Барилгын ослоос үүдэлтэй хэргүүд шийдэгдэхгүй удаж байна
2013/02/26
Барилгын салбарт асуудал бугшсаныг өнгөрсөн онд шилээ даран гарсан аймшигт хэргүүд бэлхнээ нотолсон. Хэвлэлийнхэн ч хэсэгтээ шуугиад чимээгүй болжээ.
Тиймээс баригдаж буй барилга байшинтай холбогдож гарсан осол, зөрчлийн хэргүүд хэрхэн шийдэгдэж буй талаар нэхэн тодрууллаа. Хичээлийн анхны хонхтой хамт барилгын салбарт аюулын харанга дэлдсэн Б.Есүгэн охины хэргийг хүн бүр санаж байгаа биз ээ.
Өнгөрсөн есдүгээр сард "Төгс гүрэн" компанийн барилгаас зуурмаг шахагч унаснаас бяцхан охин амиа алдсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалт он дамжин үргэлжилсэн ч одоог хүртэл дуусаагүй л байна. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байгаа юм.
Тус хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, хошууч ГЛхагвасүрэнгээс ямар шалтгаанаар хэрэг сунжирч буй тухай тодрууллаа. Түүний хэлснээр, хэрэгтэй холбоотой мэдээлэл, баримтыг шалгаж л байгаа юм байна.
Б.Есүгэн охины ослын дараа Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр "Тэнгис" кино театрын урд баригдаж байсан үйлчилгээний зориулалтгай барилгаас бэхэлгээний төмөр унаж 22 настай оюутан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийг харьяалын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард НМХГ-ын байцаагчидтай холбоотой хэсгийг нь АТГ-т шилжүүлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар НМХГ-ын байцаагч Цэнгэл, Барилга дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Мөнхжаргал нарыг АТГ-т шалгаж эхэлсэн аж.
Харин Нийслэлийн прокурорын газрын мэргэжилтний хэлж буйгаар аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөн асуудалд холбогдуулан харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа, удахгүй прокурорын хяналтад ирэх юм байна.
"Баганат-Өргөө" компанийн өргөтгөлийн барилгын дөрөвдүгээр давхарт ажиллаж байсан ОБЕГ-ын тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга Н.Очирбат дээд давхраас нь төмөр унасны улмаас толгой, нүдэндээ хүнд гэмтэл авсан. Ослын дараа түүний биеийн байдал улам хүндэрч зүүн нүд нь хараагүй болсон юм.
Түүний хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад оны өмнөхөн прокурорт шилжүүлсэн. Гэвч дүүргийн прокуророос нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар буцаажээ. Тиймээс уг хэрэг ойрдоо шүүхэд шилжихгүй нь бололтой.