Монгол: Хар тамхины хар зах боллоо /2-р хэсэг/
2016/08/06
Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар хар тамхитай холбоотой 43 гэмт хэрэгт 130 хүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан нь 2015 оны хагас жилийн үзүүлэлтгэй харьцуулахад 75 хувиар өсч хууль хяналтынхныг гайхашруулж байна.
Бид өмнөх дугаартаа хар тамхи урагт хэрхэн нөлөөлдөг тухай зураг, хар тамхины хууль бус наймаа хэрхэн, яаж үнэлэгдэж цэцэглэж байгаа тухай мэдээллийг дурдсан. Ёсзүйн хувьд зохимжгүй байсан бол уншигч танаас хүлцэл өчье. Гэхдээ цагаан тахлын бодит нөхцөл байдал Монголд ийм хэмжээнд тулж ирснийг бид зөөлрүүлж, өнгөц илээд өнгөрч болохгүй.
Шийдвэр гаргагчид бодит байдлыг мэдээгүй, хараагүй учраас өнөөг хүртэл манайд хар тамхитай тууштай тэмцэж чадахгүй байгаа юм. Гэрлийн хурдаар өсч буй энэ гэмт хэргийн холбогдогчид хар тамхийг хадгалсан, бусдад дамжуулсан, худалдаж борлуулсан гээд гурван зүйл ангиар л буруутгагддаг. Харин тэдний ард хэчнээн хэрэглэгч байдаг, өсөлт бууралт ямар байгаа эсэхэд хяналт тавьдаг төрийн ажиллагаа Монголд байхгүй.
Өргөн хүрээг хамруулсан хамгийн сүүлийн судалгааг 2011 онд Хуульзүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад улсын хэмжээнд найман аймаг, зургаан дүүргийн 3018 сурагчийн дунд хийж байжээ.
Уг судалгаанд хамрагдсан сурагчдын 12.1 хувь нь ойр орчимдоо хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй ба 3.3 хувь нь өөрсдөө хэрэглэдэг гэсэн байна. Энэ судалгааны дүнг Монгол Улсын 2754685 /2011 оны байдлаар/ хүн амтай харьцуулж үзвэл 90362 хүн хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэсэн тооцооллыг албаны хүмүүс гаргажээ.
Бүр таван жилийн өмнө ийм олон тооны хүн цагаан тахалд өртсөн байх магадлалтай байж шүү дээ. Энэ бол яах аргагүй аюулын харанга дэлдэж буйн нотолгоо.
Тэгвэл одоо энэ тоо хэр “үржсэнийг” тодруулахаар улсын хэмжээнд хар тамхитай тэмцэх бодлогыг зангидах ёстой Хуульзүйн яамны холбогдох мэргэжилтэнтэй уулзахад "Энэ талаар судалгаа, мэдээлэл байхгүй. Ер нь ийм бүртгэл, судалгааг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Цаашид хийнэ” гэсэн хариултыг өгсөн юм.
Бид ийм “агуу” төлөвлөгөөтэй суух зуур өнөөх 90362 хэрэглэгч таван жилийн дотор хэр өссөнийг нийслэлийн баар, цэнгээний газруудаас өлхөн харна. Төвийн дүүргүүдийн шөнийн клубууд бол мансуурлын “хар зах” болсныг цагдаа, төрийн бус байгууллага, хэрэглэгчид өөрсдөө ч батлан ярьсан билээ. Нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар шөнийн цэнгээний 270 газар, 380 караоке үйл ажиллагаа явуулж байв.
Тэдгээрт залуучууд, голдуу охид, эмэгтэйчүүд мансуурдаг байна. Тэдний гол хэрэглээ “ice” буюу “мөс” гэх бодис болсныг бид өмнөх дугаартаа онцолсон. Энэхүү цагаан тахлын хэрэглээ сургуулийн насны хүүхдүүдийн дунд огцом өсч, баян чинээлэг айлын хүүхдүүд голдуу хэрэглэдэг байсан бол нийгмийн давхарга харгалзахгүйгээр холбогддог болсныг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс гаргасан судалгаанд онцолжээ.
Тус судалгаанд “...2013, 2014 онд хар тамхи, мансууруулах бодисыг ихэвчлэн сургалтын төлбөр өндөр, улсын тэргүүний гэх тодотголтой сургуулийн сурагчид хэрэглэдэг байсан бол 2015 оны судалгаагаар нййгмийн давхарга харгалзахгүйгээр уг гэмт хэрэгт холбогддог болсон” гэсэн байна.
“Мөс” гэх энэ бодис залуучуудын дунд яагаад ийм өргөн хүрээтэй хэрэглэгддэг болсныг судалж үзвэл донтуулах төвшин хамгийн өндөр, нэгэнт орсон бол гарах боломжгүй, үнэ өртгийн хувьд өндөр учраас хамгийн ашигтай наймаа, том бизнес гэлцэж байна.
Элэг нэгтнүүдээ мөхөл рүү түлхсэн сувьдаг шунахай сэтгэлтнүүд бүлэг болон нэгдэж хар тамхины хар захыг “ажиллуулдаг” ажээ. БНХАУ-аас оруулж ирж, түүнийгээ худалдан борлуулдаг тэд жирийн ажилтан, эсвэл өнөө маргаашийнхаа хоол, унааны мөнгөний хэрэгцээг хангах гэсэн ажилгүй нэгэн биш.Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай эрхмүүд энэ бизнесийг удирдаж, ашиг хүртдэг гэж байна.
