Д.ЦЭРЭННАДМИД

Хүн төрөлхтний спортын их баяр-Риогийн олимпийн наадамэхлэхэд 10 гаруйхан хоног үлдээд байна. Манай улс энэ олимпод 42 тамирчнаа илгээж байгаа нь түүхэндээ хамгийн олноороо оролцож байгаагаар тэмдэглэгдэж байгаа юм. Тамирчид маань олимпод ямар амжилттай оролцох бол гэсэн бодол хүн бүрийнсэтгэлд уяатай байгаа энэ үед нэгэн чухал хүнтэй уулзлаа.Энэ хүн бол ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийнтөвийн эрдэм шинжилгээ сургалтын хэлтсийн дарга, МонголУлсын гавьяат дасгалжуулагч доктор, профессор Л.Ням юм.Түүнтэй ярилцлаа.

 

-Үндэсний шигшээ багийн тамирчдын суурь судалгааг Таудирддаг. Тиймээс уг төслийн хоёрдугаар шатны судалгааныявц хэрхэн өрнөв гэдэг талаар эхлээд ярих уу?

-Энэ удаа тамирчдынхаа амжилтыг ахиулахын тулд эрдэм шинжилгээний хэлтсийнхэн бид 2015 оны нэгдүгээр сараас хойш үндэсний шигшээ багийн нийт тамирчдынхаа дунд есөн төрлийн судалгаа хийж өнөөдрийг хүрлээ.

Тэгэхдээ нийт спортын 17 төрөлд олимпийн төрөлд багтсан хийгээд амжилт гаргаж болох төрлүүдийнхээ тамирчид дээр судалгааны гол цөмийг чиглүүлсэн юм. Бас судалгаандаа зөвхөн олимпийн эрх авсан тамирчид гэж явцуураагүй 136 хүнийг хамарсан. Ерөнхий судалгааг 2015 онд дуусгаад энэ оны нэгдүгээр сараас нарийвчилсан судалгааг хийсэн юм.

-Нарийвчилсан судалгаа гэдгээ жаахан тодруулна уу?

-Нарийвчилсан судалгаа гэдэг маань бүр ойлгомжтойгоор хэлбэл олимпод явах тамирчид дээрээ голлосон гэсэн үг. Судалгааг спортын тодорхой төрлүүд дээр тамирчдынхаа бие бялдрын бэлтгэлжилтэд гойд анхаарч тэмцээний үед ажиллах чадвар, амжилттай нь харьцуулан үзэж үнэлгээ дүгнэлт гаргаж ирэв. Тэр дотор тамирчдынхаа бие бялдрын хөгжлийн үнэн зөв тодорхойлолтыг гаргаж нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэнтэй албан ёсны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Нөгөө талаар сэтгэл зүйн чиглэлээр тамирчин бүр дээр ганцаарчилсан судалгааг хийж амжууллаа. Мөн жүдо, боксын төрлийн тамирчдад УАШТ-ний үеийн бичлэгт нарийвчилсан дүн шинжилгээ хийж тухайн тамирчны үйл ажиллагааны гүйцэтгэл, ур чадвар, техник тактикийн тоо, чанарт харьцуулсан дүгнэлт гаргасан. Үүнийгээ өмнөх олимпууд болон сүүлийн гурван жилийн бэлтгэлжилтын явцтай харьцуулж үр дүнг харж үзсэн. Энэ бол судалгааны үндсэн суурь болж өгдөг. Тэгээд судалгааныхаа дүгнэлтийг баталгаажуулахын тулд тамирчдынхаа дунд сургалт зохион байгуулсан.

-Тэр сургалтыг хэрхэн зохион байгуулдаг юм бэ?

