-“Капитал” банкны  зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгийн явуулсан “Ам.метр тутмыг нь 1.8 саяар тооцоод, байраа дахиж худалдаж ав” гэсэн утга бүхий цахим шуудан нь надад байгаа- 

“Капитал” банкны удирдлагууд өнгөрсөн онд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 80 хүнд орон сууцны зээл өгсөн. Гэвч жилийн дараа буюу энэ оны эхээр анх байгуулж байсан гэрээгээ дур мэдэн цуцалж, байрны ам.метр тутмын үнийг нэмж зарахаар дайрсан, ажилчдаа хохироосон тухай манай сонин мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар тус банкны  Хүний нөөцийн ахлах ажилтнаар ажиллаж байсан Т.Ганчимэгтэй  ярилцлаа.  

-“Капитал” банк ажилч­дын­хаа нийгмийн асуудлыг ший­дэж байна гэсэн нэрийн дор олон хүнд орон сууцны зээл өгчихөөд одоо болохоор хууль зөрчин гэрээгээ цу­цалж, үнээ нэмж байгаа гэ­сэн асуудал гарсан.  Харин та банктай шүүхдэлцээд, эх­ний ээлжинд ялаад байгаа шүү дээ.  Яг ямар асуудал өрнөөд байгааг ярихгүй юу?

-Миний хувьд “Капитал” банкинд ажиллаж байгаад 2013 оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан. Гарах үедээ орон сууцны зээлтэй байсан. Хөнгөлөлттэй нөхцлийн зээл гэж хэлээд байгаа орон сууцны зээлийг нь авчихсан байсан юм. Гарах үедээ банкны дотоод журам дээр тусгагдсаны дагуу бүгдийг хийхээр дарга нартаа өргөдөл өгсөн. Орон сууцны зээлээ харилцагчийн нөхцөл рүү шилжүүлье, зөрүү мөнгө авна гэж байсныг нь өгье гэсэн. Мөн зээлийн гэрээн дээр тусгагдсанаар бол ам.метр тутам дээр 150 мянган төгрөг нэмэгдсэн байсан.

Түүнийг нь тооцож өгье гээд нийтдээ 10 орчим сая төгрөг бэлнээр өгөөд, ажлаас гарсан өдрөөсөө эхлээд харилцагчийн нөхцөл рүү шилжих хүсэлтээ удаа дараа гүйцэтгэх захирал А.Ариунболд, зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг, тусгай активын мэргэжилтэн н.Баяраа нарт бичгээр өгсөн. Мөн амаар ч удаа дараа хэлж байсан ч шийдвэрлэх талаас нь ажлаагүй.    Гэтэл намайг ажиллаас гарсаны дараа ажлын тав хоногт багтааж байрнаасаа гар, наад орон сууц чинь манай өмч, тиймээс чөлөөл гэсэн утгатай албан бичиг ирсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд тэгж чадахгүй нь ээ, хуулийн дагуу бол тийм асуудал гаргаж болохгүй. Хүний байрыг хүчээр булааж авах гэж байгаагаас ялгаагүй байна. Би та нарын нэхэж байгаа мөнгийг чинь өгье гэсэн. Гэтэл дахиад гурав хоногийн дараа байрнаас гар гэсэн албан бичиг ирсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй.

Түүнээс үүдээд  манай байрны тогийг тасалсан.  Би бүтэн сарын турш гэрэл цахилгаангүй, лаа асааж, хийн зуухан дээр хоол, цайгаа хийж идсэн.  Эцэст нь  барилгын компанид нь болон “Капитал” банкинд  яаралтай цахилгаан залгаж өг, энэ арай хэтэрч байна гэж хандсан ч огт авч хэлэлцээгүй.  Тэгэхээр нь  мэргэжлийн хяналтын бай­гуул­лагад мэдэгдсэн. Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч нь миний гомдлын дагуу очиж шалгасан.

Улсын комисс хүлээж аваагүй, оршин суугчийн цахилгааныг дур мэдэн тасалсан гэж үзэж тухайн барилгын компанид тодорхой хэмжээний акт тавьж, яаралтай тог залгаж өгсөн. Ингээд байж байтал өнгөрсөн тавдугаар сард намайг Хан-Уул дүүргийн шүүхэд дуудсан. Би хариуцагч тал болоод очсон. Шүүхэд өгсөн нэхэмжлэл дээрээ “Энэ хүн манай банкинд ажиллахаа болиод, гарсан. Бид ажилчиддаа зээл өгч байсан. Гэтэл энэ хүн ажлаас гарсан учраас манайх орон байрнаас нь хөөж гаргана. Хууль бус оршин суугч” гэсэн утгатай зүйл бичсэн  байсан. Тэгээд шүүх хурал долдугаар сард болж, тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгсөн.  Хэдийгээр шүүх ийм шийдвэр гаргасан ч тэд давж заалдах эрхтэй байсан.

