Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн аав А.Доржсүрэн: Би охиноо чадна гэдэгт итгэж байсан
2016/08/10
Т.БАТСАЙХАН
Монголын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, бид хүн төрөлхтний олимпийн наадмын эмэгтэйчүүдийн жүдогийн төрлөөс анхны мөнгөн медалиа хүртлээ. Хүн бүрийн сэтгэл огшиж, нүдэнд нь баяр, бахархлын нулимс мэлтэгнэсэн тийм л өдрүүд үргэлжилж байна. Энэ бахархалтай түүхийг Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа 25-хан насандаа бүтээж чадлаа. Тэрээр Риогийн олимпийн дэвжээнээ Голландын тамирчин В.Санне, Португалийн Телма Монтейо, Лондонгийн Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмог ялж, Чингисийн Монголын охин гэдгээ дэлхий дахинд тунхаглан харуулсан. Монголын ард түмэн нь түүний амжилтаар бахархаж байгаа энэ цаг үед бид Д.Сумъяагийн аав А.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Охин тань Риогийн тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулж чадлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүйюу?
-Бид Увс аймгийн Баруунтуруунд охиныхоо төрсөн газар халуун ам бүлээрээ ирж тэмцээнээ үзлээ. Нутаг усандаа залбирч суулаа. Охиноороо бахархаж, огшиж, нүдэндээ баярын нулимстай тэмцээнийг дуусгалаа. Монгол түмэн маань ч аавын сэтгэлээс ялгарахааргүй дэмжсэн байх. Д.Сумъяагийн өвөө эмээ хоёр нь өндөр настай буурлууд бий. Тэд маань баярлан уйлж байлаа. Нутгийн олон маань ч манайд цуглаад бид шөнө бараг унтсангүй одоо баяраа нижгэр эхлүүлээд байж байна.
Олимпийн дэвжээнээ Голландын тамирчин В.Санне, Португалийн Телма Монтейо, Лондонгийн Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмог ялж мөнгөн медаль хүртлээ.
-Д.Сумъяатай холбоо барьсан уу. Их л баярлаж байгаа даа?
-Одоохондоо яриагүй байгаа. Охиныхоо сэтгэлийн хөдөлгөөнийг телевизээр л харж суулаа. Энэ удаад би охиндоо итгэж байсан. Анх Лондонгийн олимпод яваад ирэхэд нь миний охинд маш том туршлага, сургамж боллоо доо гэж бодсон. Түүнээс хойш болсон Олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж байлаа. Бэлтгэл сургуулилтаа ч сайн хийсэн. Амжилтын төлөө сэтгэл гарган маш их хичээж байгааг нь хажуугаас нь харж суусан болохоор ямар ч гэсэн юм дуулгана гэж найдаж байлаа. Гэхдээ тэр үед охиндоо хэлж чадаагүй.
-Охин тань таны ч монгол түмнийхээ ч итгэлийг алдсангүй дээ?
-Тийм шүү. Миний охин Риогийн олимпийн медалийн салхийг сайхан хагаллаа. Одоо тамирчид маань сайхан амжилт үзүүлнэ биз ээ.
-Танайх бөхийн удамтай юу. Охиноо яагаад спортын хүн болгосон юм бэ?
-Манай ах дүү нарт бөхөд сонирхолтой хүн олон бий. Би ч багадаа чөлөөтөөр барилдаж байлаа. Охин маань зургадугаар ангийнхаа зуны амралтаар Увс явж амарсан. Тэгээд нэг л өдөр бөх болно гээд ирсэн. Ямар хүн болох вэ гэж эрэл хайгуул хийсээр яваад нутгаасаа олсон юм билээ. Гэр бүлийнхээ хүнтэй ярилцаад охиныхоо хүслийг хүндэтгэн “Монгол охид” клубт оруулж байсан даа. Тухайн үед Базарсүрэн багшид нь шавь оруулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, амжилтын гараагаа эхэлсэн. Ер нь миний охин багаасаа л бие бялдарын хөгжил сайтай, спортод элэгтэй нэгэн байсан.
-Д.Сумъяа ам бүл хэдүүлээ вэ. Танайх хотын айл уу?
- Би Увс аймгийн Баруунтуруун сумын хүн. Агротехник ч мэргэжилтэй. Одоо хотод нэгэн засварын газар ажиллаж байна. Бид нутагтаа амьдарч байгаад охиноо гуравдугаар анги төгссөн жил хотод шилжиж ирсэн. Ам бүл наймуулаа. Д.Сумъяа маань таван дүүгийн эгч юм шүү дээ. Дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Дүү нар нь сая барилдааныг нь үзэж их л сайхан дэмжиж байлаа. Эх орон, газар нутаг, ард түмэн аав ээж дүү нарынх нь буян миний охиныг түшлээ дээ.
Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийнх ам бүл наймуулаа. Тэрээр дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Айлын том нь юм.
-Та залуудаа чөлөөтөөр барилддаг байсан гэлээ. Тэр тань Д.Сумъяаг спортын хүн болоход нөлөөлсөнбайх?
-Тийм шүү. Ер нь манайхан их спортлог хүмүүс. Манай аав залуудаа сум орон нутагтаа барилддаг байсан гэсэн. Мөн ах, дүү нараас нь даншгийн наадамд зодоглодог лам нар хэд хэд бий. Гэхдээ том цолтой хүн байхгүй. Эхнэрийн маань удамд ч бөх хүн байсан гэдэг.
-Д.Сумъяагийн барилдааны онцлог нь юу вэ. Аавын хувьд юу гэж захьдаг вэ?
-Охиноо тэмцээндээ сайн төвлөрч барилдаарай, чимээгүй, тайван байхыг хичээгээрэй гэж хэлдэг. Багш нь мөн сайн зөвлөгч байна. Х.Эрдэнэт-Од маань зургаан жил миний охиныг дасгалжуулж байгаа. Олимпод явахынхаа өмнө надад “Охин тань нэг юм дуулгана байх аа” гэж хэлсэн. Багш нь үнэхээр сайн мэдсэн дээ.
Түүний эмээ өвөө нь барилдааныг нь нулимс мэлтэгнүүлэн үзэж суусан гэнэ.
Зочин · 2016/08/10
okay
Зочин · 2016/08/10
uneheer baharhaj baina