-Сүүлийн хоёр сард дөрвөн удаа тодорхой сэдвээр сургалт зохион байгуулсан. Нөгөө талаар судалгааны гол чиглэл бол тамирчдын хоол зүй, хүнс тэжээлийн хангамж байдаг. Энэ талын ажил бол шинэ юм. Судалгааны багийнхан тамирчдын бэлтгэл хийж байгаа бааз дээр очиж зөвхөн тамирчид төдий биш тогооч, үйлчлэгч, нярав гээд бүх хүнийг хамарсан сургалт түүнийгээ дагасан судалгаа хийж байв. Дараа нь тамирчдынхаа дунд асуулга явуулж дүгнэлтээ баяжуулсан, бас нэг шинэ ажил бол олимп болох газарт ажиллах мэргэжлийн тогооч бэлтгэж авлаа. Хоол хүнсэнд зарцуулах мөнгө хөрөнгийг шийдүүллээ. Хэдийгээр олимпод очсон тамирчдыг тэндээс хоол хүнсээр хангаж байгаа ч гэсэн Монгол тамирчдынхаа бие организмд зохицсон үндэсний хоол хүнс хэрэглүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ганцаарчилсан болон тусгай хоол шаардлагатай хүн ч байдаг шүү дээ.

-Өөр шинэдүү ямар ажил хийв дээ?

-Хүн бүрт биоритм гэж бий. Үүнийг бол урьд нь ч анхаарч байсан. Мөн тухайн тамирчны зурхайн зурлага ямар өдөр таарахнав. Энэ бүхний үндсэн дээр тооцоолол гэж том юм хийдэг. Нийт 56 тамирчин дээр энэ тооцооллыг хийж тэднээс 40-д нь бүр нарийвчилж үзсэн. Энэ бол тухайн тамирчин тэмцээний үед бие бялдар, сэтгэл зүйн хувьд хэр бэлэн байнав гэдгийг харуулаад зогсохгүй тэр тамирчин ямар амжилтад хүрэх боломжтойв гэдгийг төсөөлж авах зорилготой юм. Энэ ажлыг хийхдээ. Гандантэгчинлэн хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийнхэн болон билгэ авьяастай хүмүүсийг түшиж ажилласан даа.

-Таны ярьж байгаагаар спортын аль нэг төрөлд дагнасан судлагаа их зонхилдог юм шиг санагдлаа.

-Тийм л дээ. Спортын аль ч төрөлд баг тамирчны бие бялдрын болон техникжилт тактикийн байдалд хийсэн судалгаа бол хамгийн сонирхолтой бөгөөд шийдвэрлэх хүчин зүйл болдог. Жишээ нь чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй шигшээгийн тамирчид дээр хийсэн судалгаагаар тухайн тамирчны ажиллах чадвар хийж буй мэхний хувилбарууд дээр нь авч буй онооны хоорондын зай, хугацаа зэрэг чиглэлээр хийж дүгнэлт гаргасан. Тэгэхэд ямархуу дүгнэлт гарав гэвэл манай чөлөөт бөхийнхөн Монголдоо төдийгүй гадаадын том том тамирчдын мэхний хувилбар, арга барилаас өндөр үзүүлэлттэй харагдаж байгаа юм. Ер нь манай бөхчүүдэд давуу тал бий. Монгол бөхийн олон төрлийн мэхийг ашиглаж чадвал өндөр оноо авах магадлал их. Тамирчин бүрийн сэтгэл зүйд монгол бөхийн арвин их мэхийн өв хадгалаастай байгаа гэж хэлж болно.

-Жүдо бөхийн төрөлд ч бас саяын яриа хамаарна биз?

-Ялгаагүй л дээ. Жүдод 11-12 төрлийн мэх хийгдэж байна. Гэхдээ хожил авч буй байдалд судалгаа хийхэд сонин юм харагддаг юм. Хожиж байгаа үнэлгээнд шидо буюу торгуул голчилж байна. Нэг томоохон тэмцээн дээр аваад үзэхэд барилдааны 61-71 хувь “шидо”-гоор дуусч байдаг юм. Энэ бол сайн юм биш. Хамгийн чанартай үнэлгээ бол юүко, базари. Энэ хоёр үнэлгээ нь тамирчин хүний барилдааны чанар ямар байгаа харуулдаг. Сайн бэлтгэлтэй тамирчин л юүко, базари үнэлгээгээр өрсөлдөгчөө хожиж байгаа юм шүү дээ.

