Татварын байцаагч хоёр бүсгүй гэр бүлийн асуудал, хардалтаас болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2нд шилжих шөнө гарсан юм.

Уг хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч аравдугаар сарын 11-нийг хүртэл хойшиллоо. Учир нь сэжигтэн Ц.Туяагийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргажээ.

Хэргийг эргэн сөхвөл, сэжигтэн Ц.Туяа нь хохирогчийг гэрийнх нь үүдэнд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцонд хоёр удаа хутгалж, 70 гаруй удаа хутгаар сийчэн хөнөөсөн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Тэрээр анхны байцаалт өгөхдөө “Би жирэмсний амралтаа аваад гэртээ хоёр настай хүүгээ асардаг байсан. Гэтэл нөхөр маань талийгаачтай уулздаг болсон гэх сураг байнга дуулдах болж, сүүлдээ энэ нь бидний амьдралд нөлөөлж эхэлсэн. Би тэр эмэгтэйтэй уулзаж ярилцахыг удаа дараа хүссэн. Гэвч Э- нь надтай уулзаагүй. Тэгээд архи уусан үедээ гэрийнх нь үүдэнд очсон уулзснаас хойш яг юу болсныг санахгүй байгаа, нэг ухаан ороод харахад миний гар цусанд хутгалдсан байсан” хэмээн мэдүүлэгээ өгсөн байдаг.

Ц.Туяа нь байцаалтын явцад сэжигтэн ийнхүү хэргээ хүлээж, хутганаас түүний гарын хээ олдсон тул цагдаагийнхан Ц.Туяад өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 912.2, 3 болон 91.2.12 дүгээр зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээс нотлогдвол 15-20 жилийн хорих ял сонсох бололтой.

Х.Даваа