-Тэгээд давж заалдсан юм уу?

-Үгүй, давж заалдаагүй.   Эх­лээд шүүхэд өгөхдөө барилгын ком­панитайгаа хамтарсан. Харин давж заалдахдаа  барилгын компаниа хасаад, тухайн байр дан ганц “Капитал” банкны өмч юм шигээр шүүхэд өгсөн. Шүүх хурлын материал дотор байрны гэрчилгээг “Капитал” банкны нэр дээр гаргаад хавсаргасан байсан. Үндсэндээ өөрсдийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргасан хэрэг. 

Түүнийхээ дараа    байр одоо манайх болсон,  энэ хүн манай байранд амьдарч байгаа учраас гаргаж өг гэсэн нэхэмжлэл өгсөн байгаа байхгүй юу.  Уг нь тухайн орон сууц маань 2012 оны аравдугаар сард ашиглалтад орсон. Гэтэл зээлээр авсан байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаад, банк түүнийг барьцаа хөрөнгөөр авах байтал өөрийнхөө нэр дээр гаргачихсан байгаа юм. Дараа оных нь долдугаар сард байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан.  Бүхэл бүтэн есөн сарын хугацаанд тэр банк яасан байх вэ. Энэ бол бодлогын чанартай, хүмүүсийг байрнаас нь хөөн зайлуулах ажлыг явуулж байна гэж үзээд байгаа юм.  Тиймээс би  Үл хөдлөх хөрөнгийн газарт гомдол гаргасан.

Мөн Хан-Уул  дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн.   Би зээл авсан, барилгын компани надад байраа зарсан гэрээ нь байна. Тийм байхад “Капитал” банк дундаас нь хуурамч материал бүрдүүлсэн гэж хэлж болохоор замаар байрны маань гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гарсан. Барилгын компанитай үгсэн хуйвалдаж, намайг байрнаас минь хөөж гаргах гэж байгаа юм.  Тиймээс би сөрөг нэхэмжлэл гаргасан, бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Ямар үндэслэлээр энэ хүмүүс надад ингэж хандаж байна вэ гэдгийг нэхэмжлэх дээрээ биччихсэн байгаа.
 
-Таны бүх дансыг хаасан гэл үү?

-“Капитал” банкны зүгээс нэхэмжлэх гаргаж, шүүхдэлцэж байх зуур буюу  7-8 дугаар сарын хооронд ямар процесс болсон бэ гэдгийг би яръя.   Юуны өмнө “Капитал” банк миний зээлийг хаачихсан байсан.  Бүтэн жилийн хугацаанд зүгээр л төлөөд явж байсан миний зээлийг хаанаасаа  ч юм мөнгө гаргаад  хаачихсан. Монголбанкны зээлийн мэдээл­лийн лавлагаанаас харахад, би зээлээ төлчихсөн гэж гарч ирж байгаа юм. Дээрээс нь миний дансыг хаахаас гадна картын болон хадгаламжийн дансыг хаасан.  Ер нь л надтай холбоотой бүх дансыг хаачихсан байгаа.   Хэдийгээр би ажлаасаа гарсан ч гэсэн харилцагч болж байгаа учраас карт ашиглах эрхтэй шүү дээ. Гэтэл ямар ч шүүхийн шийдвэр, цагдаагийн бичиггүйгээр миний картын дансыг хааж байгаа юм. Тэгэхээр нь би зөрүүлээд Монголбанкнд гомдол гаргасан. Харилцагчийн хувьд би “Капитал” банкны зээлдэгч, карт эзэмшигч, хадгаламж эзэмшигч. Гэтэл тэр банк ямар ч үндэслэлгүй хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн.  Тиймээс би Монголбанкнд гомдол гаргачихсан байгаа.

-Байрны үнэ нэмж байгаа асуудлыг дэлгэрүүлж яриач. Хэдэн төгрөгөөр гэрээ хий­чихээд хэд болгож өөрчил­сөн гээд?

-Өнөөдөр “Капитал” банк бизнесийн үйл ажиллагаа хийж байна. Байрны үнэ нэмсэн гэдэг маань тухайн орон сууцыг аваад, дээрээс нь мөнгө нэмж зарж байгаа хэрэг шүү дээ. Банкны тухай хууль дээр банк ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэдгийг цагаан дээр хараар бичсэн байгаа. Тэр хуулийг ноцтойгоор зөрчсөн гэсэн үг.

