Ардын хувьгалын 95 жилийн ойн их баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн Өвөрхөнгай аймгийн Уянга сумын харьяат “Алдар” спорт хороо, “Контейнер хаус” компани, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулгатай ярилцлаа.

-Улсын баяр наадамдаа сайн барилдаж Монгол Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе. Таны төрж өссөн нутгийн талаар ярилцлагаа эхэлье.

-Би Өвөрхангай аймгийн Уянга суманд 1990 онд төрж өссөн. Багаасаа бөхөд сонирхолтой байсан. Хонь хариулаад л явж байхдаа үеийн нөхөдтэйгөө барилдаж цаг өнгөрөөдөг байлаа. Энэ маань бөх болоход нөлөөлсөн.

-Таны бөхийн анхны багш хэн бэ?

-Анхны багш маань Өвөрхангай аймгийн арван жилийн сургуулийн багш Н.Очир гэж хүн байдаг. Энэ хүний удирдлагад самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан. Н.Очир багш одоо Өвөрмонголд жүдо бөхийн багшаар ажилладаг. Үндэсний бөхийн тухайд 2008 онд хөдөөнөөс оюутан болж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсч ороод улсын заан Ч.Батзориг, улсын начин Б.Адьяахүү нарт шавь орж анхны бэлтгэлээ хийж байсан.

-Хамгийн анх үндэсний бөхийн ямар цолонд хүрч байсан бэ?

-2006 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд зохиогдсон залуучуудын тойргийн барилдаанд түрүүлж сумын начин цол авч байлаа. Дараа жил нь өөрийн Уянга сумандаа түрүүлж сумын заан болсон.

-“Бөх барилдаад амжилт гаргаж болно” гэсэн урам хэзээнээс төрж эхэлсэн бол?

- Дорнод аймгийн 2009 оны баяр наадамд тав давж аймгийн начин цол аваад их урам зориг орж байсан. Тэр үеэс л улсын том цолтой бөх болох зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа идэвхтэй хийж эхэлсэн дээ.

-Та улсын наадамдаа хэд дэх жилдээ барилдаж харцага цолонд хүрсэн бэ?

-Би гурав дахь жилдээ зодоглож харцага цолонд хүрлээ. 2011 онд анх зодоглож хоёр даваад Булган аймгийн арслан А.Сүмбээд унасан. 2014 онд барилдаад хоёрын даваанд улсын заан Б.Соронзонболдод өвдөг шороодож байлаа.

-Б.Соронзонболд заантай хийсэн барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг их татаж байсан. Барилдаан удааширч шодоход та барьц сонгож байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Хоёр дахь жилдээ улсын баяр наадамд зодоглож байгаа учраас цолонд хүрчих бололцоо байгаа болов уу гэж бодоод л барилдсан. Б.Соронзонболд заантай үнэхээр удаан барилдсан. Өөрт байгаа боломжоо гаргаж барилдсан. Барьц сонгохоор шодоход миний талаар буусан. Гэвч туршлага дутаад боломжоо ашиглаж чадалгүй хөмрүүлээд унаж байлаа.

-Энэ жилийн наадмаар хийсэн барилдаануудынхаа талаар яриач. 1024 бөх барилдсан учир хоёр болон дөрвиийн давааны оноолт аймгийн арслангуудад халгаа багатай байсан болов уу?

-Тийм ээ. Энэ жилийн наадмын хоёрын даваанд өөрийн нутгийн, бүр нэг сумын бөх аймгийн заан Д.Дарханбаатартай таарч давсан. Дараагийн даваанд улсын начин М.Жамьянпүрэв начинг өвдөг шороодуулаад дөрвийн даваанд ид сайн барилдаж байгаа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй оноолт таарсан. Гарьдтай сэрвүүгээс барилдахад алдаа гаргах магадлалтай учраас золгооноос л барилдана гэж төлөвлөсөн. Тавын даваа буюу начин цолны хариуцлагатай даваанд улсын арслан До.Ганхуягтай барилдаж давсан. Намайг хэн амлах бол, яах бол гээд хүн чинь их догдолдог юм билээ. Ингээд нутгийнхаа ахад, өөрийнхөө биширч явдаг хүчит арсланд амлуулан барилдаж улсын цолны босго алхсандаа маш их баярласан. Харин зургаагийн даваа буюу харцага цолны төлөөх хариуцлагатай барилдаанд Говь-Алтайн Л.Цэрэнтогтох начинтай хүч үзсэн. Улсын начин гэдэг цолонд хүрчихсэн болохоор сэтгэл зүй их тайван байлаа. Тийм ч учраас өөрийгөө заавал хаяна хэмээн зоригжуулж, их л итгэлтэйгээр барилдсан.

-Зааны даваанд П.Бүрэнтөгс арслантай хүч үзсэн. Төрийн наадмын түрүү бөхийн тааварт явсан залуу арслантай барилдахад юу бодогдож байв. Багш нар чинь юу гэж зөвлөж байсан бэ?

