“Яг түүн шиг” шоуны финалын шатанд оролцогч дуучин П.Баярцэнгэл тайзнаа Бруно Марс болон гарч ирж үзэгчид болон шүүгчдийг гайхшруулсан.

Финалын шатны зочин шүүгчээр Зуун манлай дуучин Б.Сарантуяа уригдсан. Тэрбээр дуучин залууг “Жижигхэн шавилагхан залууд ийм их авьяас байдаг юм аа” хэмээн дуу алдан магтсан.

Харин шүүгч Г.Ганхүү “Чи надад 1000 ам.доллар хэмнэж өглөө. Бруно Марсын тоглолтыг эхний эгнээнээс үзэхэд 1000 ам.доллар байдаг. Харин одоо би түүний тоглолтыг үзэх шаардлагагүй боллоо. Би Бруно Марсыг үзлээ. Чи төгсгөлд нь сайхан жин тавьж өглөө. Би чамайг Витасыг тайзнаа амилуулж байхад хоолойг чинь шалгадаг газар байвал шалга гэж байсан даа. Чи яаж энэ олон дүрд хувирч ингэж дуу хоолойг нь яг дуурайж чадаж байна аа” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний асуултад П.Баярцэнгэл "манай ах миний хоолойг бэлтгэлийн үеэр шахаж байдаг" юм хэмээн хошигносон хариултыг өгсөн.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд тэрбээр 41 мянга гаруй үзэгчдийн санал авч, бусдаасаа хол илүү тасарсан санал авснаараа "Ялагч" болсон юм. Тус шоуны Супер оролцогч 20 сая төгрөгөөр шагнуулав.

О.Ариун