Үсээ сайхан болгож, хүссэнээрээ харагдацгаая
2016/07/17
Охидууд маань нэг үеийг бодвол их чөлөөтэй, стиллэг загварлаг байдаг болжээ. Үсээ хэрхэн засуулвал зохих талаар нэгэн уншигч охины хүсэлтээр доорх зөвлөгөөг бэлтгэлээ.
Өнгийн цэцэгс мэт дэлгэрч дэлбээлж байгаа охидууддаа үсээ хэрхэн арчилж, яаж засуулж тайруулах талаар товчхон ойлгомжтой зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ. Бид хэр эрт үс гэзэг, хувийн ариун цэвэр, арьс хумсандаа анхаарал тавьж чадна тэр чинээгээрээ биеэ эртнээс зөв авч явж сурах юм.
Үсээ хэрхэн арчлах вэ?
Хүн бүрийн үс өөр өөр бүтэц, шинж чанартай байдаг. Бид хамгийн түрүүнд өөрт тохирсон үсний шампунь, тэжээлийн тосоо сонгон, зөв хэрэглэж занших хэрэгтэй. Мөн үсээ хэт халуун усаар угаахгүй байх нь чухал. Бас өдөр бүр угаах хэрэггүй шүү. Ургуулахыг хүсвэл ганга өвсийг /эмийн сангуудад худалдаалдаг/ хандлан шүршигч саванд хийн орой бүр үснийхээ угруу шүршин чийглэж байвал үс тань эрүүл сайхнаар урт ургах болно. Охидууд үсээ эртнээс будах дэмий, учир нь үсний тань унаган өнгө алдагдаж шинж чанар тогтворгүй болдог. Хими, цайруулалт хийлгэх гэж бүр яараад ч хэрэггүй. Тэр чинь тийм хүсэх зүйл биш. Тэрний оронд харин сор хийлгэж болох юм.
Үсээ хэрхэн засуулах /тайруулах/ вэ?
Үс тайруулахад, засуулахад учир их бий. Сайн муу өдрөөс авхуулаад, өөрийн царай төрхөндөө хэрхэн тохируулах, ямар гоо сайхны үсчинд хандах гэх мэт. Үсээ сайхан болгъё гээд тоглуулж байсан охидуудтай би нилээдгүй хэд таарч байлаа. Үс бол бидний төрөлхийн гоо сайхан учир хэр анхаарч арчлахаас чиний гоо сайхан байх чинь хамаарах тул туйлын бодолтой хандах хэрэгтэй. Хэн нэгнийг дуурайж хамаагүй сэгсийлгэж болохгүй байх нь. Ямартай ч энэ хорвоо дэлхий хавтгай дэлгэцэнд багтдаг болсон өнөө үед охид маань юунаас ч хоцрохгүй цаг үеэ дагаад загварлаг байж чадах боломжтой болсон билээ.
Нүүрний хэлбэр ерөнхийдөө дугуй болон гонзгой төрөлтэй. /алмазан, квадрат тэгш өнцөгт гэх мэт олон геометрийн дүрсэд өөрсдийгээ хуваагаад яахав/ Дугуй царайтай охидод шулуун бөгөөд, урт болон богино үс аль ч зүгээр харагддаг. Гол нь буржгар болгох л зохимжгүй юм. Богино болгъё гэвэл үсээ ирүүний доод өнцөг хүргэсэн, хүзүүгээ далдлахаар богино тайрвал нүүрийг гонзгой мэт харагдуулна. Харин урт үстэй бол орой хэсгээ жаахан өндөрлөсөн маягтай, үсээ сулавтар овоолж боовол дажгүй шүү. Гонзгой царайтай охидод бол бага зэрэг долгиотой хагас урттай үс зохимжтой. Мөн хөвсгөр байлгавал тун зүгээр.
Ингээд та бүхэн доорх зургуудаас санаа аван үсээ сайхан харагдуулах, загварлаг засалттай болгоорой.
www.mongoljingoo.mn