АТГ-ынхан өнгөрсөн баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орж байцаалт өгөхийг шаардсан нь олон нийтийг сэрдхийлгэж түгшээлээ. Нийтдээ 30 гаруй хүн тус намын байранд ирсэн. Түүнээс 10 гаруй хүн Н.Энхбаярын өрөөнд дайран орж дотроос нь түгжин нэг цаг орчим байсан.

 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч АТГ-ынхан тэднийг болон өмгөөлөгчийг оруулаагүй. “Бид ажлаа хийж байна” хэмээн намын гишүүдийг ч, хэвлэл мэдээллийнхнийг ч түлхэн эмх замбараагүй байдал үүсгэж байв.

 

МАХН-ын гишүүд: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС УРЬТАН ДАРГЫГ БАРИВЧЛАХ НЬ

 

АТГ-ын 10 гаруй хүн МАХН-ын даргын өрөөнд орж дотроос нь түгжиж нэлээд удсаны эцэст гарч ирсэн. Энэ үеэр тэнд очсон хэвлэл, мэдээллийнхэн тус намын дарга Н.Энхбаяраас юу болсныг тодруулсан юм.

 

Тэрээр “АТГ дайрсан, түрэмгийлсэн, хүний эрхийг уландаа гишгэсэн хэвээр байна. Өнөөдөр Хуримын ордон ачаалалтай байлаа. Мөн хэвлэлийнхэн байгаа учраас намайг баривчлах бохир ажиллагаагаа хийж чадсангүй. Миний өрөөнд байсан хүмүүс утсаар байн байн “Орж болохгүй байна уу” гээд л яриад байсан. Магадгүй ийм олон камерын өмнө би сүүлийн удаа яриа өгч байж ч мэднэ. Гэхдээ би айхгүй” гэж байв.

 

Мөн АТГ-ынхан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба болон МАХН-ын төв байр, өмгөөлөгчтөй холбоотой асуудлаар баривчлах, байцаалт авах зорилгоор ирснийг хэлээд “Г.Шийлэгдамбын өгсөн мэдүүлэгт үндэслэн надад ял тулгаж байна. Яагаад намын нэг хүн асуудалд ороход би хариуцлагыг нь хүлээх ёстой юм бэ. Тэр 50 мянган ам.доллар надад ямар ч хамаагүй. Намын байрыг залилж авсан гэж байна. Миний нэг ч гарын үсэг байхгүй. Ийм нотлох баримтгүй зүйлүүдэд үндэслэн миний эрхэнд халдаж байна” гэсэн юм.

 

МАХН-ын гишүүд, дэмжигчид “Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж өрсөлдөгчдийн зүгээс хууль хүчнийхнээр дамжуулан манай намын даргыг баривчлахаар улайрч эхэллээ. Н.Энхбаяр дарга бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч шүү дээ” гэцгээж байлаа.

 

АТГ: МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСЭЭС БАЙЦААХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

 

Авлигатай тэмцэх газраас баасан гаригийн орой буюу 18.30 цагт хийсэн хэвлэлийн хурлаар мэдээлэхдээ “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн” гэв.

 

АТГ МАХН-ЫН БАЙРЫГ ХУУЛЬ БУСААР ШАЛГАЖ БАЙГААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙВ

 

МАХН-ын байрны асуудал тус намыг даргынх нь хамтаар улс төрийн сонгуульд оролцуулахгүйн тулд эхлүүлсэн зохиомол хэрэг гэж гишүүд, дэмжигчид нь нэлээд эртнээс байр сууриа илэрхийлж ирсэн.

 

АТГ хэвлэлийн хурал хийхээрээ хуулийн дагуу шалгаж байгаа гэсэн хариултыг сэтгүүлчдэд өгдөг. Хөндлөнгөөс ажигласан мэргэжлийн хуульчид АТГ харъяаллын бус асуудлаар нэг талыг барьж шалгаж байгаа нь хардлага төрүүлж байна хэмээн дүгнэдэг. Тэгвэл хэн нь үнэн яриад байгааг өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын дундуур болсон үйл явдал нотлон харуулсан билээ.

 

Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж батлахад гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авсан.

 

УИХ-ын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар “МАХН-ын байрны асуудлыг цагдаагийнхан жил гаруй шалгаад шилжүүлсэн. АТГ хэргийг татаж аваад мөн жил гаруй хугацаа өнгөрлөө. Хоёр компани хоорондоо гэрээ хийж өгч авалцсан. 2011 онд гэрээ зурж, байрны үнэ болох 500 мянган ам.долларыг шилжүүлсэн баланк нь энэ байна.

 

Хоёр талын гэрээ, маргааныг иргэний шүүхээр шийддэг. Гэтэл цагдаа шалгаад, АТГ-т шилжүүлээд жил тойрч байна. Энэ мөрдөж дуусдаггүй тийм мундаг хэрэг үү” хэмээн асуусан.

 

Н.Ганболд “Намын байрны асуудлаар цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж, Улсын прокуророос харъяалал тогтоогоод өгчихөөр бид эсэргүүцэх аргагүй. Таны хэлдэг үнэн л дээ. Прокурортой маргах хэцүү, тэгээд хүлээж авсан” гэж байв. Түүний үгнээс АТГ харъяаллын бус хэргийг дээрээс шууд тулгаснаар хүлээж авч мөрдөн шалгаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан.

 

МАХН-ын гишүүд хэлэхдээ “Бид тус байрыг түрээслэдэг болохоос өмчилдөггүй. Хоёр компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдсан асуудал. Нөгөөтэйгүүр, хоёр тал наймаа хийсэн бол гэрээ хийж, төлбөрөө барагдуулснаар асуудал дуусгавар болдог зарчимтай. Тухайн компани нь гэрээ зурсан өдрөө төлбөрөө төлсөн баримт нь байна” гэж хэлдэг.

 

Хуулийн этгээдүүдийн хооронд гэрээний дагуу болсон харилцааг яагаад Н.Энхбаяр, түүний намд хамаатуулсан нь 2016 оны сонгуулийн угтал байсан бол улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн өрсөлдөгчөө дарах гэсэн оролдлого гэдэг нь өрнөж буй үйл явдлуудаас ийнхүү тодорхой болж байх шиг.

 

Баримт 1:

 

МАХН-ын түрээслэж буй цагаан байрны гэрээний тухайд нэг талаас Империал Голд ХХК, түүнийг төлөөлж Мечкарев, нөгөө талаас Эскон ХХК, түүнийг төлөөлж Н.Цэнгэл нар байгуулсан байдаг. Хоёр тал ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд, гэрээнд зааснаар аливаа маргааныг Монгол Улсын иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор шийдвэрлэх хуулийн заалттай.

 

Хуулийн дагуу гэрээнд заасан төлбөрийг хийснээр гэрээ дуусгавар болсон гэж үзвэл МАХН-ын байрны тухайд гэрээнд заасан төлбөр болох 500 мянган амдолларыг 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд шилжүүлсэн баримт байна.

 

Баримт 2:

 

Намын байрны асуудлаар үнэхээр маргаан гараад шалгалаа гэхэд тэр нь АТГ-ын бус харъяаллын дагуу иргэний шүүхээр асуудлыг авч үзэж шалгах ёстой. Гэтэл “Хуулийг завхруулж иргэний маргаанийг эрүүгийн хэрэг болгож АТГ шалгах нь хэний захиалга вэ”, АТГ шударга ёсонд нийцэж ажилладаг уу, улс төрийн харъяаллаар үйлчилдэг үү гэсэн асуулт байна.

 

Т.САЙХАН,

Ч.ЗОТОЛ