Б.ЗАЯА

“Эрхээ хамгаалъя” ТББ-аас сонгуультай холбоотой ээлжит мэдэгдлээ хийв. Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан асуудал олон тойрогт яригдаж байгааг тэд хэлэв. Сонгуулийн тухай хуулийн дагуу мөнгө авсан иргэд шүүх, цагдаагийн байгууллагад баримттайгаар хандвал авсан мөнгөө 20 дахин нугалж авах боломжтой. Ингэснээр шударга сонгууль болж, Сонгуулийн тухай хууль ч бүрэн эхээрээ хэрэгжинэ гэцгээв.

Тус Төрийн бус байгууллагаас үүнтэй холбогдуулан хуульчдын багтай хамтран “Шударга сонгууль” аяныг зохион байгуулж байгаагаа дуулгалаа. Хэрэв иргэн та шудрга сонгууль болгохыг, сонгох эрхээ хамгаалахыг хүсч байвал тус байгууллагад хандах боломжтой юм байна.

Хурал зохион байгуулагчдын хэлснээр тэдэнд нэр дэвшигчид мөнгө тараасан олон баримт цугларчээ. Энэ тухай өмгөөлөгч Л.Мөнхсайхан “Тухайлбал, 75 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ундармаа гэхэд иргэдэд 40-200 мянган төгрөг тараасан баримт байна. Энэ бол сонгогчийн эрхэнд хууль бусаар халдаж байгаа явдал” гэв.

Түүнчлэн тус аяны зохицуулагч Ч.Чимэдцэрэн “Анхнаасаа Сонгуулийн тухай хуулийг сайн хууль боллоо гэж улстөрийн хүчнүүд магтсан. Гэтэл одоо үзэхэд энэ хуулдиа хэрэгжүүлэгч чадалтай хуулийн байгууллага алга. Бид баримт цуглуулаад шүүх, цагдаад өгөхөөр сонгууль дуусчихсан гэсэн байдлаар тоохгүй байна. Сонгуулийн хууль үнэхээр сайн болсон бол энэ хуулийнхаа 71 дүгээр зүйлийг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Тус зүйлд сонгуулийн саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл, бараа материал тараасагн бол, иргэн баримтжуулаад цагдаагийн байгууллагад хандсанаар хуулийн дагуу тухайн мөнгийг иргэнд 20 дахин нэмж өгнө гэж заасан. Тиймээс энэ хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn