх. Наймтай нь бас ч гэж учраа мэдэх юм гэхэд, нөгөө хоёр нь хамхуул л гэсэн үг. Хэн хаашаа явна, тийшээ гүйлдээд л. Гэрээсээ гараад худагт очих тэр хоромхон хугацаа тэдний хувьд ямар байсан бол. Хүүхэд л юм хойно инээд нь цангинаж хоорондоо өрсөж уралдаад, эсвэл сав тэргээ уралдаж түрэлцсэн нь лавтай. Тэд хэдхэн алхмын цаана үхлийн аюул байгааг мэдэх ч үгүй балчир.
Гэтэл худаг руу гурвуулаа унаад нас барчихаж. Энэ аймшигт мэдээгээр бол нэг нь түрүүлж унаад, нөгөө хэд нь учраа мэдэхгүй аврагч болоод араас нь орчихсон юм болов уу гэж таамаглах. Зүрх зүсмээр явдал.
Ийм нэгэн хэрэг Өвөрхангай аймгийн Тарагт суманд өнгөрсөн сарын 30-нд гарчээ. Энэ тухай сонссоноос хойш долоо хоногийн турш бодлоос гарч өгөхгүй шаналж байна. Нялх амьтад яаж амь тавиа бол, багахан зовсон байгаасай л гэж залбирах. Хөндлөнгийн надад ийм байхад эцэг, эхэд нь ямар хүнд байгаа нь ойлгомжтой. Энэ хэргийн цаана нэг зүйлийг сануулах гэсэндээ бээлийн чинээ энэ гурван хүүхдийн ясыг өндөлзүүлчихлээ. Хүлцэл өчье.
Хүүхдүүд амь насаа алдах үед тэдний асран хамгаалагчид, эцэг эхчүүд нь хаана, юу хийж байв аа гэх ганцхан асуулт хариуцлага нэхдэг. Энэ удаад ч мөн адил. Хэдэн метрийн гүн худаг руу хэл, хөлд гүйцэж орж амжаагүй, аюул ослыг ойлгож мэдэхгүй хүүхдүүдийг яаж явуулж чадав аа. Усны ослоор он гарснаас хойш 13 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тухай Онцгой байдлын газраас саяхан мэдээлсэн. Тэд мөн л эцэг, эхийн хараа хяналт сул байх үед амь эрсэдсэн байдаг. Яг л ийм маягаар сүүлийн үед бага насны хүүхдүүд осол гэмтэлд өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Томчууд бид хүүхдүүддээ тавих анхаарал, хяналтаа сулруулснаар ийнхүү хүүхдийн амь эрсдэж байна.
Сар хүрэхгүйн өмнө Налайх дүүрэгт портер машины цонхоор гурван настай охин унаж амиа алдсан юм. Аав нь охиноо машиндаа үлдээгээд явах хойгуур ийм харамсалтай хэрэг гарсан. Орон сууцны олон давхрын тагтан дээрээс хүүхэд унаж нас барсан мэдээлэл цахим сайтаар л нэг байна. Хэдхэн хоногийн өмнө Багануур дүүрэгт орон сууцны цонхны тавцанд дээр хоёр настай хүүхэд байна гэсэн мэдээлэл цахим орчинд түгсэн. Азаар аврагчид цаг алдалгүй очиж хүүхдийг аварсан. Энэ мөн л томчуудын анхаарал сул байгааг харуулна.
Үүнээс гадна Эрүүл мэнд, спортын яамны судалгаагаар хүүхдийн эндэгдлийн талаарх хэдхэн тоо анхаарал татав. Өнгөрсөн онд улсын хэмжээнд тав хүртэлх насны 1476 хүүхэд энджээ. Гол шалтгааныг нь судалж үзвэл 86.4 хувь нь өвчний улмаас, 13.1 хувь нь осол гэмтлийн улмаас нас барсан байна. Өвчлөл, осол гэмтэл хоёрын үндсэн шалтгаан нь өнөө л эцэг, эхчүүдийн асаргаатай холбоотой.