-Долоогийн даваанд үнэндээ их хатуу аманд очсон. Багш нар маань “Бүрэнтөгс арслангийн хөлд нь орвол хаях боломж байгаа шүү” гэх зөвлөгөө өгч байсан. Бяртай арсланд барилдаанаа гүйцэд гаргаж чадалгүй унасан даа.

-2011 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлж байсан. Тухайн үед ямар бөхчүүдтэй өрсөлдөж байсан бэ?

-Тэр үед аймгийн заан байсан одоогийн улсын начин Завханы Б.Бадамсүрэн, Ховд аймгийн арслан Б.Бадамгарав, аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн нэмэх начин Ц.Адьяа гээд одоо ид барилдаж байгаа залуучуудтай барилдаж түрүүлж байлаа. Тэгэхэд шийдвэрлэх барилдаануудаа золгооноос хийж хаясан.

-Таны хувьд аймгийн начин цолтой багагүй хугацаанд барилдсан. Шантрах үе гарч байсан уу?

-Яалаа гэж шантрах билээ. Хэрвээ шантарч няцсан бол өнөөдөр энэ цолонд хүрэхгүй байх нь мэдээж. Тухайн үед улсын цолд хүрнэ гэсэн том зорилготой байлаа. Гэхдээ аймгийн арслан болж чадахгүй юм биш биз дээ гэж бодогдох үе байсан. Тэр бүртээ өөрийнхөө барилдаанд дүгнэлт хийж, бэлтгэл дутуу учраас л уналаа, илүү сайн хийх ёстой гэж үздэг байлаа.

-Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?

-“Аварга” сургуулийн нэгдүгээр курст байхдаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглож нэгийн даваанд Дундговийн улсын начин А.Алтанхуягийг, хоёрт Завханы аймгийн хурц арслан Т.Баттөмөрийг даваад, гурвын даваанд энэ жил надтай цуг начин болсон М.Бат-Отгонд амлуулж хөлийг нь шүүрч аваад их өндөрт гаргаж ирээд унаж билээ. Тухайн үед чинь юун гурвын даваанд амлуулах, зааланд нэг удаа туг тойроод үзчих юмсан л гэсэн хүсэлтэй байлаа шүү дээ.

-Үндэсний бөхөөс гадна спортоор хичээллэдэг үү?

-Одоо чөлөөт бөхийн бэлтгэл хийж байгаа. Мөн самбо, жүдогоор хичээллэж 2010 онд залуучуудын улсын аварга болж байсан.

-Та хүүхэд байхдаа хэн шиг бөх болохыг мөрөөддөг байсан бэ?

-Улсын аварга Д.Сумьяабазар, улсын гарьд Б.Гантогтох нарыг шүтдэг байлаа. Барилдаануудыг нь үзээд энэ хоёр шиг л бөх болохыг мөрөөднө. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахаас л үлгэр дуурайл авч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай Хуягаа ах бэлтгэлийг их гоё чин сэтгэлээсээ хийдэг хүн.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Ирээдүйн зорилго гэвэл эхний ээлжинд цолоо баталмаар байна. Цаашлаад заан болоод, төрийн наадамдаа түрүүлнэ л гэсэн зорилго тавьж байна даа.

-Өөр шиг чинь цолд хүрэх гээд хөдөлмөрлөөд явж байгаа олон залуучууд байгаа. Тэдэнд хандаж юу зөвлөх вэ?

-Мэдээж хүн зөв байх ёстой. Тэгээд бэлтгэл сургуулилтаа зөв системтэй сайн хийж зорилгоосоо шантрахгүй байвал цолонд хүрнэ дээ. Аливаа зүйлд тууштай байж, зорьсон зорилгынхоо төлөө шантрахгүй зүтгэх нь чухал. Хэн сайн хөдөлмөрлөж зүтгэнэ, тэр хүнийг монгол бөхийн дэвжээ ивээдэг гэдэг.

-Харцага гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр, охины хамт амьдардаг. Мөн гэргий маань бие давхар. Ирэх есдүгээр сард төрнө. Шинэ цолонд хүрснийхээ дараа манайх гэдэг айл шинэ хүн хүлээж авна. Бөхчүүд өдрийн ихэнх цагийг бэлтгэл сургуулилтад зориулдаг. Тэр болгонд ар гэрийн ажил орхигдоно. Энэ бүхнийг зохицуулдаг ханьдаа их баярладаг.

Энэ завшааныг ашиглаад төрүүлж өсгөсөн ээж аав, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн олондоо үргэлж дэмждэгт баярлаж явдаг. Мөн Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хорооны хамт олон болон ангийн захирагч Баясгалан хурандаа, Цог-Эрдэнэ хурандаа, Балдан-Очир хурандаа нарт талархаж буйгаа дамжуулъя. Намайг дэмждэг “Контейнер хаус” компанийн захирал Э.Баярцэнгэл болон Д.Пүрэвсүрэн, Б.Адьяахүү нарын начингууд, Ч.Дамдиншарав багш нартаа баярладгаа илэрхийлье.

О.Дашням