“Miss and Model” фестивалын анхан шатны шалгаруулалт өнөөдөр болно
2013/09/29
Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг олгох “Miss and Model” фестивал анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд 4 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний анхан шатны шалгаруулалт өнөөдөр 11:00 цагаас “Андра модель” агентлагийн байранд зохион байгуулагдана.
Монголын загварын ертөнцийн нүүр царай болж яваа шилдэг моделиудаас шилдгийн шилдгүүдийг нь тодруулах уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Андра модель агентлаг”, “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.
Ийнхүү “Miss and Model” фестивалын анхан шатны шалгаруулалтаас шилдэг оролцогч 15 шалгаран үлдэж хагас сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа өрсөлдөж ирэх 10 сарын 15-ны өдөр болох финалын шоу нь дээр шилдгүүд нь тодрох юм.