Хүний эрхийн үндэсний комисс хүүхдийг өөрийн эрхээ бие даан хамгаалах чадваргүй, онцгой халамж, хамгаалалт түүний дотор эрхзүйн зохих хамгаалалт шаарддаг субьект хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл бид хүүхдийн эрхийг хамгаалах битгий хэл тэднийг тарчлаан зовоодог нэг хэлбэр бий болж, статистик үзүүлэлт нь огцом нэмэгдэх болов. Энэ бол хүүхдийн түлэгдэлт. Буцалж байсан хоол, цай руу уначихлаа, татаад өөр дээрээ асгачихлаа гэж халагласан эцэг, эхчүүд гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасгаар дүүрэн байна. Угтаа мөн л тэдний хариуцлагагүй байдлаас үүдсэн асуудал. Байнгын зовиуртай, маш удаан хугацааны эмчилгээ шаарддаг энэ төрлийн гэмтлийг бага насны хүүхдүүд давж чадахгүйгээс мөн хорвоог орхисоор байна. Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эсрэг маш олон төрлийн хэрэг гарсны нэг нь энэ юм. Баян-Өлгий аймгийн харьяат хоёр настай охин зургадугаар сарын 22-нд халуун усанд түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн бямба гаригт нас барав. Амралтын өдрүүдэд ч ням гаригт ч яг ийм шалтгаанаар хоёр настай хүү хорвоог орхижээ.
Аав, ээжүүдийн анхаарлын гадна амь нас, эрүүл мэндээрээ хохирдог бас нэгэн шалтгаан бол зам тээврийн осол. Энэ тухай жилийн жилд бүхий л газраас анхааруулж сэрэмжлүүлдэг ч осолд өртсөн хүүхдийн тоо буурахгүй байна. Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр эхний зургаан сарын байдлаар 505 хүүхэд ослын хохирогч болжээ. Явганаар замын хөдөлгөөнд оролцож явсан хүүхдүүдийн 40 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа явж байсныг албаныхан хэлж байна. Түүнээс гадна автомашин дотор байхдаа ч осолд өртөж амь насаа алдах тохиолдол олон. Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлсэн энэ үед унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож яваад осолд өртсөн хүүхдийн тоо өнгөрсөн сарынхаас дөрөв дахин өсчээ.
Томчууд бид хүүхдээ асран хамгаалах үүргийг Үндсэн хууль, Гэр бүлийн хууль, олон улсын гэрээ конвенцуудаар хүлээсэн билээ. Харамсалтай нь бид асран хамгаалах гэдгийг өнгөц утгаар нь ойлгож, хоол унд, хувцсаар дутаахгүй, элэг бүтэн байлгавал болно гэсэн аясаар ажил, амьдралдаа түүртсээр явна. Гэтэл хүүхдүүдийн “манаач” нь тэтгэврийн хөгшчүүд, хэдэн насаар илүү ах, эгч нар нь. Өвөө, эмээ нар заримдаа хүүхдийн явдлыг гүйцэхгүйгээр аюул осолд өртүүлсэн нь ч бий. Гэрт тань үлдсэн бяцхан үрс тань аюулгүй байгаа эсэх, эсвэл дэргэдээ байгаа хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлсэн эсэхэд та яг одоо анхаарал тавиач. Та эцэг, эх байх үүргээ биелүүлээд үр хүүхдийнхээ ирээдүйг сайхнаар төсөөлдөг бол асран хамгаалах үүргээ л сайн биелүүлчих ээж, аавууд минь. Тэгвэл хайрлаж энхрийлж төрүүлж өсгөсөн үрсийнхээ амийг аврах болно.
Зочин · 2016/07/07
nice
haramsaltai ,hairan hyyhdyyd · 2016/07/07
Hariuzlaga, yalanguya ezeg ehiin archaagui baidal ih baina, ene asuudlaar zovlogoo .yarilzlaga hiij tv-eer hyrtel tailbarlaj baimaar um,,,jishee ni hyyhdiig hezeech mashind orhij boldoggui bytej uhdeg gedgiig meddeggui zaluu ezeg ehchyyd baij l baigaa shdee gishee ni,,,,