С.Зориг агсны хэрэг илрээгүй бараг 18 жил боллоо. Үе үеийн төр Засгийнхан сонгууль бүрийн үеэр шахуу уг аллагын хэргийг сөхөн гаргаж, нийгэмд хүлээлт үүсгэдэг заншилтай болжээ.

Яг энэ жишгээр саяхан болж өнгөрсөн долоо дахь удаагийн сонгуулийн өмнө хэргийг сөхсөн. Ингэхдээ түүний бэлэвсэн эхнэр Булганыг хамсаатан гэх эмэгтэйн хамт Төв аймгийн шоронд хориод удаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, үхэр дайраад Төв аймгийн шоронд 9 сар хоригдоод саяхан гарч ирсэн иргэн сонинд ярилцлага өгөхдөө “Зориг агсны эхнэр миний хажуу талын камерт хоригдож байсан. Түүний өрөө 24 цагийн турш гэрэлтүүлэгтэй, хэнтэй ч юу ч яриулдаггүй, сайхан амарсан уу гээд хүнтэй мэндлэхэд арга хэмжээ авахуулдаг тэр нөхцөлд Булган яаж тэсэж байна гэж би гайхсан. Гэхдээ намайг бодоход бясалгал хийдэг юм билээ. Түүний хамсаатанаар шалгагдаж байгаа гээд нэг эмэгтэй бас өөр нэг өрөөнд хоригдож байгаа” гэсэн байна.

Уг нь С.Зоригийн хэргийг сонгуулийн шоу болгож байна гэж хардах хүн олон байсан учир нь нэлээд улстөрчидтэй энэ хэргийг хамаатуулах гэж үздэг. Тодруулбал Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг энэ хэрэгт холбоотой хэмээн олон жилийн өмнөөс мэдээлэл гарсаар байдаг байлаа. Тиймдээ ч ард түмэн АН-ын үед энэ хэрэг илрэхгүй гэцгээж байв. Учир нь Ерөнхийлөгчийн мэдэлд хууль хяналтынхан байдаг гэх хардлага бий. Мөн Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан нар Булганыг өмөөрч хорих ангиар нэг бус удаа эргэлдсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байсан.

Үүнээс гадна өнгөрсөн хавар Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудсандаа: “Надад та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж (Их хурлын гишүүнийг дуудахаар бодоход том албаны хүн байж таарнаа даа. Г.Ж) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!” хэмээн жиргэсэн байгаа.

Ямартай ч С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт аллагын хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн сонгуулийн өмнө нэлээн хүчтэй хөдөлж, энэ явдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн байгаа. 18 жилийн турш хүлээлт үүсгэн, улстөрчидтэй холбоотой мэт сонсогддог энэ хэрэг АН-ын үед лав илэрсэнгүй, тэгвэл МАН уг хэргийг илрүүлэх болов уу гэдэг бас нэгэн горьдлого нийгэмд байна.

Г.Наран