-Та иппон буюу цэвэр хожлыг орхиод байх юм.

-Цэвэр хожил авдаг л даа. Гэхдээ энэ чинь азны юм гэж хэлж болохгүй ч тохиолдлын шинжтэй байдаг. Иппон үнэлгээг өрсөлдөгчөөсөө хол ур чадвартай бөх авч чадна. Нэг бол учраа бөхийнхөө алдаан дээр түшиглэж хааяа гэхээр авч болдог үнэлгээ.

-Боксын төрөлд судалгааг ямар хэлбэрээр хийдэг вэ?

-Тодорхой хугацаанд цохиолтын тоо өсч байна уу гэдэг гол нь. Бас баруун, зүүн аль талын цохилт нь илүү байна. Энэ төрөлд тамирчдын 95-96 хувь нь баруун өрөлттэй тоглодог тэдний цохиолтод судалгаа хийж үзэхэд голдуу шууд буюу хажуугийн цохилт голлож байна. Харин дороос өлгөж цохих нь нэн ховор байгаа юм. Гэхдээ бидний судалгааны дүнгээс үзэхэд сүүлийн хоёр жилд манай тамирчдын нэгж цохилтын тоо олширсон. Энэ нь тамирчны ажиллах чадвар сайн байна гэсэн үг.

-Түрүүнд мартагдсан нэг зүйлийг нөхөж асуухад чөлөөт бөхийн тамирчдаас эрэгтэйчүүд нь илүү байна уу,эмэгтэйчүүд нь илүү байна уу?

-Судалгааныхаа явцаас бид үүнийг олж харсан шүү. Энэ удаагийн олимпийн наадамд эрэгтэйчүүд арай илүү амжилт гаргах болов уу. Тэдний тэмцээний явцад ажиллах чадвар, мэхний хувилбарууд өндөр үзүүлэлттэй харагдаж байгаа. Эрэгтэйчүүдийн барилдааны жин тус бүрийн үзүүлэлтийг нэгдсэн дүнгээс харахад торгууль 34 удаа, 1 оноо 88 удаа, 2 оноо 192 удаа, 4 оноо 17 удаа, цэвэр ялалт 12 удаа байна. Монголын үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдын хувьд хийж байгаа мэхний хувилбар нь 9-10 мэхний хооронд эргэлдэж байна. Насны хувьд авч үзэхэд хамгийн ахмад нь 49 настай /+100/ кг жинд барилдсан бол хамгийн залуу бөх 19 настай байсан бөгөөд 26.5 байна. Цаашид анхаарч төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх санал.

-Нэг минутад хийгдэж байгаа мэхний хувилбарыг 20 төрлийн мэхэнд хүргэх, олшруулах тохиолдолд хийж буй мэхний хооронд цаг хугацааг багасгах улмаар бөхчүүдийн тактик, хөдөлгөөний эв дүйг сайжруулах, олон талт барилдааныг бэлтгэлийн үед явуулах нь зүйтэй байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Мөн бие бялдрын бэлтгэлжилтийн хувьд тэсрэлтийн хурд хүчний чанарыг илүү хөгжүүлэхэд бие бялдрын хөгжил бэлтгэлжилтийн сорилд зайлшгүй орох шаардлагатай байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөж байна.

-Тамирчдын бэлтгэлд хамрагдсан цаг хугацааг судалгааны явцад харахад ямар байх юм.

-Жилийн бэлтгэлийн өдөр бол дундаж нь 266, цаг нь 1010 байх юм билээ. Гадаад, дотоодын тэмцээнд оролцсон тэмцээний тоо дундажаар 10 байхад цугларалтын тоо найм байх жишээтэй. Энэ бүхнээс харахад 1960, 1970, 1980 оны үеийнхтэй харьцуулахад тамирчны бэлтгэлд хамрагдах цагийн тоо 50 хувь буурсан үзүүлэлт байгаа.

