Тэртээх 1967 оны есдүгээр сарын 27-н манай улсын түүхэнд нэгэн тэмдэглэлт өдөр болон үлдсэн билээ. Энэ өдөр Монгол айл гэрийн хойморт хүн төрөлхтний шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшлийн гоц бүтээл болсон “зурагт радио” гэрэлтэж зон олны амар мэндийг нь эрэн, ертөнцийн сонин мэдээ мэдээллийг дуу, дүрстэйгээр хүргэсэн нь гайхамшигт үйл явдал болсон юм. Тэр цагаас эхлэн МҮОНРТ-ийн хамт олон үе шаттай технологийн шинэчлэлтүүдийг хийж, 1981 онд телевизийн нэвтрүүлгүүдийг өнгөтөөр дамжуулж эхэлсэн бол өдгөө бүрэн тоонсистемд шилжиж 46 жилийн ойтойгоо золгож байна.

    Сая сая үзэгчтэй театр болох телевизийн урлагийн ууган төлөөлөгч - МҮОНТ өнөөдөр орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн технологийн шилдэг шийдлээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд болж байгаа үйл явдал, хүн төрөлхтний соёлын их өвийг Монголын ард түмэндээ мэргэжлийн өндөр түвшинд нэр төртэйгөөр дамжуулан хүргэж байна.

    Бидэнтэй хамт байдаг үзэгч олон, хамтран ажилладаг байгууллагууд, энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй Монголын телевизийн салбарын үе үеийн мэргэжил нэгт уран бүтээлч, инженер техникийн ажилчдадаа Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн салбар үүсч хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз хийморь, сайн сайхан бүхнийг МҮОНРТ-ийн нийт хамт олныхоо өмнөөс хүсэн мэндчилье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр