Өчигдөр байнгын хороод хуралдаж ЗГ-ын дөрвөн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж П.Сэргэлэнг 95 хувийн саналараар дэмжлээ. П.Сэргэлэн нь Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг санхүүч мэргэжлээр төгссөн юм байна.

Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж Барилга хот байгуулалтын сайдад хотын дарга асан Г.Мөнхбаярыг 100 хувийн саналаар, Эрчим хүчний сайдад П.Ганхүүг 90 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх С.Даваасүрэнг дэмжив. Харин Үндэсний статистикийн хорооны даргаар А.Ариунзаяаг дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад А.Цогцэцэгийг 100 хувийн саналаар дэмжжээ.

Байнгын хороод Ерөнхий сайдын өргөн барьсан сайд нарыг дэмжсэн учраас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явагдаж дээрх нэр дэвшсэн хүмүүсийг дэмжсэнээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнтэй боллоо.

О.ӨНӨР