Наадмаар 1024 бөх зодоглоно
2016/07/09
Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ой зэрэг тэгш ой тохиож байгаа.
Мөн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж, гаднын томоохон зочид төлөөлөгчид ирэх тул энэ жилийн наадам тун онцгой болох талаар албаныхан дуулгаж байна. Улсын баяр наадмаар улс, аймгийн алдар цолтой 1024 бөх зодоглох юм байна. Шөвгийн барилдаанууд оройтох магадлалтай тул гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэл суурилуулахаар болоод байгаа аж.Наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 8-10-нд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бүртгүүлэх бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх юм байна. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулжээ. Улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд зодоглох 14-15 насны хөвгүүдийг энэ сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах аж. Сонирхуулахад, наадмаас наадмын хооронд улс, аймгийн алдар цолтнуудын 22 барилдаан болсноос Ц.Содномдорж харцага таван удаа түрүүлсэн бол П.Бүрэнтөгс арслан дөрвөн удаа түрүүлж, тав үзүүрлэсэн байна. Харин Э.Оюунболд арслан гурав түрүүлж, хоёр үзүүрлэжээ.
Б.Номуун