Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар "мэргэжил"-ийн гэх тодотголоосоо ухарч, "давхар дээл" -нээс татгалзаж чадаагүй ч төрийн бүтцийг хазаарлах шийдвэрийг гаргасан. Гэхдээ чихэнд чимэгтэй тэрхүү шийдвэр нь хөрсөнд хэрхэн буухыг зөвхөн цаг хугацаа харуулна-


Засгийн эрхийн барьж байсан Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийхээ горыг "ялагдал"-аар амссан бол Монгол ардын нам өмнөх Засгийн газрынхаа алдааг засах хүндхэн, хариуцлагатай үүргийг хүлээсэн билээ. Харамсалтай нь, өнөөдөр Засгийн эрхийн атгасан улс төрийн ууган хүчин маань үнэмлэхүй ялалтдаа бардаж, олон нийтэд амласан амлалтаасаа "чимээгүйхэн" ухарч байгааг шинэ Засгийн газар бүрэлдсэн үйл явцаас харж болно.
Хэдийгээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан "мэргэжил"-ийн гэх тодотголоосоо ухарч, "давхар дээл"-нээс татгалзаж чадаагүй ч анхны хуралдаанаараа төрийн бүтцийг хазаарлах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, УИХ-ын энэ оны арванхоёрдугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталсан юм. Үр дүнд нь өнөөгийн Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болсон.
Ингэхдээ Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар болж, чиг үүргийг нь холбогдох агентлагуудад шилжүүлсэн. Энэ мэтчилэн төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлагийн талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны хуралдаанаараа хэд, хэдэн арга хэмжээ авч ажиллахыг танхимынхаа гишүүдэд даалгасан нь амлалтаасаа хоёр алхам ухарсан Монгол ардын намыг нэг алхам урагшлах боломжийг олголоо.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын анхны хуралдаанаараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа гишүүдэд шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулж буй Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэхийг үүрэгдсэн бол хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга нэг, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримталж ажиллахыг даалгав.
Түүнчлэн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог долоогоос доошгүй байхаас гадна агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байхыг сануулав. Эндээс хамгийн авууштай нь, Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын авто машин хэрэглэх зэрэг чихэнд чимэгтэй шийдвэрийг гаргажээ.
Ямартай ч Ерөнхий сайд маань Засгийн газрынхаа анхны хуралдаанаар хурган дарга нарынхаа хөлийг туших шийдвэрийг гаргалаа. Гагцхүү олон нийтэд таалагдсан дээрх шийдвэрүүд нь хөрсөнд хэрхэн буухыг зөвхөн цаг хугацаа харуулах биз ээ.