Тиймээс энэ асуудал дээр Монголбанкнаас ч тэр, шүүхээс ч тэр арга хэмжээ авах л ёстой. Байрны үнийн асуудал дээр ярихад миний асуудал арай өөр. Би ажлаасаа гарсан, түүний дараа дээр дурьдсан асуудлууд үүссэн. Харин одоо банкинд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ам.метр тутам дээр нь 450 мянган төгрөг нэмж байгаа юм. Надад ч гэсэн тийм нөхцөл тавьж байсан. Жилийн өмнө би тэр байрыг ам.метрийг нь сая 350 мянган төгрөгөөр тооцож авсан.

Гэтэл намайг ажлаас гарсны дараа дөрөвдүгээр сард чи наад байраа ам.метрийг нь 1.8 сая төгрөгөөр худалдаж аваад, дахиж зээл үүсгэ гэж байгаа юм. Жилийн өмнө худалдаж авсан байрыг минь дахиж надад зах зээлийн үнээр зарах гэж зүтгэж байна гэсэн үг.  Надад “Капитал” банкны  зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгийн явуулсан “Ам.метр тутмыг нь 1.8 саяар тооцоод, байраа дахиж худалдаж ав” гэсэн утга бүхий цахим шуудан нь байгаа.  Түүнээс гадна өнгөрсөн жил 80 гаруй ажилтанд орон сууцны зээл өгсөн. Түүнээс байрыг нь хураасан тодорхой хэдэн хүн бий. Нэр усыг нь шаардлагатай гэвэл хэлж, бүр тэр хүмүүсийг авчирч уулзуулсан ч болно.  80 гаруй ажилтнаас 10-аад хүний байрыг хураагаад авчихсан. Тэгээд  70 гаруй ажилтанд  үнэ нэмж зарах гэж байгаа юм. Тэгэхээр нийтдээ хэдэн төгрөг болох билээ. Ямар үйл явдал өрнөөд байна вэ гэдэг нь илэрхий байгаа.

-Энэ асуудлаас үүдээд таны бичиг баримтыг өгөхгүй байгаа юм уу?

-Олон асуудал байгаа. Зах зухаас нь ярихад  “Капитал” банк ажилтан болгоноосоо цалингийн 10 хувийг эрсдэлийн мөнгөн сан гэж авдаг.  Хууль журамд байгууллага ажилтны үндсэн цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл авна гээд заачихсан байхад тухайн байгууллага дур мэдээд 10 хувийн шимтгэл авч байгаа юм. Би ажиллаж байх хугацаандаа 800 гаруй мянган төгрөгийг эрсдэлийн мөнгөн сандаа хуримтлуулсан байсан. Гэтэл тэр дунд хүчээр нэг цамц шахах замаар суутгадаг. Энэ маягаар суутгуулсаар миний эсрдэлийн сангийн мөнгө 730 мянган төгрөг болсон. Одоо энэ мөнгө байгаа.

Гэтэл ажлаас гарахдаа энэ мөнгөө авъя гэхэд өгөхгүй гэсэн. Түүнээс гадна миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өгөхгүй гэж байгаа юм. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг барьцаалж болдог гээд “Капитал” банк ойлгочихож. Шүүхэд,  энэ хүн манай дээр байрны асуудалтай учраас бид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эрсдэлийн мөнгөн санг нь өгөхгүй гэсэн тайлбар өгсөн байна билээ.  Би Монгол Улсын иргэн хүн. Хөдөлмөрлөх эрхтэй. Тиймээс би иргэний эрхээ эдэлмээр байна. Би өнөөдөр хөдөлмөрлөж байгаа юм чинь тодорхой хэмжээнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгө төлж байгаа. Гэхдээ зөрүүлээд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн гэдгийг батлах дэвтрээ барьж очиж байж би эмнэлэгт хэвтэнэ.

Гэх мэтээр иргэний эрхээ эдлэх эрх надад бий. Гэтэл “Капитал” банкны удирдлагууд миний иргэний эрхийг хааж байгаа юм. Мөн хүний хөдөлмөрлөх эрхийг хааж байна. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Энэ асуудлаар би Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байгаа. Яг надтай адилхан хохирчихсон Бэх-Очир гэдэг хүн байгаа. Мөн л нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эрсдэлийн мөнгөн сангаа авах гээд чадахгүй байгаа юм. Дээрээс нь үндэслэлгүй халсан гэх шалтгаанаар “Капитал” банкийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчихсөн байгаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд