Монголчууд өөрсдийн гараар цахилгаанаар ажиллдаг автобусыг үйлдвэрлэж чадварлаг залуусаар бахархах болсон цаг саяхан. Тэгтэл хийснийхээ хэрээр  хөлжиж, төр түмний мөнгийг өөрийн мэт завшиж байгаа хэрэг гараад байна. Үүнийг сэтгүүлч би биш харин төрийн албан хаагч нь баталчихаад байгаа юм. Тодруулбал   “Монголын цахилгаан тээвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Жаргалсайхан төрийн өмчит үйлдвэрийн суурь бааз дээр түшиглэн өөрийн болон дэд захирлынхаа компанийг байгуулж, нэг санхүүтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  Та бидний ярьдагаар бол энэ хэрхэвч ариун явдал биш. Ингээд бузар явдлыг эхнээс нь бичье.  

Монгол хүний ур ухаан, инженерийн чадварыг шингээн эх орондоо  анхны цахилгаан тээврийг угсарч,  өнөөдөр тэр нь нийтийн тээвэрт үйлчилж байгаа.  Энэ бол үнэхээр бахархмаар үйлдэл мөн. Гэхдээ  энэ ажлыг хийх нэрийдлээр“Монголын цахилгаан тээвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Жаргалсайхан улсаас та бидний татварт төлсөн мөнгөнөөс  гамгүй  ихийг хэрэглэж, ажилчдынхаа цалинг тавихгүйгээр үл барам кино ивээн тэтгээд л сууж байх юм.  Ингэхдээ нийслэлийн төсвөөс чамгүй их мөнгө тусгуулсан бөгөөд  гүйцэтгэлийг нь  “Эрдү” ХХК гүйцэтгэсэн байна. “Эрдү” ХХК нь  “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Жаргалсайханы охин үрийнх нь тэргүүлдэг  компани. Тус компани нь 2009 оноос хойш дуобус үйлдвэрлэсэн бөгөөд эхний жилдээ буюу 2009 онд зургаан тэрбум төгрөгийг төрөөс гаргуулсан байдаг. Төрөөс  2010-2013 онуудад ч мөн дуобус үйлдвэрлэх зорилгоор 20 орчим тэрбум төгрөг авсан. Энэ онд л гэхэл дөрвөн тэрбум төгрөг авсан бөгөөд үүний  1.5 тэрбумыг төсвөөс, 2.5 тэрбумыг Нийслэлээс гарсан аж.  Энэ бол төрөөс тэдний үйл ажиллагааг  харамгүй дэмжсэн  тоо  нь.  

Тэд “Дуобус” босгохдоо гадаадаас сэлбэг оруулж ирдэг. Түүнийг худалдаж авахаар гадагшаа явуулсан мөнгөн дүнгийн  Гааль дээрх мэдүүлэг, байгууллагын санхүүгийн мэдээ хоёрын тоо асар их зөрдөг. Аудиторууд шалгаад шалгаад зүгээргүй болохыг нь илэрүүлээд хуулийн байгууллагад шилжүүлчихсэн байгаа юм билээ.

“Эрдү” ХХК Дуобусыг угсарна гэж хамаг мөнгө хөрөнгийг нь авдаг хэрнээ гүйцэтгэлийг  нь  “Цахилгаан тээвэр” компанийнхан хийдэг.  Харин угсарсан улсын цалинг “Цахилгаан тээвэр” компани гаргадаг. Өөрөөр хэлбэл “Эрдү” ХХК Дуобусыг угсарах нэрийдлээр төр, түмний мөнгийг идээд л,  төрийн компани нь харин боломжийг нь олгоод л...

Тус газарт бузар бас нэгэн явдал гарч байгаа.  “Эзэн холбогдогч” нь “Монголын цахилгаан тээвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал асан Я.Лхагвасүрэн. Тэрбээр цахилгаан тээврийн компанитай бөгөөд хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг зөрчсөн болохыг аудитын шалгалтаар тогтоочихсон байна. Ганцхан жишээ, Я.Лхагвасүрэнгийн тэргүүлдэг компани нь  “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын дөрөвдүгээр чиглэл буюу “Ботаник-Вокзал”-ыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ нь Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээ, Өмчийн харилцааны газартай байгуулан Контрактийн гэрээ болон НИТХ-аас баталсан Нийслэлийн өмчийг түрээслэх гэрээг зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Нийслэлийн Нийтийн тээврээс явуулсан аттестатчилалын шалгалтад бүдэрч цаашид бусад компанитай нэгтгэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын дэд захирал асан Я.Лхагвасүрэн нь тэтгэвэртээ гарсан даруйдаа өөрийн компанийн зөвлөхөөр ажиллах болжээ. Харин захирлаар түүний хүү Л.Энхтүвшин ажилладаг. Тус “Аз сервис” ХХК нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эзэн болох Я.Лхагвасүрэн нь энэ онд тэтгэвэртэй гарчээ. Мөн  2009-2011 он хүртэл “Аз сервис”-ийнхээ тролейбусыг түрээслээд байгаа юм уу, “Цахилгаан тээвэр” компани нь ажилтан албан хаагчаа “Аз сервис”-т түрээслээд байгаа юм уу мэдэгдэхгүй гурван жил гаран үйл ажиллагаагаа явуулсан байдаг юм билээ.  

Ийм л будлиан  цаана чинь өрнөж байна даа... Та бид нар татвараа үнэнч шударгаар  төлөөдл байдаг. Харин тэрүүгээр нь хэсэг бүлэг нөхөд тоглоод л...

Энэ ариун явдал хэрхэвч бишээ.  АТГ-аас шалгаасай...

А.Баярмаа