“Мөсийг БНХАУ-аас оруулж ирдэг. Томоохон эрх мэдэлтэй, албаны, дипломат паспорттой хүмүүс оруулж ирж бусдад худалдаалдаг” гэж хэрэглэгч байсан охин ярьсан бол “Хар тамхины хууль бус наймааны ард үнэхээр том бизнес явж байна. Тэд эрх мэдэл, хөрөнгөтэй учраас илрэхгүй, таслан зогсоохгүй байна. Уг нь тэдгээр худалдаалдаг хүмүүсийг барьчихвал хэрэглээ хумигдана” хэмээн Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр ярьсан юм.
Үүнийг батлах тохиолдол олон нийтэд ил болж байсан билээ. Дипломат ажилтан хар тамхи зөөсөн хэргээр саатуулагдаж байсан бол хууль хяналтынхан ч өөрсдөө энэ хэрэгт сүлбээтэйг харуулсан жишээ прокурор Х.Тамирын хэрэг юм.
Үүнээс гадна олон түмэнд, тэр дундаа залууст үлгэр дууриалал болох ёстой олны танил эрхмүүд хар тамхитай “нөхөрлөсөн” явдал манай улсад цөөнгүй. Зарим нь эхнээсээ ял авч, эрүүгийн хэрэгт холбогдон саатуулагдсан ч урлагийнхны дунд хар тамхины хэрэглээ бүр өргөн дэлгэр болсныг зарим эх сурвалж тэмдэглэж байлаа.
Мансууруулах төрлийн бодисуудаас аюул учруулж буй бас нэгэн төрөл нь морфин. Морфиныг олон жил тарьж хэрэглэснээс болж нэг хэрэглэгч дөрвөн сарын өмнө амиа алджээ.
1988 оноос хойш хэрэглэж байгаа хэрэглэгч “Анх осолд ороод эмнэлэгт хэвтээд өвчин намдаахын тулд морфин тариулж эхэлсэн. Гэтэл сүүлдээ донтчихсон. Эхлээд эм тариа хэрэгтэй гэж ар гэр, ах дүүгээс гуйна. Сүүлдээ худал хэлж, хулгай хийхээс аргагүй байдалд хүрдэг юм билээ. Донтолтоос болж ах нь хамаг амьдралаа алдсан. Байраа зарж, эхнэрээсээ салсан. Хүүхдүүд маань ч надаас холдсон. Морфин хэрэглэдэг болсноор ажиллах ч чадваргүй болсон. Надад одоо эрүүл саруул эрхтэн бараг байхгүй. Морфинд над шиг эрүүл мэндийн шалтгаанаар, зарим нь сонирхож орох тохиолдол элбэг. Харамсалтай нь ингэж сонирхох эд биш ээ. Үүнийг л сайн захья. Мансууруулах бодис амьдралыг чинь үрэн таран хийхээс өөр ямар ч ашиггүй" гэсэн юм.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгт хандах морфинд донтогсдын тоо жил ирэх тусам нэмэгджээ. 1999 онд анхны үйлчлүүлэгчдээ зөвлөгөө, тусламж үзүүлж байсан бол өнгөрсөн онд 177 хүн хандсан байна.
Монголыг жийрэг болгосон хоёр гүрэн дэлхий дээрх хар тамхины хамгийн том зах зээлтэй орнуудын нэг. Хамгийн сүүлийн албаныхны мэдээгээр БНХАУ 50 сая хэрэглэгчтэй. Жилд 770000 гэмт хэрэгт 910000 хүн холбогддог.
Тэгвэл ОХУ-д тухайлбал, Хиагт, Наушкад жилд бүртгэгддэг гэмт хэргийн 50-60 хувь нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлдэг аж. Ийм том хоёр зах зээл Монголыг хүрээлж байхад бид дүлий дүмбэ оргиод, гарын 10 хурууд багтахгүй хэдэн цагдааг нохойд барьдаг мод болгочихоод суусаар байх уу.
Ядуу буурай, цөөхөн хүн амтай манай улсын залуусын дунд хар тамхи яагаад ингэж өргөн дэлгэр тархсаар байна вэ. Гаалийн хяналт шалгалт хангалтгүйгээс хар тамхи, мансууруулах бодисын наймаа, эргэлт цэцэглэж байна гэж албаны хэд, хэдэн эх сурвалж онцолсон.
Энэ хэрэгтэй тэмцэх цагдаагийн хүч хангалтгүй, бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй, хэрэглэгчдийг гаргах эмчилгээгүй, эрхзүйн орчин ч үгүй гэж уулзсан болгон ам тагласан юм. Тэдний эдгээр хариулт бүгд зөв. Нэг ёсондоо хар тамхитай тэмцэх бодлого алдагдсанаас энэ бүх хариулт эрсэн асуултууд ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Харин эдгээр асуултын эзэд ингэж хариулж байна.
Үргэлжлэл бий.
Түрүүч нь № 151 \5337\ Б.ЭНХЗАЯА