-Бэлтгэл хийх цагийн тоо буурна гэхээр хараар бодвол бэлтгэл тун бага хийдэг болжээ гэж санагдмаарбайх юм.

-Тийм биш юм шүү. Энэ нь спортын төрлүүдийн дүрмийн өөрчлөлт, уралдаан тэмцээний журам шинэчлэгдсэнтэй холбоотой юм. Сүүлийн үеийн уралдаан тэмцээний дүрэм, журам нь тамирчнаас богино хугацаанд маш эрч хүчтэй ажиллахыг шаардаж байна. Тэр дагуу ч үнэлгээг нь уялдуулж өгч байна. Бүр ойлгомжтой хэлэх юм бол тамирчны ур чадварыг ямар хугацаанд хэрхэн ажиллав гэдгээр нь хэмжих болж байгаа юм. Энэ нь дэлхийн жишиг гэж болно.

Ингээд нэг тоо сонирхуулж хэлье 1970-1980 онд манай тамирчид жилд 1800-2000 гаруй цагийн бэлтгэл хийдэг байсан бол одоо ердөө 1000 гаруйхан цаг болж. Ер нь богино хугацаанд ур чадвараа харуулж, мэхийг олон хувилбараар гаргаж сэтгэл зүйгээ зөв жолоодож чадсан тамирчин амжилт гаргадаг болсон.

-Төсөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх асар их судалгаа хийжээ. Үр дүн нь олимпоос л харагдах байх. Гэхдээта бүхэн судалгааныхаа дүнд манай тамирчид ямар амжилт гаргах байх гэж төсөөлж байна вэ?

-Монголын баг, тамирчдад өөрсдийн гол зорилго бий. Үүнийг нь судалгааныхаа үр дүнтэй харьцуулж үзээд манай тамирчид ийм амжилт гаргахнээ гэсэн тооцоолол хийсэн. Бидний тооцооллоор бол манай тамирчид олимпоос хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл нийт найман медаль авах боломжтой гэсэн тооцоолол бий. Мөн цаашлаад судалгааны дүнд заасан зорилго буюу наймаас доошгүй медаль авсан тохиолдолд олимпийн наадамд оролцсон 206 орны 25-д нь бичигдэх юм гэж үзсэн.

-Билгэ дэмбэрэлтэй үг сонслоо, Л.Нямаа доктор танаас...?

-Энэ бол зөвхөн билгэ дэмбэрлийг бодсон ерөөлийн үг биш. Асар олон талын судалгаа дүгнэлтийн үр дүн учир биелэх зүйл юм шүү.

-Тэгэхлээр манайхан Лондонгийн олимпод 20 орчим тамирчинтай оролцоод таван медальтай ирсэн. Тэгвэлэнэ удаагийн олимпод 40 гаруй тамирчинтай оролцоно. Найман медаль ч лав байх биз ээ?

-Тийм л дээ. Тоогоор харьцуулж бодсон ч нэг тийм баримжаа хэлж болно. Гэхдээ судалгаатай юм гэдэг тэрнээс өөр.

-Судалгаа тамирчин бүр дээр хийгддэг. Тиймээс ийм хүмүүс медаль авах хэмжээнд бэлтгэгдсэн гэдгийг табас хэлэх боломж бий биз?

-Болно л доо. Медаль авах хэмжээний тамирчин гэвэл чөлөөт бөхөөс дэлхийн аварга М.Уранцэцэг, С.Батцэцэг, Г.Мандах­наран, П.Өнөрбат нар байна. Жүдогоос Н.Түвшин­баяр, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг гээд л байна. Боксоос Д.Отго­ндалай, Б.Түвшинбат, Буудлагаас О.Гүндэгмаа бас Ц.Мөнхзул ч сайн л байгаа. Ингээд бодохоор авах медалийн тоо наймаар ч тогтохгүй байж болно.